“Хөөрхөн” болох гэсэн гурван эмэгтэй мэс заслын дараа нас баржээ

Аливаа гоо сайхны мэс засал залуужуулах, овор, үрчлээ багасгах, цог заль нэмэх зорилготой байдаг. Гэтэл чадваргүй эмч, хувийн аюулгүй байдлыг хангаагүй эмнэлэгт “хөөрхөн” болох гэж мэс засалд орох нь дэндүү аюултай юм. Гоо сайхнаараа тоглох нь юу ч биш. Амь насаа алдах эрсдэлтэй аж. Москвагийн умард хэсэгт байдаг хувийн эмнэлэгт мэс засал хийлгэсэн хоёр эмэгтэй дөрөвдүгээр сард нас барсан хэрэг гарсан байна. Холбооны мөрдөн байцаах газар энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлж байтал “Медланж” гэдэг эмнэлэгт ийм мэс засал хийлгэсэн бас нэг эмэгтэй амиа алджээ.
ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүн Михаил Мурашка “Өвчтөнүүдийн үхэл халдвар авснаас болсон, харин хаанаас, юунаас халдвар авав гэдгийг бид тогтооно” гэж мэдэгджээ. Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллага эдгээр эмнэлэгт хэрэглэж байсан эм хэрэгслийг шинжилж байгаа, үүнд 40 хоног шаардлагатай гэнэ.