Гүржийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Жүдогийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвилиг албан тушаалаа өгөхгүй бол бэлтгэлдээ гарахгүй хэмээн ажил хаялт зарлаад байсан билээ.
Энэ асуудлыг Засгийн газар, Шүүхээс авч хэлэлцсэн ч Давид Кевхишвилиг халах үндэс байхгүй гэж үзсэн. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн жүдочид өнгөрсөн Пүрэв гарагт Холбооны байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, энэ нь эцэстээ зодоон, бүр сүүлдээ буудалцаан болж хувирчээ. Цагдаагийн газраас галт зэвсэг хэрэглэсэн жүдоч Ломер Жоржолианиг баривчлаад байна. 33 настай Жоржолиани олон жил Гүржийн жүдогийн холбоонд удирдах албан тушаал хашиж явсан хүн бөгөөд одоо идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Цагдаагийн газрын мэдээгээр Холбооны ерөнхийлөгчийн тал, сөрөг тал болон хуваагдсан жүдочид хоорондоо зодолдож байсан байна.
Энэ үеэр Давид Кевхишвилиг дэмжигч Ломер Жоржолиани гарбуу гарган буудаж, нэг хүнийг шархдуулсан гэнэ. Хэргийн газарт ерөнхийлөгч өөрөө байсан ч буун дуу дуугарангуут зугатсан аж. Энэ явдлын дараа Гүржийн залуучуудын шигшээ багийн тамирчид үндэсний шигшээ багийн ах нарынхаа ажил хаялтад нэгдсэн. Цуст явдлын дараа Гүржийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Давид Кевхишвили олон нийтийн сүлжээгээр дамжуулан, албан тушаалаа өгч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Би тамирчин, дасгалжуулагч, бөхийн хорхойтнууд, “жинхэнэ” жүдочдыг хүндэлдэг. Гэхдээ би огцрохоос өөр аргагүй боллоо. Бүх жүдочид хорон муу санаатнуудын хохирогч болохоос нь өмнө ажлаа өгнө” гэж мэдэгдсэн байна.