Дадал 16. Тамхи зуун хортой хирнээ ганц ч ашиггүй.
Нэг өдрөөр ч болов эртхэн тамхинаас гарцгаая.
Хэрвээ та яг одоо тамхи татдаг бол бушуухан тамхинаас гарахыг зөвлөмөөр байна. “Тамхи татахаар тайвширдаг” гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ бол маш том төөрөгдөл бөгөөд, никотины нөлөөгөөр тархи мансуурч буй л үзэгдэл.
Цуврал нийтлэлийн маань оршил дээр ч олон гарч ирсэн дээ, тамхи бол хорт хавдар үүсгэгч янз бүрийн шалтгаанууд дотор хамгийн аюултай нь. Бүх хорт хавдрын өвчлөлийн 30 хувь нь тамхинаас болдог гэж үздэг. Үүнийг эерэг талаас нь харвал хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь тамхи татахгүй байх явдал болж таарч байна. Хийхгүй байхын аргагүй арга ч гэж хэлж болно. Тамхины хорт хавдар үүсгэх эрсдэл, татсан тамхины тоо олон байх тусам, мөн тамхи татаж буй хугацаа урт байх тусам өндөрсдгийг та мэдэх үү. Нэг өдөр татдаг ширхэг*тамхи татаж буй хугацаа(жил)=400-г давж байвал, хорт хавдар үүсэх эрсдэл туйлын өндөрсчээ гэж үздэг. Тэгэхээр өдөрт 20 ширхэг бол 20 жилд, 40 ширхэгийг татдаг архаг тамхичин бол 10 жилд энэ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал руу орчих нь байна.
Тамхи зуршил нь болчихсон хүн “яршгөө насаараа татлаа, яах ч үгүй л байна даг” гэж боддог бол, тэгж бодож болохгүй нь байна шүү. Ширхэгийн тоо нэмэгдэх тусам эрсдэл дагаад өсөөд л байдаг байх нь. Нэг өдрөөр ч болов эрт тамхинаас гарснаар, тэр хэмжээгээр хавдрын эрсдлийн өсөлтийг тогтооно гэсэн үг. Улмаар тамхи татахгүй байх тусам, хавдрын эрсдэл илт буурдаг юм шүү.
Жишээ нь тамхи татдаг хүний уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэл тамхи татдаггүй хүнийхээс 4.5 дахин өндөр байдаг байна. Энэ тоо тамхинаас гарснаас хойш 1-9 жилд 3, 10-19 жилд 1.8 болтол буурдаг. Улмаар тамхинаас гараад 20-с дээш жил болоход уушигны хорт хавдрын эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй ижил хэмжээнд очдог аж. (Японы үндэсний хавдар судлалын төвийн тоо баримт)
Эндээс тамхи татдаг байсан хүн ч тамхинаас гараад, тамхи таталгүй урт хугацааг өнгөрөөх тусам тамхины хор хөнөөлийг бараг 0 болтол нь арилгаж болдгийг харж болж байна. Ер нь тамхинаас гарахад оройтсон гэх ойлголт байхгүй, татахгүй байх нэг хайрцаг, нэг ширхэг ч таны эрүүл мэндэд тустай тул, ямааны мах халуун дээрээ гэж өнөөдрөөс эхлэн заавал хэрэгжүүлээрэй.
Тамхинаас гарах тодорхой арга гэвэл, сүүлийн үед эмчийн тусламж авч, эм хэрэглэн гарах үзэгдэл бий болсон байна. Тамхийг хаанаас ч амархан олоод авах боломжтой бөгөөд, сэргээшийн үйлчилгээтэй эм, стимулантуудаас ч донтуулах үйлчилгээ нь хүчтэй байдаг тул он удаан тамхи татаж байгаа хүн дан өөрийн хүсэл зорилгоор бүрэн гарна гэдэг амаргүй даваа. Тамхины зуршил никотины хамаарлын согогыг үүсгэж, маш хүчтэй тамхины шунал дуршлыг бий болгодог. Улмаар тамхи татахгүй болоход цусан дахь никотины концентраци буурч, түүнээс үүдэн толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт ая тухгүй шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ өөрийн хүчээр тамхинаас гарч чадахааргүй санагдаад ирвэл никотин бохь болон никотин наалт гэх мэт тамхинаас гаргах нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл дээрх шинж тэмдгүүдийг хөнгөрүүлж болно.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд амаар уух эмээр тамхинаас гаргах эмчилгээг хийдэг клиник, эмнэлгүүд ч олширч байна. Энэ төрлийн эм нь биед никотиныг огтхон ч ойртуулдаггүйгээрээ никотин бохь, наалтаас ялгаатай бөгөөд тархины никотин хүлээн авагчид шууд нөлөөлж, тамхи татах дуршлыг унтраадаг цоо шинэ эмчилгээний арга юм. Японд дараах нөхцлийг хангасан хүмүүс эрүүл мэндийн даатгалаар эмийн аргаар тамхинаас гарах эмчилгээнд хамрагдаж болдог байна.
- Никотины хамаарлын тестээр “никотины хамааралтай” гэж оношлогдсон хүмүүс
- Нэг өдөр татдаг тамхины тоо*тамхи татсан жил=200-с давсан хүмүүс
- Бушуухан тамхинаас гарахыг эрмэлзэж буй хүмүүс
Энэ эмчилгээ нь 3 сар(12 долоо хоног)-н хугацаанд 5 удаа эмнэлэгт очиж, шинжилгээ, үзлэгт орон, эм авснаар өрнөх нь нийтлэг байдаг. Төлбөрийн хувьд никотин наалтан эмчилгээ бол ойролцоогоор 200 мянган төгрөг, эмийн эмчилгээ бол ойролцоогоор 300 мянган төгрөг болдог. Өдөр болгон нэг хайрцаг тамхи татдаг гэж үзвэл 3 сарын хугацаан дахь тамхины зарлага ойролцоогоор 580 мянган төгрөг (Японд) болно. Үүний хажууд бол хамаагүй хямд биш гэж үү. Эмч, сувилагч гээд тус дэм болох хүмүүс эргэн тойронд байхад бас л тамхинаас гарах гэсэн хүнд ачаанаас тодорхой хэмжээгээр хөнгөлж өгдөг байна.
За тэгээд тамхины тухайд, тамхи татдаггүй байлаа ч бусдын татсан тамхины утаанд дам хэлбэрээр хордох явдлаас сайтар анхаарч болгоомжлох хэрэгтэй. Тамхины үзүүрээс гарч буй утаанд шүүлтүүрээр дамжин сорогдож буй утаатай харьцуулахад хорт хавдар үүсгэгч химийн бодис, нэгдлүүд илүү ихээр агуулагдах учир дам тамхидалтаас чадах чинээгээрээ зугтах хэрэгтэй. Нялх хүүхэдтэй айлд хүүхдийнхээ дэргэд тамхи татах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэгдэх дуу хоолой ч сүүлийн үед гарах болсон байна.
Хоолны газраар үйлчлүүлэхдээ тамхигүй орчинг сонгож, олон нийтийн газар бусдын татсан тамхины утаанд аль болох ойртохгүй байх хэрэгтэй. Гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад дунд тань тамхи татдаг хүн байгаад, өдөр тутам тамхины утаанаас холдож чадахгүй нөхцөл байдалд байгаа бол тэр хүний өөрийнх нь төлөө, мөн бусдынхаа төлөө тамхи татахгүй байхыг гуйгаарай.
“Тамхинаас гаръя гаръя” гэж амархан хэлдэг хэдий ч цагаа тулахад туйлын хэцүү болохыг би өөрөө ч мэдэрсэн хүн. Би өөрөө 22-30 насныхаа хооронд тамхинд орсон байсан юм. Харин 30 гарснаа шалтгаан болгон тамхинаас бүр мөсөн гарсан. Тэр үед эмийн эмчилгээ гэж байгаагүй болохоор, никотин наалт нааж тамхинаас гарах гэж мэрийсэн дээ. Тамхи татахаа больсон эхний хэд хоног өдөр бүр л амтархан тамхилж байгаагаар зүүдэлнэ, шөнө сэрнэ гэх мэтчилэн их хэцүү байсныг санаж байна. Ганцыг л татчихвал никотин гэдэг тэр шулам биенд минь ороод ирнэ гэж өөртөө байн байн хэлж, сэтгэлээ чангалж байсан санагдаж байна.
Эцэст нь хэлэхэд, тамхинаас гарснаар ээ дээ үнэхээрийн гайхалтай хорвоо чамайг хүлээж байгаа учраас заавал тамхинаас гараарай хө.
Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос.
Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
Эх сурвалж: ikhnuden.com