Охидыг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөж олон нийтийг айдас түгшүүрт автуулсан дуулиант хэрэг өнгөрсөн онд гарсан. Гэвч эцэслэн шийдэгдэлгүй он дамжиж өнөөдрийг хүрээд байна.
2017 оны наймдугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Очир” төвийн зочид буудалд 13 настай М охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Гэмт этгээдүүд хэргийн ул мөрөө баллахын тулд охины ам руу хүчээр архи цутгаж үхэлд хүргэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон болохыг өмгөөлөгчид мэдээлсэн юм.
Архины хор судлалын үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд “13 настай хохирогч охин М-ын цусанд 4.3 промилли, ходоодны шингэнд 5.7 промилли этилийн стирт илэрсэн байна. Уг дүгнэлтэд 13 настай охин ийм хэмжээний согтолтод хүрэхийн тулд ойролцоогоор хоёр литр архи уух шаардлагатай. Тийм их хэмжээний архийг охин өөрөө уух боломж байхгүй. Архинд хордсон нь үнэн” гэдэг дүгнэлтийг 2018 оны тавдугаар сарын 4-ны өдөр гаргажээ. Хэргийн шүүх хурал энэ оны гуравдугаар сарын 6-нд болж өндөрлөсөн бөгөөд шүүхээс гэмт хэрэг гарсан “Очир” төвийг хариуцагчаар татаж, цогцост хийсэн задлан шинжилгээгээр илэрсэн нөхцөл байдлыг Архины хор судлалын үндэсний хүрээлэнгийн нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээр тогтоолгохоор шийдвэрлэсэн юм.