Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт өчигдөр 18:00 цагийн орчимд гал гарлаа. Эл галын улмаас зогсоолд байрлуулсан “Приус-20″ маркийн автомашины арын хэсэг шатсан байна. Улмаар гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу оржээ. Энэ үед тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна.
Манай сурвалжлах баг UBH барилгад очиход Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, 19:10 минутад галыг шуурхай унтраалаа. Тэд галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтсэн хүн байхгүй гэв. Мөн НОБГ-ын галын шинжээчээс гал хаанаас гарсан талаар тодруулахад “Галыг бүрэн унтрааж, нурах, тэсэрч дэлбэрэх зүйлсийг аюулгүй болгосны ард цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт галын шалтгаан нөхцөлийг тодруулж, галын дүгнэлт гаргана. Тэрнээс өмнө нь ямар нэг урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Энэ галын улмаас тус барилгад байрладаг ‘Булнайн ар” компанийн Хамгаалалтын албаны ээлжийн ахлах А-н машин шатжээ. Тэрбээр гал гарах үед гадуур ажилтай явж байсан гэнэ. Түүнээс галын шалтгааны талаар лавлахад “Би гал гараад миний машин шатсан хойно ирлээ. Хогийн цэгт гал гараад машин шатах үед манай ажлынхан гурван галын хор цацсан ч унтрааж чадаагүй гэсэн.
UBH барилгад оффис түрээсэлдэг нэг давхрын дэлгүүр, ресторанууд хогийн цэгийн гадна цаасан хайрцгаа овоолоод хаячихдаг. Мөн энэ барилгад ажилладаг хүмүүс хогийн цэгийн наана тамхи татдаг. Тэд тамхины ишээ унтраалгүй хаясны улмаас хогийн цэг шатаж, улмаар гал машин руу орсон гэж бодож байна. Галын шинжээчдийн дүгнэлт гарахаар буруутай этгээд олдох байх” гэлээ
Эх сурвалж: “Өглөөний сонин”