Энэ сарын 3-ны өдрийн 14:30 цагт Булган аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 115 км-т) ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Энэхүү ойн түймрийн улмаас нийт 20 га орчим талбай шатжээ. Мөн энэ сарын 2-ны өдрийн 14:20 цагт Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Харгайтын хэрц” гэдэг газар (сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т) Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлага ирсэн байна.
Тус дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай ажиллаж, зургадугаар сарын 3-ны өдрийн 02:45 цагт цурманд оруулж, 12:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.