Попын хаан Майкл Жексоны охин, 20 настай Пэрис Жексон моделийн карьераа амжилттай өсгөж байгаа билээ. Гэвч саяхан хүмүүс түүнийг “Dior”-ын шинэ коллекцийн үзүүлбэрийг үл хүндэлж, загварын хүн шиг бус аашиллаа гэж буруутгажээ.
Учир нь үзүүлбэр эхлээд хоёрхон минут болоход Пэрис заалыг орхин гарсан байна. Түүнтэй ойр байсан эх сурвалжийн мэдээлснээр Жексоны охины явсан шалтгаан нь үзүүлбэр жаахан хойшлогдож эхэлсэн явдал бус, тэнд байсан алдартай хүмүүс ширүүн бороонд нэг цаг суух байсан нь ч биш, харин үзүүлбэрт морьд оролцсоноос болжээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр “Dior”-ынхны амьтадтай харьцаж байгаа нь Пэрис Жексоныг тухгүй байдалд оруулсан байна. Модель бүсгүй тус брендийг үл хүндэлсэндээ биш хувийн шалтгаанаас болж үзүүлбэрийг орхиж явсан гэж тэрбээр тайлбарлажээ. Пэрис ч мөн “Твиттер”-ээрээ дамжуулан “Нөхцөл байдлыг тайлбарлахыг хүсч байна. Би шоунаас зугтаагүй. Зүгээр л чимээгүй босоод бусдад мэдэгдэхгүйгээр гарахыг хичээсэн. Би амьтдыг ташуурдаж, элдвээр зовоохын эсрэг байдаг хүн. Түүнээс биш загварынхантай хэнтэй нь ч дайсагнах гээгүй. Би зүгээр л өөрийнхөөрөө баймаар байна” гэжээ.
Аавтайгаа маш дотно байсан Пэрис попын хааны үхлийн дараа сэтгэлзүйн хүнд байдалд орж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн билээ. Бүсгүй саяхнаас эрүүл саруул болж, загварын ертөнцөд гарч ирсэн юм.