Хог хаягдлыг ухаалгаар боловсруулах боломжтойг баталж байна.
Японы Токио хотоос гаралтай дизайнер Косуке Араки хоол хүнсний хаягдлыг дахин боловсруулан аяга таваг бүтээлээ. Анима нэртэй тус цуглуулгад цайны аяга, таваг, хоолны аяга зэрэг эд зүйлс багтсан бөгөөд Араки эдгээрийг бүтээхдээ нүүрсжүүлсэн хүнсний ногоо болон амьтны яс, арьснаас ялгардаг цавуу ашиглан ажиллажээ.
“Хүнсний хаягдал дэлхий нийтийн төдийгүй ахуйн хаягдлын ихэнх хувийг эзэлдэг. Хэдий хаягдлыг дахин боловсруулж байгаа ч талаас илүү хувь нь хаягдал хэвээр үлдэж байна” гэдгийг дизайнер онцлон, энэхүү төслөөрөө хог хаягдлыг дахин ухаалгаар ашиглах боломжтойг батлан харуулахыг зорьсон юм.
Араки эдгээр аяга тавгийг бүтээхийн тулд 315 килограмм орчим жимсний хальс, яс гэх мэт идэх боломжгүй зүйлсийг цуглуулж, үүгээрээ рекорд тогтоосон байна. Тэрээр цуглуулсан жимс, ногооны хальсыг нүүрс болтол нь шатаан, харин амьтдын яс болон арьсыг цавуу хэлбэрт ортол нь буцалгасны дараагаар эдгээрийг хольж хэлбэрт оруулжээ. Харин эцэст нь бэлэн болсон загварыг уруши гэх Японы нэгэн төрлийн лакаар өнгөлсөн байна.
Түүнчлэн уруши нь хоол хүнсний хаягдлыг дахин боловсруулахад элбэг хэрэглэгддэг материал гэдгээрээ алдартай. Учир нь эрт дээр үед хаягдал дүпү болон будааг урушитэй хольж цавуу гарган авдаг байсныг дизайнер Араки онцолж хэлсэн юм. Хаягдлаас бүтсэн “Анима” цуглуулгыг Берлины Чимэглэлийн Музейд есдүгээр сарын 30-нийг дуустал олон нийтэд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: buro247.mn