2018-06-05 12:541min058

Хүчирхийлэлд өртсөн охин багшдаа хандтал “янхан” гэж дуудаж доромжилжээ

dardas

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд өөрчлөлт оруулж чангатгасан боловч хаалттай хаалганы цаана үйлдэгдэх гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Ялангуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хөршийнхөн болоод сургуулийн багш нь туслалцаа үзүүлэх нь тэдний үүрэг. Ингэж хэлэхийн учир нь Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн нэгэн багш хүчирхийлэлд өртсөн сурагчдаа туслах нь бүү хэл хамт олонд нь зарлаж, хэл амаар доромжилж ёсзүйгүй авирласан байна.

Өсвөр насны 15 настай охинд төрсөн  эцэг нь удаа дараалан бэлгийн дарамт үзүүлж, зоддог байсан тул гэрээсээ зугтахад хүргэжээ. Сэтгэл санааны гүн хямралд орсон охин багшдаа хандсан боловч “Янхан”-аар нь дуудсан тухай охины эх ярьж  байв. Үүнээс болоод сургууль руугаа зүглэхийг ч хүсэхгүй болсон гэнэ.

Охины эх ярихдаа “Миний охиныг битгий гадуурхаарай. Төрсөн эцэг нь охиноо оролдож, зодохоор нь зугтсан юм. Манай гэрийн амьдрал хүнд болхоор чи битгий янз бүр аашлаарай гэж багшаас нь гуйсан. Энэ чинь сэхээтэн хүн шүү дээ. Над шиг 33 жил барилгаар явсан барилгачин биш. Намайг бодвол арай л илүү элит хүн байхгүй юу. Тийм учраас эмэгтэй хүн, эх хүн гэдэг үүднээс би найзархаж гэр бүлийн таагүй амьдралынхаа талаар учирлаж, гуйсан. Тухайн үед “Заза” гэх хариулт л өгсөн. Гэтэл хамт олноороо ярьж суугаад, миний охиныг яахаа алдсан янхан мэтээр хүүхдүүдэд ярьсан байна. Өнөөдөр би яахаа мэдэхгүй байгаа шиг миний охин хэнд хандаж, хаана очихоо мэдэхгүй орц хонгилд хонож, гар хөл нь сайртсан байдалтай явж байна. Гэтэл биеэ үнэлэх үү” гээд уйлж байв.

Гэр бүлийн таагүй уур амьсгал, хүнд хэцүү байдлын талаар багшид нь учирлаж, охин нь яагаад хичээлээ таслаад байгаа шалтааныг тайлбарлаж хамаг үнэнээ ярьсан эх эцэст нь “ам”-аа барьж сууна. Харин охины амьдралд арилашгүй хар толбо үлдээснээ ч мэдэхгүй ёсзүйн алдаа гаргасан багш ажилаа хийж, цалингаа аваад явж байна. Болсон хэргийн талаар сургуулийн зүгээс хариулт өгөхөөс татгалзжээ. Энэ асуудалд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Газрын нийгмийн хөгжлийн хэлтэс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгджээ.