Нэг удаагийн хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, ундааны сүрлэн соруул зэргийг Европын Холбооны гишүүн орнуудад ашиглахыг хориглох шийдвэр гаргасан тухай “Die weld” сонин мэдээллээ. Мөн дахин боловсруулах боломжгүй хог хаягдалд нэг кг-д нь 80 центээр бодож торгууль оногдуулахаар төлөвлөж байна. Еврокомиссоос ийм хориг арга хэмжээ авах баримт бичгүүдийг боловсруулсныгаа өнөөдөр танилцуулна гэж хэвлэлүүд мэдээллээ.
Манайд түргэн хоолны газрууд дийлэнхдээ хуванцар таваг сэргээгээр үйлчилдэг. Хуванцар савны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, харин удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хэрэглэгчийн биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бууруулж, чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэр болдог гэж үздэг юм. Энэ ч судалгаагаар нотлогдсон.
Мөн төсвийн асуудал эрхэлсэн еврокомиссар Гюнтер Эттингер дахин боловсруулах боломжгүй хуванцар хог хаягдлын клограмм бүрт торгууль ногдуулахыг санал болгосон байна. Хэрэв энэ санал дэмжигдвэл клограмм хуванцар хог бүрт 80 центээр тооцон торгох юм. Харин энэ торгуулийн мөнгийг Европын нэгдсэн төсөвт оруулах санал яригдаж байна.