Аялал жуулчлалын улирал эхэлж, жуулчид аль хэдийнэ манай улсад хөл тавиад байна. Монгол Улсыг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн жилийн хувьд жуулчдын тоо өсөхөөс гадна аялал жуулчлалын салбарын орлого хэд дахин нэмэгдсэн.
Тодруулбал, өнгөрсөн онд 471 мянга 94 жуулчин ирж, 400 сая 791 мянган ам.долларын орлого оруулсан байна. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад жуулчдын тоо 14, орлого 22 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, жуулчдын тооноос үл хамаарч эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж байна гэсэн үг.
Иймд цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэхээс илүү аяллын бүтээгдэхүүнийг баяжуулах нь зүйтэй гэж нийслэлийн Аялал жуулчлалын газар үзэж буй. Энэ нь зөв шийдэл байж болох ч нөгөө талаараа жуулчдад хандсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, илүү сайжруулах, боловсон болгоход анхаарах нь зүйтэй. Энэ нь нийслэл төдийгүй орон нутагт ч хамааралтай асуудал юм.
БИЕ ЗАСАХ ГАЗАР, БАЙРШИЛ ЗААСАН ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙДАГГҮЙ НЬ ЖУУЛЧДЫН СЭТГЭЛИЙГ ЗОВООДОГ
Бие засах газар, хогийн сав, байршил заасан тэмдэглэгээ зэргийг юуны түрүүнд шийдвэрлэх ёстой болоод байна. Эдгээрийг зохих төвшинд нь шийдвэрлээгүйн улмаас өчнөөн олон жуулчнаа бусад улс оронд алдаж байгаа ч юм бил үү.
Гадаадын жуулчид гэлтгүй монголчуудын хувьд ч энэ нь хүндрэлтэй асуудал билээ. Хогийн сав хангалтгүй учраас хогоо нийтийн гудамж, зам талбайд хаядаг, бие засах газаргүй болохоор аль нэгэн байшин, барилгын булан тохой барааддаг, томоохон газруудын хаяг байршлыг заасан тодорхой тэмдэглэгээ байдаггүйгээс барагцаалж явдаг.
Бид энэ нөхцөл байдалд дасчихсан болохоор гомдол мэдүүлээд байдаггүй. Гэтэл энэ нь жуулчдын хувьд том асуудал учраас цаашид анхаарах ёстой зүйлийн эхэнд онцолж байна. Улаанбаатар хотын автозамын түгжрэл, таксины үйлчилгээ үүн дотроо автомашины ариун цэвэр, жолоочийн харилцаа, хэлний мэдлэг, үнэ тариф болон зочид буудлын үйлчилгээний чанар, ажилтны хэлний мэдлэг, ур чадвар зэрэгт анхаарал хандуулахыг зөвлөдөг байна.
Мөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газруудад хэрэглэгчдэд харилцах төв ажиллуулах саналыг жуулчид тавьдаг ажээ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд дээр дурдсан зүйлд анхаарал хандуулж, зохих хэмжээнд нь шийдвэрлэх нь зүйтэй.
ЖУУЛЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХАНД МУУ ДҮН ТАВЬДАГ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон хөдөөгийн үзэсгэлэнт байгалиар аялсан гаднын жуулчид ямар сэтгэгдэлтэй үлдсэн, дахиад ирж байгаа эсэх нь энэ салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт болох учиртай. Нэг жуулчин дахиад ирж байвал аялал жуулчлалын салбар хөгжиж буй, бидний үзүүлсэн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байлаа гэж тодорхойлж болох юм.
Гэтэл жуулчдын сэтгэл ханамжаас илүүтэй тэдний тоо болон эдийн засгийн үр өгөөжид юу юунаас илүү ач холбогдол өгдөг нь харамсалтай. Товчхондоо, монголчууд бид гаднын жуулчныг “мөнгө” гэж хардагт их учир бий. Ийм явцуу бодол энэ салбарыг хөгжлын “тушаа”, Монголд ирэхээр төлөвлөж буй олон жуулчинд “хаалт” болж байна. Уг нь манай орон байгалийн үзэсгэлэнт газар олон бий.
Тиймээс байгалийн нөөц баялагтаа тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүний тулд салбаруудын хамтын ажиллагаа, олон нийтийн зөв хандлага, жуулчны газруудын чанар, соёлтой үйлчилгээ чухал юм. Гэтэл монголчууд гаднын жуулчдаас мөнгө салгах аргыг нарийн хөгжүүлснээс бус үйлчилгээг өндөр төвшинд хөгжүүлж чадаагүй л байна.
Тухайлбал, хөтөч орчуулагч нар англи, орос гэх мэт гадаад хэлээр чөлөөтэй ярьж чадаж байгаа атлаа Монголынхоо түүх, соёл, зан заншлын талаар сайн мэддэггүй. Тэр ч бүү хэл хөдөөгийн тухай буюу малчдын аж амьдралыг тайлбарлаж чаддаггүй. Хөтөч, тайлбарлагчид жуулчдад Монголынхоо талаар зөв ойлголтыг өгөх хамгийн эхний хүмүүс.
Тиймээс энэ нь жуулчдын манай улсад өгөх үнэлгээнд гол нөлөө үзүүлдэг байна. Мөн орон нутгийн болон жуулчны баазуудын зочид буудлын үйлчилгээг сайжруулж, үнэлгээнд нь хяналт тавихгүй бол тэнд саатах жуулчин олдохгүй нь. Хэт өндөр үнэ, чанаргүй үйлчилгээ нь гадаадын төдийгүй дотоодын жуулчдын халаасыг хоосолж, тухайн газрыг дахин зорихооргүй болгож байна.
Тэднийг зориод очихоор “Орохгүй хаачдаг юм” гэсэн сэтгэлээр хандаж, тэнгэрт хадсан үнэ хэлдэг тапаар нэгнээсээ сонсоогүй хүн цөөн. Түүнчлэн амралтын газрын ойролцоо эмнэлэг байдапүй, яаралтай үед анхны тусламж авах боломжгүйд жуулчид сэтгэл дундуур явдаг байна. Учир нь, гадаадынхан шумуул зэрэг ямар нэгэн амьтанд хазуулбал халдвар авах эрсдэлтэй гэж үздэг учраас эмнэлэгт хандахыг илүүд үздэг аж. Жуулчдад хүндрэлтэй бас нэгэн асуудал бий.
Тодруулбал, нисэх онгоцны ачааны хязгаар. Арван кг-аас илүүгүй ачаа авч явах ёстой гэдэг шаардлага тавьдаг ч туүнд нь камер, видео, компьютер гэх мэтийн нэн шаардлагатай ачаа багтдаггүй байна. Жуулчид монгол орны үзэсгэлэнт байгаль, цэлмэг тэнгэр, тунгалаг ус, ан амьтан зэргийг харахаар сэтгэл дүүрэн ирээд эд зүйлээ хулгайд алдаж гонсгор буцах тохиолдол цөөнгүй гардаг. Зочид буудлын өрөөнөөсөө битгий хэл онгоцноос буусан даруйдаа цунх, утас зэргээ алдаж байсан удаатай.
Иймд жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Энэ бүхэнд анхаарч, сайжруулан соёлтой үйлчилгээ, соёлтой аялагчдыг төлөвшүүлж чадахгүй бол гадаадын байтугай дотоодын жуулчдыг ч татаж чадахгүй. Цаашид аялал, жуулчлалын салбараа хөгжүүлье гэвэл дээр дурдсан бүхэнд ач холбогдол өгч, холбогдох газрууд нь зохих төвшинд шийдвэрлэж чадвал хэдэн мянган жуулчны хөлд дарагдах нь мэдээж.
НЭГ ЖУУЛЧИН ДУНДЖААР ХОЁР САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛДАГ
Аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ манай орны хувьд уул уурхайн салбартаа хэт түшиглэж, аялал жуулчлалын салбарыг орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс ч дээр дурдсан асуудал үүсээд байж болох юм.
Тулгамдсан асуудал олон байгаа хэдий ч манай улсад хөл тавьсан жуулчид Монголд багагүй орлого оруулаад буцдаг байна. Монгол Улсад аялсан 1200 гаруй жуулчныг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулж, хэчнээн төгрөг зарцуулдгийг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан жуулчдын 51 хувь нь өөрөө аяллаа зохион байгуулсан бол 49 хувь нь жуулчлалын компанид ханджээ.
Жуулчид дунджаар хоёр долоо хоногийг Монгол Улсад өнгөрүүлэхдээ хувийн аялагчид 1526, компаниар үйлчлүүлсэн аялагчид 2383, үүргэвчтэй аялагчид 77 ам.доллар зарцуулдаг байна. Тэд аялах хугацаандаа төлбөр тооцооны 74 хувийг бэлнээр, 26 хувийг төлбөрийн карт ашиглан хийдэг аж. Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22, БНХАУ болон ОХУ тус бүр 17 хувь, АНУ, Канадын жуулчид зургаан хувийг бүрдүүлдэг байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ
БНХАУ, ОХУ, Солонгос, Япон зэрэг улсын жуулчид өнгөрсөн онд манай улсад олноор иржээ. Энэ нь тухайн орноос манай улс руу зорчих дэд бүтэц, зам харилцааг хөгжүүлсэнтэй холбоотой аж. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлалын голлох зах зээл бол хөрш болон зүүн Азийн орнууд учраас Улаанбаатар хотыг зүүн Азийн бизнес аялал жуулчлалын төв болгох зорилт дэвшүүлсэн байна.
Энэхуү зорилтдоо хүрэхийн тулд аялал жуулчлалын байгууллагуудын төрөл, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох болон ангилал, зэрэглэл олгох харилцааг өөрчлөх, үйлчилгээний стандартыг бий болгож албан болон албан бус хяналт шалгалтын тогтолцоог бий болгох нь зүйтэй. Мөн олон улсад өрсөлдөхүйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, ОХУ, БНХАУ-ын жуулчдыг татах, нэн ялангуяа “жуулчны идэвхгүй” улиралд хөнгөлөлт урамшууллын нөхцөлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох хэрэгтэй болов уу.
Гадаадын жуулчид Төв, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл зэрэг цөөн хэдэн аймаг руу голлон аялдаг учраас бусад аймаг руу урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй юм. Үүнээс гадна ирж байгаа жуулчдыг тогтоон барих, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ам дамжсан яриаг сайжруулах, шинэ зах зээл, сегментийг татах хэрэгтэйг судлаачид онцолж байна. Түүнчлэн жуулчдын тоог жилд 20 орчим хувиар нэмэгдүүлбэл, 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах боломжтой гэдэг тооцоо гаргажээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
5 comments
tmshvv.gadnii bvv hel uusduu yavah hvnd dee..00gvi.zam temdeggvi tuuruudl bdag yum…
монголчууд чинь өөрсдөө ая тухын мэдрэмж байхгүй хүмүүс,түүнийг хуурамч тансаглалтай хольж ойлгодог:хоол бол махаар цадах амралт бол унтах архи уух
Аргагүй шүү дээ монголчууд хүртэл бие биенийгээ мөнгө гэж хардаг болчихсон тийм утгагүй нийгэмд гадны жуулчдыг адилхан мөнгө гэж харахаас өөр яах билээ.Тэр үйлчилгээ чанар сэтгэл зүрх бүгд мөнгөн дор гишгэгдсэн байна шүү дээ.
МӨНГӨ ГЭЖ ХАРАХГҮЙ Л ЮМ БОЛ ТЭДНЭЭР ЯАХ ЮМ. ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ НОВШНУУД
juulchid shig hereggui yum mongold baihgui juulchilalaar bid mungu oloh hereggui uur salbartaa anhaarsan ni deer dee