“Үндэсний шуудан” сонин энэ долоо хоногийн онцлох сэдвээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар цуврал нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэхээр боллоо. Одоогоос 20-иодхон жилийн өмнөхөн л хар тамхи буюу цагаан тахлын сүүдэр Монгол Улсыг нөмрөхгүй юм шиг бид бодож, санаж сэтгэж байв.
Гэвч хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтын судалгаа, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хар тамхи, мансууруулах бодисын хувь хэмжээнээс харахад л цагаан тахлын сүүдэр Монгол Улсыг хэдийнээ нөмөрсөн болох нь батлагдаад зогсохгүй, олон мянган залуус түүний аргад орж, гэтэлж барахгүй их харуусал дунд бэдрэх шалтгаан болоод байна.
Өөрөөр хэлбэл, 2010-2016 оны хооронд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 11 холбогдогчтой гэмт үйлдлийг гаалийн байгууллагынхан таслан зогсоож, 9.4 кг хар тамхи хураан авчээ. Тэгвэл зөвхөн 2017 онд гэхэд л хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, есөн удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, 39.1 грамм шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис (кетамины агууламжтай), 112 капсул андантийг илрүүлэн хурааж, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Бүс нутгийн хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 40-50 хувийг шуудангийн илгээмжээр тээвэрлэгдсэн хар тамхи эзэлдэг гэсэн судалгаа ч бас байдаг юм байна.
Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар энэ төрлийн 72 гэмт хэрэгт 161 хүн холбогдож шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 32 гэмт хэргээр буюу 82 хувь, холбогдогч 74 хүнээр буюу 85 хувиар тус тус өсжээ. Нийт шалгагдсан этгээдийн зургаа нь насанд хүрээгүй буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 28 нь их дээд сургуулийн оюутан гэжээ. Харин шүүхээр шийтгэгдсэн хэргийн хувьд, энэ оны нэгдүгээр сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2017 онд 11 хэргээр буюу 14.9 хувиар өссөн бол шүүхээс ял шийтгүүлэгчдийн тоо 32-оор нэмэгдсэн байна.
Эндээс үзвэл, хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл жилээс жилд нэмэгдсэн бөгөөд холбогдогч нь улам залуужих буюу гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдийг байгаа сонгох болсон нь харагдах биз ээ. Тэгвэл өнгөрөгч тавдугаар cap хар тамхины хэрэгт удаа дараа нэр холбогдож ирсэн нэр бүхий нөхдүүдэд багагүй “халтай” cap болж өнгөрөв. Тодруулбал, дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчдад саатуулагдсан бөгөөд эх сурвалжийн өгүүлснээр дуучин Коби Эгшиглэнд хар тамхи татахыг санал болгожээ.
Үүнтэй зэрэгцээд гурван жилийн өмнөөс хар тамхины хэрэгт нэр холбогдох болсон УИХ-ын .асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Тээврийн прокурорын хяналтын прокурор асан Х.Тамир гадуур байцаагдаж байхдаа дахин гэмт хэрэгт холбогдсон юм. Түүний энэ удаагийн хань хамсаатнаар хуулийн салбарт багагүй нэр хүндтэй бүр хар тамхины хэргээр цөөнгүй удаа үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч О байлцжээ. Түүнчлэн хар тамхины төрлийн ургамлыг гэртээ тарьж ургуулсан бүлэг этгээдийг баривчилсан гээд цагаан тахлын сүүдэр дор нуугдсан гээд олон гэмт хэрэгтний үнэн төрх олонд илчлэгдэж, нотлогдсоор байхад цагдаа, прокурор нь хаацайлсан уу, ямартай ч шүүх засаглал нь тоймтой шийтгэл оногдуулахгүй байсаар өнөөг хүрээд байна.
“СҮЛЖЭЭЧИН” КОБИ ХАР ТАМХИНЫ ДИЛЛЕР ҮҮ
Хууль хяналтын байгууллагын хар дансанд тэмдэглэснээр Монголын урлаг соёлынхон 2006 оноос хар тамхины хэрэгтэй нэр холбогдсон байдаг. Нэр цохвол, “Ice top”, “Дижитал”, “Салхи”, “A-Cappell”, “Мотив” зэрэг хамтлагийн олон залуус хар тамхины хэрэгт холбогдсон нь аавын хаалга татах шалтгаан болж байв. Тэдний дундаас хамгийн олон удаагийн үйлдлээр нэр холбогдсон хүн нь “Ice top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр. Түүнд холбогдох хэргийн хавтаст хэрэг чамгүй зузаан ч гэлээ өнөөг хүртэл ял эдэлсэн нь ховор.
Учир нь “Ice top” хамтлагийн дуучин Манлай, Коби мөн дижи Өөжий, “Нарантуул” худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат гээд тухайн үед шүүхийн хаалга татсан 13 залуу хэргээ хүлээснээр хар тамхи борлуулдаг, худалдан авсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр зургаан сараас 11 жил хүртэлх хорих ял сонссон ч өршөөлийн хуулиар төд удалгүй суллагдсан. Мөрдөн байцаалтын үеэр дижи Өөжий нь Бээжинд сурч байхдаа Б.Рагчаабазарын захиснаар гадаадын иргэнээс мансууруулах бодис худалдаж авч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг.
Тэгвэл дуучин Коби буюу С.Чулуунбаяр нь мөрдөн байцаалтын үеэр Б.Рагчаабазараас худалдаж авснаа хүлээгээд “Хар тамхины эсрэг дуу зохиож, олон нийтэд хүргэсэн. Дахиж ийм хэрэг хийхгүй учир хэргээс хэлтрүүлээч” гэж гуйж байж. Гэсэн ч хэргээс мултарсныхаа дараахан “Сүлжээ” дуундаа хар тамхийг магтан дуулж, нийгэмд буруу үлгэр дуурайлал болсон учир фм, радиогоор дамжуулахгүй байх хоригийг холбогдох байгууллагаас гаргасан юм.
Гэсэн ч энэ нь Кобигийн гэмт үйлдлийг таслан зогсоож чадаагүй юм. Үүний дараагаас тэрбээр хар тамхинд улам донтож, хэрэглэгчээс тээвэрлэгчийн эгнээнд шилжсэн гэх юм билээ. Тодруулбал, 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Говьсүмбэр аймагт гүйцэтгэх ажиллагаа явуулах үеэр эрхэм Коби хэргийн газар байсан гэх. Түүнтэй хамт “Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр, Д.Дашдаваа нарын зургаан хүн байсны нэг нь Коби байж таарч. Үүний дараахан буюу 2016 оны эхээр тэрбээр дахин баривчлагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих ангид саатуулагдсан болов ч биеийн байдал эрс муудсан гэх шалтгаанаар хоёр сарын дараа батлан даалтад гарсан байдаг.
Ингээд 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Чулуунбаяр, Г.Туяа, А.Жаргалтулга, Л.Эрхэмбаяр, Д.Оюунбаатар, Б.Батдалай, Д.Цэрэндолгор, Т.Гангантөгс нарт холбогдох хэргийг авч үзсэний дунд С.Чулуунбаярт шинэчилсэн найруулгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн гурав болон дөрөв дэх хэсгүүдэд зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Эндээс цагдан хоригдсон хугацааг хассан гэж тооцвол С.Чулуунбаяр нь хорих ангиас суллагдаад удаагүй байхдаа гэмт хэрэгт давтан холбогдсон болж таарч байгаа юм.
Гэвч дуучин Кобигийн хэрэг нэг их удахгүй замхрах вий гэсэн эмзэглэл нийгэмд үүсээд буй. Учир нь Монгол Улсад хар тамхины хэрэглээ нэвтрэх үеэс л нэр холбогдож ирсэн түүнийг хар тамхины сүлжээнд томоохон байр суурь эзэлдэг гэх барин тавин яриа байдаг юм байна. Тиймдээ ч удаа дараагийн гэмт үйлдлийг нь хууль хүчнийхэн хаацайлсан болдог бөгөөд үүнийг нь шүүхээс оноосон шийтгэл батлах мэт. Эх сурвалжийн мэдээлснээр хип хоп урсгалаар уран бүтээл туурвих сонирхолтой залууст “дэмжлэг” үзүүлэх нэрийн дор чамгүй зөвлөгөө өгдөг эрхэм Кобигийн эргэн тойронд хар тамхинд донтсон эсвэл түүгээр ашиг хонжоо олох сонирхолтой нөхдүүд эргэлдэж, ээлжит золиосоо ангуучилдаг гэсэн.
Тиймээс л гэмт хэрэгтнүүд шинэ өгөөш олж өгсөн урлагийнханд хар тамхи урамшуулал болгон шагнадаг аж. Нэгэнт өгөөшний амт авсан хүн хар тамхины араас эцэс төгсгөлгүй хөөцөлдөх нь ойлгомжтой. Харамсалтай нь, өөрийнх нь энэ үйлдэл нийгэмд, хүүхэд залууст ямархуу буруу үлгэр дуурайлал үзүүлж буйгаа ухаарах сөхөөгүй махардаг байна. Үүнийх нь золиос нь дуучин Эгшиглэн бөгөөд түүний адил хэчнээн залуус хар тамхины нөлөөнд уруу татагдсаныг тааварлахын аргагүй. Тиймээс л олонд танигдсан дуучид, урлагийнхан ёс зүйтэй байж, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байхад анхаарах ёстой биз ээ.
ПИРАМИД ТОГТОЛЦООНЫ ДЭЭР ХЭН БАЙГАА ВЭ
Үнэн, худлыг мэдэхгүй ч урлаг соёлынхны арыг хаацайлж, хангамжийг нь бэлтгэдэг нөхдийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Тээврийн прокурорын хяналтын прокурор Х.Тамир гэх юм билээ. Тэрбээр 2015 онд хар дансанд бүртгэгдсэн бөгөөд шалтгаан нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалантай хамт өмнөд хөршөөс ирэх “бараагаа” тосох үеэрээ Эрүүгийн цагдаагийн газрынханд саатуулагдсан юм.
Ингэж л тэрбээр хар дансанд бүртгэгдсэн анхны прокуророор тодорсноор Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат гэх нөхдийн хамт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 188.3, 191.1, 192.2, 268.2, 272.2 гэсэн зүйл ангиудаар буруутгагдсан юм. Гэвч шүүх хурлаас эл хэргийг хэрэгсэхгүй болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураах төдийхөн арга хэмжээ аваад өнгөрсөн байдаг.
Ингэж хэргээс мултарсныхаа дараахан буюу өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр өмгөөлөгчийн хамт хар тамхи хэрэглэж байхдаа баригдсан нь энэ юм. Түүний өмгөөлөгч О нь хуулийн салбарт багагүй нэр хүндтэй гэх бөгөөд өмнө нь хар тамхины хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан нэгэн аж. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхмийг нь шууд хасах ёстой.
Гэхдээ ийм зүйл болохгүй болов уу гэх хардлага салбарын нөлөв бүхий эрхмүүдэд бий гэсэн. Учир нь хар тамхины бизнесийн пирамид тогтолцооны дээр нөлөө бүхий улстөрч, бизнесменүүд бий гэх бөгөөд тэдний гар хөлийнх нь нэг нь Х.Тамир гэсэн барин тавин мэдээлэл бий. Хамгийн гол нь үүнийг батлах боломж хомс, дээр нь том артай түүнд холбогдох хэрэг хэдхэн сарын дотор замхарсан гэдгийг мөн дуулгасан юм.
Ер нь хар тамхитай холбоотой хэргийн олонх нь замхардгийн шалтгаан нь дээрхтэй холбоотой аж. Ганцхан жишээ дурдахад л 2017 онд цагдаагийн алба хаагч “мөс” хэрэглэх үедээ саатуулагдсан удаатай. Тухайн үед түүнийг хар тамхи худалдаж борлуулдаг диллер, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлэх замаар хар тамхи, сэтгэцэд нөлөөтэй эм, бэлдмэлийг үнэгүй авдаг гэж хэвлэлээр бичиж байсан.
Тэгвэл цагдаагийн алба хаагчид холбогдох хэрэг өнөөг хүртэл мөн л шийдвэрлэгдээгүй байна. Эндээс үзвэл, урлаг соёлынхон хар тамхи бэлтгэн нийлүүлдэг сүлжээчдийн гар хөл болдог. Тэдний дээр хууль хүчнийхэн хаалт болох замаар пирамид тогтолцоо цааш үргэлжилдэг болж таарах нь.
ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧ БОЛСОН ЗАМНАЛ
Манай улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн TOO жил ирэх тутам нэмэгдэж, улмаар байнга хэрэглэгчдийн даварга бий болж, хууль бус эргэлт, нийлүүлэлт өссөн. Үүнийг дагаад эдгээр бодисын төрөл зүйл олширч, үүнтэй холбоотой гэмт хэрэгт хүүхэд залуучууд холбогдох нь олширч, гэмт хэргийн сүлжээнээс гэмт бүлэг, бүлэглэл үүсэх нөхцөл хэдийн бүрдсэн гэдгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс мэдээлсэн.
Манай улсын хойд хөрш ОХУ-д опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй аж. Түүнчлэн героин, кетамин, экстазийн худалдаа үлэмж их, метамфетамин болон каннабисын хэрэглээ өндөр, тархалт өргөн, амфетамины төрлийн сэргээгийн үйлдвэрлэл нэмэгдсэн талаар НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдсанаас үзвэл, манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюул учруулж байгаа юм.
Тэгвэл манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа байдаг юм байна. Судлаачдын үзсэнээр хууль, эрхзүйн орчноо улам чангатгаж, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлээс ангид байх мэдлэг, мэдээллийг олон нийтэд шат дараалж хүргэхгүй бол энэ тоо таван жилийн дараа хэд дахин өсөх эрсдэлтэй гэж үздэг.
Хэдхэн жилийн өмнө манай улс дамжин өнгөрүүлэгч байсан бол өнөөдөр хэрэглэгчийн төвшинд үнэлэгдэх болсон бас нэг шалтгаан нь манай улсын 15 мянга орчим га талбайд есөн төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой. Эдгээрийг залуучууд түүж хэрэглэх, дамлан борлуулах тохиолдол элбэг гардаг байна. Хэдийгээр холбогдох байгууллагаас дээрх ургамлын төрлийг түүх, худалдан борлуулах гэмт үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж буй ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Тиймдээ ч хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар хил дамнуулан оруулж ирэх гэж азаа үзэх бус харин дотооддоо тарьж ургуулах эрсдэл, багатай аргыг сүлжээчид сонгох болсон байна. Үүний тод жишээ нь өнгөрсөн тавдугаар сарын 25-нд гэртээ мансууруулах төрлийн ургамал тарьж байсан иргэдийг цагдаагийн алба хаагчид баривчилсан явдал юм.
Тэдгээрийн цаана олон гэмт этгээд бий бөгөөд аль нь ч хууль хяналтынхны хараанаас бултахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан онцолсон юм. Монгол Улс гуравхан сая хүн амтай хэр нь газар нутгийн хэмжээгээрээ ч, мал сүргийн тоогоор ч, байгалийн баялгаараа ч дэлхийд дээгүүрт жагсдаг. Тиймдээ ч бидний энэ үнэт зүйлд шунасан зарим нэг этгээд “Монголыг монголчуудаар нь” буюу “цагаан тахал ба монголчууд” бодлогыг нэвтрүүлээд эхэлж.
Нэгэн цагт Их британичууд хятадыг эзлэхийн тулд хар тамхины тариалалтыг нэмэгдүүлж, хүссэн хүн бүрт үнэгүй тараадаг байсан гэдэг. Харин тухайн үеийн Фүжин мужийн захирагч хар тамхитай дайн зарлаж, тариалангийн талбай болон агуулахыг шатааснаар хятадууд хар тамхинаас ангид байж, клон улс болох аюулаас аврагдах гарц нээгдсэн гэж үздэг юм билээ.
Тэгвэл тэртээ олон зуун жилийн өмнө хятадуудад тохиолдсон эмгэнэлт цаг үе бидний өмнө тулгарчээ. Олон улсын байгууллагын 2016 онд хийсэн судалгаагаар дэлхий дээр 300 сая хар тамхи хэрэглэгдэг байдгаас 30 сая нь гүнзгий хамааралтай гэжээ. Тэгвэл манай улс гуравхан сая хүн амтай. Үүний гуравны нэг нь залуусын төлөөлөл гээд үзвэл тэр хэрээрээ хар тамхи шохоорхогчид байна гэсэн үг юм.
Түүнчлэн албан бус судалгаагаар Монгол Улсад 60 мянган орчим иргэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг гэх бөгөөд үүнийг дагаад энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нийгэмд бодитоор заналхийлэх болсон байна.
Тиймээс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталж, тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөсөн хэдий ч өнөөг хүртэл дорвитой алхам хийгдээгүй л байна. Тиймээс л бид хар тамхи хэрэглэгчдээ гурван сая хүртэл нь тоолох уу, эсвэл үндэсний хөтөлбөрөө амь оруулж нийгмийг цэвэрлэх үү гэдэг асуулт бидний өмнө тулгараад байна. Үргэлжлэл бий…
Г.НАЦАГ-ЭРДЭНЭ,
Эх сурвалж:
1 comment
Naaduulaa horij yadiin zugeer l buudcnhaacn