“Цалингаа голсон эмч, багш нар хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж хоёр цаг гаруй маргалдсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна гэдгийг онцоллоо. Тэрбээр хэлсэн үгэндээ
“Хүүхдүүддээ хайртай гэж хэлмээр байна. Энэ сэдвийг хэрүүлийн алим болгомооргүй байна. Аливаа улс орны дампуурал авлига, халамж хоёр гэсэн зөөлөн бодлогоор эхэлдэг. Монголд энэ хоёр хэрээс хэтэрсэн. Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав ээж ажил хийх хүсэлгүй болсон. Яагаад гэхээр 5 хүүхэд 100 мянгаар хангалттай амьдарна гэж үздэг. Улаанбаатар хотод нээлттэй ажлын зар маш их байна. Ойролцоогоор 3600 гаруй ажлын байр сул байна. Ирээд ажил хийдэг хүн байхгүй, ажилд тэнцдэг нь ховор. Зориуд унадаг. Бага цалинтай ажилласнаас тэтгэмжээ аваад амьдаръя гэж бодох нь их байгаа юм. Цалингаа голоод сууж байгаа сувилагч, эмч нар 350 мянган төгрөгийн цалинтай ажилласнаас хүүхдийн мөнгөөрөө амьдаръя гэж боддог болчихлоо. Ажил хийдэг хүн алга. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна. Хүүхдийн мөнгө нэмнэ гэж ярьж талцахын оронд хоёр нам засаг барьж байх үедээ үндэслэлгүйгээр бий болгосон төрийн албан хаагчдын тоог цөөлье. Энэ хэмжээгээр цалинг нь нэмье гэдэг суурь бодлогын асуудал байх ёстой. Зүгээр нэг улс төр болгоод мэтгэлцдэг байдлаа больё. Нийгмийн халамж Монголчуудыг сүйрүүлнэ шүү. Бид үлдсэн хоёр жилийн хугацаандаа Их хурлын танхимд хэрэлдэж суух цаг биш шүү. Ард түмэн одоо ухаантай болсон шүү. Хэн нь популизм хийгээд байгааг мэднэ” хэмээлээ.