Л.Элдэв-Очир: Хоёрын хооронд багахан өс яваад байна гэж харж байгаа

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.

-Чуулганы хуралдаан дээр хүүхдийн мөнгөний асуудлаар хэлсэн үг тань сошиал сүлжээнд багагүй хэл ам дагууллаа. Хүүхдийн мөнгөөрөө амьдарна гэдэг байж боломгүй зүйл гэх зэргээр ярьцгааж байна л даа?

-Хүний хэлснийг гуйвуулна, дайвуулна гэдэг их айхтар болж. Бүр эвлүүлэг хүртэл хийчихсэн байна лээ. Ямар ч увайгүй юм. Хүнийг гүтгэнэ, гүжирдэнэ гэдэг их муухай, муу юм. Хүн гэдэг амьтан чинь амьдарч байх хугацаандаа бие хэл, сэтгэлийн нүглийг их хийдэг юм байна. Энэ нүгэл нь хэдий хэр нимгэн байна үлдэж буй үр хүүхэд, дараагийн төрөлд нь сайн.

Нас нэлээн хэвийж яваа хүний хувьд үүнд багагүй итгэл үнэмшилтэй болж байгаа шүү. Бидний хувьд халамжийн бодлогоор ард түмнийхээ амьжиргааг өөдтэй байлгаж, авдаг, өгдөг цалинг нь ахиухан болгочих юмсан гэж л асуудал болгон ярьж байна. Гэтэл үүнийг хуурамч хаягнаас гуйвуулж, муулж түүнийхээ төлөө хэн нэгнээс хэдэн төгрөг авч, түүгээрээ амьдарна гэдэг бол дэндүү утгагүй. Би бол буруу зүйл хэлсэн гэж бодохгүй байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд халамж шаардлагатай хэсэг бүлэг бий.

Төр засгийн явуулж буй алдаатай бодлого, хөдөөгөөс хот руу шилжин суурьшилт зэргээс хамаарч амьжиргааны эх үүсвэргүй хэсэг бүлэг бий болоод байна. Эдгээр хүмүүс хүүхдийн мөнгөнөөс өөр амьжиргааны эх үүсвэргүй учир яаж, ийгээд л түүгээрээ болгодог. Ийм гэр бүлүүд зөндөө бий. Иймд хавтгайруулж халамж өгөх биш, зорилтот бүлэгт нь ахиухан өгөх нь зүйтэй.

Зөв, хүртээмжтэй хуваарилж чадвал хүүхдийн мөнгөөр амьдралаа болгодог хэсэг бүлэг маань мөр бүтэн, гэдэс цатгалан, төр засаг, үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй, гэр бүлдээ хуримтлал үүсгэчихдэг, өрхийн аж ахуйгаа аваад явчих боломжийг бүрдүүлж, ажлын байр эрэлхийлэх урам зориг төрүүлэх юм. Ийм л халамжийн бодлого хэрэгтэй. Түүнээс 100 хувь олгоно гэх зэргээр ард түмнээс оноо авах гэсэн улс төржилт хэрэггүй. Улс орны төсөв, орлого зарлага хэд байна.

Юунд зарцуулж, юунаас хуримтлал бий болгож, хуримтлалаасаа ард түмэнд шаардлагатай халамжаа яаж хуваарилж, ажлын байраа хэрхэн нэмэгдүүлэх үү гэж эдийн засагаа том зургаар харах ёстой. Үүнийг л би хэлсэн. Гэхдээ шүүмжлэлтэй хэлсэн. Гишүүд ч миний хэлснийг хүлээн зөвшөөрдөг. Чуулган дээр энэхүү байр сууриа илэрхийлсний дараа ч гишүүд алга ташсан. Хэн нэгнийхээ байр суурийг дэмжээд алга ташсан тохиолдлыг хараагүй гэсэн гишүүд цөөнгүй байсан. Хэдий гишүүд бодит байдлыг ойлгоод байгаа хэр нь хашир байдаг юм байна. Би гэнэн, эсвэл тэнэг ч байж магадгүй л дээ.

– Зарим гишүүд “Бодит байдлыг шууд хэлчихээр “гал” ирнэ. “Гал”-ыг нь даахгүй хэцүү дээ” гэж зөвлөж л байсан. Шийдвэр гаргах түвшинд болон нийгэмд тулгамдаж байгаа зүйлд зөв шийдлийг олохдоо “гал” авна гээд ярихгүй байвал УИХ-ын гишүүн сонгох, засаг байгуулж ажиллуулахын хэрэг гэж ч юу байхав.

-Та халамж, авлига бол улс орныг үгүй хийх зөөлөн бодлого гэж байсан. Энэ тухайд?

-Дэлхийд өрсөлдөх чадвараараа манай улс 63 орны 62-т орсон. Венесуэлийн л урд орсон. Венесуэл улсад авлига, халамж бүр гаарчихсан. Үндсэндээ энэ улс сүйрч байна гэсэн үг. Энэ сүйрэл рүү л бид яваад байгаа. Үүнийг бид одооноос ойлгох, бодох хэрэгтэй. Ард түмэн бол ажил хийхийг эрмэлзэж байна. Бид үүнийг нь бүрдүүлж өгч чадахгүй байна.

Нэг хэсэг нь ажил хийгээд, зүтгээд байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж байхгүй. Ямар сайндаа л багш нар, төрийн албан хаагчид зуны амралтаараа Солонгос руу гарч хар ажил хийж байхав дээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Би бас чуулган дээр төрийн албан хаагчдын тоо нь хэтэрхий их, бүтэц нь данхайж байна гэж хэлж л байсан. 200 мянган төрийн албан хаагчийг 50 хувиар багасгах хэрэгтэй.

Угаасаа энэ дунд улс төрийн шийдэл гаргаад, зохиомол бүтэц бий болгосон хөөсрөл ч явж байгаа. Хэрэв 50 хувийг нь цомхотгочих юм бол нэг төрийн албан хаагчийн цалин 1.6 сая төгрөг болно. Би 2006 онд телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа “Багш, эмч нарын цалинг 1500 ам.доллар болгочих. Тэгвэл авлига, хээл хахууль арилна” гэж ярьж байснаа тод санаж байна. Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлчих юм бол хувийн хэвшил ч мөн ялгаагүй нэмэгддэг. Энэ талаар их л ярьж байна. Даанч дорвитой шийдэл гаргахгүй юм даа л гэж харамсах юм.

-Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болсон. Хуралдааны үеэр агаарын бохирдлын талаар багагүй яригдсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд та ажпын хэсгүүдэд багагүй шүүмжлэлтэй хандаж байсан…

-Байнгын хороодоос зөвлөмж чиглэл, тогтоол гаргаад байгаа боловч хэрэгжилт муу байгаа тал ажиглагдсан. Ажил хариуцаж байгаа хүмүүс хариуцлага муу байгаа талаар хуралдаанаар онцолж ярьсан. Ер нь бид нарын зан л даа. Урин дулаан ороод ирэхээр бүгд л утаагаа мартчихдаг. Одоогоор хоёр байнгын хороо хамтраад ажлын хэсэг байгуулчихсан. УИХ-ын гишүүн.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Е.Баатарбилэг бид хоёрын хувьд зунжингаа л утаагаа ярьж, засаг, ажлын хэсгүүдээ шахаж ажиллая гэсэн байр суурьтай байна. Агаарын бохирдлыг 50 хувь хүртэл нь бууруулна гэсэн том зорилгодоо Засгийн газар хүрсэн байх ёстой гэж харж байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулах ямар гарц, шийдэлд хүрээд байгаа бол?

-Цахилгаан индукцийн аргаар галын хотлоос гарч байгаа бохир утааг цэвэршүүлэх тоног төхөөрөмж хэрэглэхээр Засгийн газраас дорвитой шийдэл гаргажээ. Эхний ээлжинд 100 мянган айлын зуухны янданд нь тэрхүү төхөөрөмжийг суулгаж өгөх юм байна. Төхөөрөмж нь 800 хэмд дутуу шатсан хийг бүрэн шатааж, агаарт цэвэр утаа гаргана. Дараагийн нэг дорвитой шийдэл нь нүүрсний асуудал. Намын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд “Энержи ресурс” компанитай тохиролцож, шийдэлд хүрсэн талаараа хэлсэн.

Тодруулбал, “Энержи ресурс” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайжруулсан нүүрсээ үнэгүй өгье гэсэн юм билээ. Сайжруулсан, угаасан нүүрс нь шаталтаараа хамгийн сайн гэдгийг мэргэжлийнхэн нь тогтоочихсон. Ахуйн бохирдол нь ч бага юм байна. Энэ нүүрсний асуудалд намайг нөлөөлсөн гэх яриа байсан. Тийм зүйл байхгүй. Би энэ нүүрсний асуудлыг Ерөнхий сайдын амнаас л анх удаа сонссон. Мэдээж “Энержи ресурс” зөв алхам хийсэн.

Түүнчлэн дахин төлөвлөлттэй холбоотойгоор Улаанбаатар хотод байгаа дэд бүтцийн төвүүдийг шинээр байгуулж байна. Төсөв мөнгөний эх үүсвэрүүд нь шийдэгдчихсэн. Мөн том оврын уурын зуухнуудыг цөөлж байгаа. Зарим уурын зуухнуудын утааны шүүлтүүрийг давхар шийднэ. Өрх гэрүүд дулаалах, шөнийн цахилгааны тарифийг тэглэх зэрэг асуудлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Эдгээр ажлуудыг ажлын хэсэг татан буугдатлаа шахах болно. Хоёр байнгын хороо, ажлын хэсгийн хурап сар бүрийн эхний долоо хоногт болохоор тогтсон.

-Зуух тараасан ч утаа дорвитой буурсангүй гэх шүүмжлэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Тэгвэл тоног төхөөрөмж суурилууллаа гээд утаа багасах болов уу?

-Саяхан би Өмнөговь аймаг руу явлаа. Хоёр айлаар ороход төслөөр тараасан зуухыг Улаанбаатараас авчирч тавьсан гээд сууж байна. Хотын гэр хорооллын амьжиргааны түвшин доогуур зарим хүмүүс өнөөх төслийн зуухаа авангуутаа зарчихдаг юм байна. Өмнөговьд олон айл төслийн зуух худалдаж авсан гэнэ. Шаталтын хувьд тун сайн гэдгийг хэлж байгаа юм.

Тэгэхээр орлого багатай айл өрхүүдэд сайн зуух, нүүрс түлэх нь тийм ч чухал биш. Өртөг бага л бол түлж болох бүгдийг л түлдэг байх нь. Иймд дээр хэлсэн сайжруулсан нүүрсээ түгээхдээ бусдад зарчихгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй байгаа юм. Ер нь аливаа ажлынхаа хэрэгжилт дээр нь анхаарах маш чухал асуудал

-Та ажиллаж буй хуулийн төслүүдийнхээ талаар сонирхуулаач?

-Өнгөрсөн онд Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Генетик нөөцийн тухай хуулиуд дээр ажилласан. Маш сайн хуулиуд батлагдсан гэж үзэж байгаа. Энэ зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тухай хуулийг чуулганаар оруулж, баталгаажуулчихлаа. Бид хөдөө аж ахуйн салбарт алдагдсан төрийн бодлогыг голдрилд нь оруулахад онцгой анхаарч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлчихлээ гэсэн үг.

Мөн Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсан. Өнөөдөр Монголчууд шим тэжээллэг хоол, хүнсээр хомс байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 орчим хувь нь амин дэмийн дутагдалд орсон байгаа нь нотлогдсон. Хүнсийг баяжуулж, эрүүл хүнсээр хангах ард иргэддээ өгөх нь төрийн үүрэг. Төр ард түмнээ шим тэжээлтэй хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндэд нь анхаарах ёстой юм. Гэхдээ хүнсийг баяжуулна гэхээр бүхий л хүнсийг гэж ойлгож болохгүй. Зөвхөн гурил, сүү, давс, тос гэсэн дөрвөн төрлийн өргөн хэрэглээний хүнсийг баяжуулж, ард иргэдцээ хэрэглүүлэх юм.

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?

-Одоогоор Засгийн газраас санал авч байна. Тун удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Уг хууль олон жил багагүй хэл ам дагуулж байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулсан гол учир нь үндэсний аж үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор дэмжих асуудал юм. Манайд малын гаралтай арьс шир, нэхий, ноос ноолуурыг сайн боловсруулдаг болж эхэлж байна.

Гутал, цэрэг цагдаагийн хувцас зэрэг эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд ч бий болсон. Гэсэн ч төрийн бодлогоор дэмжих шаардлагатай тулгарсаар л байна. Иймд төрөөс үндэсний үйлдвэрийнхээ сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг гурван жилийн хугацаатай, тогтвортой гэрээгээр худалдаж авах боломж энэ хуулиар зохицуулагдах юм. Энэ хугацаанд үйлдвэрүүд хөл дээр нь босох хэрэгтэй. Гурван жилийн дараа бол төр жинхэнэ өрсөлдөөн дунд нь орхих нь зүйтэй юм.

-Таван толгой төслийн 30 хувийг IРО гаргана гэж яриад байна. Таны хувьд үүнийг хэр зөв хувилбар гэж үзэж байгаа вэ?

-Би IРО гаргах тухайд ямар саналтай байгаагаа Д.Сумъяабазар сайдад хэлсэн байгаа. IРО гаргах асуудлаар багагүй судалж үзлээ. 2010 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд Хонг Конгийн болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгосон байна. Эхэндээ их үр дүнтэй байжээ. Анх гаргасан хувьцааных нь үнэ 50 хувиар өсөж байсан үзүүлэлтүүд ч гарч байж. Гэтэл 2012 оноос хойш зогсолтгүй унасан байна. Одоо бүр хөдлөхөө больсон.

10 ам.долларын үнэтэй байсан хувьцаа өнөөдөр 20 центийн үнэтэй болчихож. Учир нь Монголд байгаа гэдэг утгаараа л хэн ч авахаа байчихсан. Алтных эсвэл нүүрснийх байсан ч хамаагүй. Бүр Хятад, Канадын хөрөнгө оруулалттай байсан ч хамаагүй өсөхөө байчихсан. Өмнө нь хувьцаа авч хөрөнгө оруулсан хүмүүс одоо толгойгоо барьж байна. Яг ийм үед Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани 30 хувийн IРО гаргана гээд байна л даа.

Тэгэхээр үнэлгээ нь мөрөөдөөд байгаа шиг нь дөрвөн тэрбум ам.долларт хүрч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Нэг тэрбум эсвэл 500 сая ам.доллараар ч үнэлэгдэх ч юм билүү. Хонгконг болон Торонтогийн хөрөнгийн бирж дээрх Монголын 30 гаруй компанийн хувьцааны ханш өсөхөө байчихсан, “Эрдэнэс Таван толгой” компанийн 70 хувь нь төрийн өмчит, улстөржилт ихтэй, тогтворгүй байхад гадны хөрөнгө оруулагч олдох уу. Үүнийг бодох ёстой юм.

-Ерөнхийлөгчийн хувьд ШХАБ-д нэгдвэл томоохон төслүүд хөдөлж, эдийн засаг тэлнэ гэж ярьж байна. Гэхдээ яаруу сандруу энэхүү байгууллагад нэгдэх нь зөв эсэхэд эргэлзэж буй гишүүд ч байгаа юм билээ. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнд нэгдэн орсноороо “Нэг зам-Нэг бүс”-д орох боломж бүрдэнэ, том төслүүд хөдөлнө гэж ярьж л байгаа юм. Гэтэл сонгуулийн өмнө Хятадуудыг муулж байгаад гараад ирсэн Ерөнхийлөгч маань Хятадад айлчлахаасаа өмнө нүүр тахлах зүйл ярьж очих гэсэндээ л яарчихав уу гэж бодож байгаа. Үүнд улстөрчид маш няхуур хандах ёстой.

ШХАБ-д нэгдэх асуудлаар хаалттай хуралдпаа. Гишүүд янз бүрийн л байр суурьтай байна. Мэдээж зөв зүйл байх юм бол болохгүй зүйл гэж юу байхав. Урьд нь урд хөршид гаргаж байсан бодлогын алдаан дээрээ дүгнэлт хийгээд, энэхүү асуудлыг оруулж ирээд, харьцаагаа сайжруулъя гэж байж болно. Тэр тохиолдолд бид апь болох зөв талаас нь ярьж, ойлголцож, болохгүй асуудлаа шийдэх ёстой. Ерөнхийдөө гадаад бодлогыг тодорхойлогч, олон жил гадаад харилцааг авч явсан дипломатч, судлаачид ШХАБ-д нэгдэх асуудлыг тийм ч нааштай хүлээж авахгүй байгаа.

Монгол Улс сүүлийн жилүүдэд гуравдагч хөршийн бодлогыг багагүй дөвийлгөж гаргаж ирлээ. Манайд 1990 оноос хойш хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс бол Япон байдаг. Гэтэл энэ асуудлыг Япончууд бүр цаашилбал томоохон хөрөнгө оруулагч Герман, Ханад, АНУ яаж хүлээж авах вэ гэдгийг бодох л ёстой. Дэлхий дээр энэ хоёр гүрний дунд оршин тогтнож байгаа тусгаар улсын хувьд өөрийн гэсэн бодлоготой л байх хэрэгтэй.

-Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөнтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хориод байгаа. Гэрээ тойрсон баривчилгаатай холбоотойгоор хүмүүс өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Харин таны хувьд?

-Би Оюу толгойг хөдөлгөх гэрээ хийсэн хүмүүсийг би буруутгаж чадахгүй байгаа юм. Гэрээ хийсэн хүмүүс Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар батлуулсан байдаг. Тэр үед УИХ-ын гишүүд дэмжиж, кноп дарж байсан л байгаа юм. Гэтэл хариуцлага хүлээх болохоор хоёр, гурван хүн дээр л яригдцаг. Тухайн үед Оюу толгойн гэрээн дээр туршлагагүйтэж алдаа гаргасан байж болно.

Бид тэр үед том уурхайг хэрхэн хөдөлгөдөг, яаж ажиллуулдаг гэдгээ ч ойлгодоггүй байлаа. Нүүрс гэхээр хүрзээр ухаад, шуудайлаад зарчих юм шиг л боддог байсан улс. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсээс далд уурхайн тэр том төслийг хөдөлгөх гэрээг хийхэд мэдлэг боловсрол гэхээсээ илүү туршлага шаардсан байх. Оюу толгой хөдөлсөн нь зөв үү гэвэл мэдээж зөв.

Гэхдээ гэрээнд нь сайжруулах шаардлагатай зүйл бол байгаа. Хэл ам гарсных нь дараа би багагүй судалж, ойлгож авсан. Анхнаасаа 34 хувийг Монгол Улс заавал эзэмших ёстой гэдэг асуудпыг тухайн үеийн популистууд буюу улстөрчид, иргэний нийгмийн хөдөлгөөнийхний шахалтаар хүчээр оруулсан байдаг. Тэдгээр нь гадны захиалгатай байсан ч байж болох юм. Миний олж харснаар цаашдаа стратегийн том хөрөнгө оруулалттай төслүүд дээр “Хааны хувь” болон бусад татваруудаа бүрэн хэмжээгээр нь аваад явахад Монгол Улс үндсэндээ 60-70 хувийн ашигтай байна.

Ямар нэгэн ер зээлийн дарамтгүйгээр, маргаангүйгээр, хяналтаа зөв тавиад явчих боломж байгаа. Хаант засаглалын үед алт ухая гэсэн иргэд нь хаан дээрээ ирдэг байж л дээ. Тэр үед хаан нь зөвшөөрөхийн сацуу бүхий л татвараа телөх, мөн борлуулалтаасаа 20 хүртэлх хувийг нь өгөх болзол тавьдаг байсан байгаа юм. Энэ бол “Хааны хувь” юм. Энэ зарчмаар Оюу толгой дээр тооцоо хийгээд үзэхэд Монгол Улс 70 хувийн ашигтай ажиллана.

Ашгаа татварын хэлбэрээрээ сар бүр, өдөр бүр хүртээд явах боломж байгаа. Ийм л энгийн байдлаар явах зам нь зөв юм байна даа гэж харж байна. Би С.Баяр даргын хувьд үнэхээр харамсаж байгаа. Өргөдлөө өгөөд, шалгуулъя гээд гаднаас хүрээд ирж байхад нь бариад хорьчихож байна. Мөн хамгийн их санаа зовж байгаа зүйл нь С.Бямбасайхан гээд залуу эмнэлэгт хүргэгдлээ гэж байна.

С.Баяр дарга бол суурь өвчин ихтэй, олон удаа хагалгаанд орсон хүн. Батхүү бол залуугийн л сахарын өвчтэй. Хүн сайн ч бай, муу ч бай үр хүүхэд, хань ижилдээ амьд харагдана гэдэг хамгийн чухал. Тэгэхээр энэ хүмүүсийн амь насаар нь тоглочихгүйхэн шиг, үнэн зөвийг нь шударга тоггоочихоосой. Би бол хоёрын хооронд багахан өс яваад байна л гэж харж байгаа.

Сонгуулийн үеэр миний эсрэг ажилласан ч гэдэг юм уу, хувь хүмүүсийн өс яваад байна уу даа. Яахав гадагшаа явах эрхийг нь хязгаарлаад шаардлагатай үедээ дуудаж авчраад мэдүүлэг, байцаалтаа аваад үнэн мөнийг нь тогтоогоод явж болно шүү дээ. Гэтэл залхаан цээрлүүлэх, өс авах маягтай зүйл л анзаарагдаад байна.

О.Ариунцэцэг

Эх сурвалж: “Өдрийн сонин”

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

4 thoughts on “Л.Элдэв-Очир: Хоёрын хооронд багахан өс яваад байна гэж харж байгаа

  1. насаа 2018-06-04 14:30 at 14:30

    энэ хүнийг с.баярцогттой холбогдуулан шалга. баярцогтын оффшорын асуудалд хамгаалан өөрөө хүн зодохоор олон хүн дагуулж явж байсан гэх

    Хариулах
  2. Нэргүй 2018-06-04 14:37 at 14:37

    ,……Зөв, хүртээмжтэй хуваарилж чадвал хүүхдийн мөнгөөр амьдралаа болгодог хэсэг бүлэг маань мөр бүтэн, гэдэс цатгалан, төр засаг, үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй, гэр бүлдээ хуримтлал үүсгэчихдэг, өрхийн аж ахуйгаа аваад явчих боломжийг бүрдүүлж, ажлын байр эрэлхийлэх урам зориг төрүүлэх юм. …….ИНГЭЭД Л ХУЦААД БАЙГАА БИЗД ЭЭ ЧИ

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-04 16:52 at 16:52

    Бид хүн шүүмжлэх эрхтэй хүмүүс л дээ. Гэхдээ энэ хүн асуудалд нилээд бодож байж үгээ гаргадаг нь их хуралд сонгогдсоны дараа засгийн газрын гишүүдийг сонгох чуулганы хуралдаан дээр их нухацтай үг хэлж байсан шүү.тэр эрчээ алдахгүй бол сайн л байна

    Хариулах
  4. mgl 2018-06-04 22:28 at 22:28

    zuvuu haamjiin bodlogo mongoliig alna.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн