Хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн олны анхаарлыг татсан хүн бол УИХ-ын гишүүн Д.Гантулга. Түүний нэр холбогдсон хүчингийн хэрэг шалгагдаад жил тойрч буй. Энэ хугацаанд түүнийг яллагдагчаар татах тогтоол гарч, бүрэн эрхээсээ татгалзах хүртэл асуудал өрнөсөн боловч өнөөдөр аль аль нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Ц.Нямдорж сайдын хэлснээр “хуулийн мухардалд” орсон. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилж тавдугаар сарын 3-нд батлагдсанаар түүний бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудал “хуулийн мухардал”-аасаа гараад байна. Энэ асуудлаар Хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн ярихдаа “Одоо Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд ямар нэгэн хуулийн саад тотгор байхгүй болсон. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлтийг Нийслэлийн прокурорт өнгөрсөн долоо хоногт өгсөн. Хариу одоогоор ирээгүй байна” хэмээжээ. Мөн түүний хэлснээр Д.Гантулга гишүүн прокурор, Авлигатай Тэмцэх Газраас дуудахад ирдэггүй, шалтгаан нь дандаа томилолтоор явсан байдаг гэнэ. Иймд энэ хүнийг “байнга битгий томилолтоор явуулаад байгаа ч” гэх хүсэлтийг гаргасан байна.