Манайд хар тамхи хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор гарах гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Нэгэнт л донтсон бол эдгэрэх найдваргүй хорт зуршилд залуучууд татагдаж байгаа нь нийгмийн хөндүүр сэдэв болж байна. Хар тамхины хэргээр 252 хүн шүүхээр ял шийтгүүлсэн.
Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ оны тавдугаар сард хар тамхитай холбоотой 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна. Зарим хэргийг дурдвал: 2018 оны тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс хоёр удаа шийтгүүлж байсан, 38 настай Ч гэгч нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дайчлан баривчилсан. Ч гэгч нь 2018 оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан этгээд. 2018 оны тавдугаар сарын 22-нд мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар хашаандаа тарьж ургуулсан Монгол Улсын иргэн, 23 настай Б, Д нарыг Хан-Уул дүүрэгт гэртээ байхад нь дайчлан баривчилж, их хэмжээний ургамал тарьж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хурааж аван шалгаж байна.