Авлигатай тэмцэх газар сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийсэн. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Харин Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авч 1.6 жилийн хорих ял авсан байна.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.