Манай улсын эрүүл мэндийн салбар уруугаа харсан пирамид бүтцээр явж ирснийг салбарынхан нь хэлдэг. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эмнэлгийн хөгжил хөсөр хаягдан, тэнд ажиллаж буй эмч, сувилагчдын нэр хүнд навс унасан. Чадварлаг эмч, мэргэжилтэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр II, III шатлалын эмнэлгийг хангахад төр, засгаас анхаардаг ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчлэл, хүний нөөц, санхүүг нь бэхжүүлэхэд хойрго хандсаар ирснийг дээр, дооргүй мэднэ. Нярай болон бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд эмзэг бүлгийнхэн үйлчлүүлдэг, тэдэнд хамгийн ойр байх ёстой газар нь өрхийн эмнэлэг. Өрхийн эмч, сувилагчдын ур чадвар, мэдлэг боловсрол өндөр байж, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж чадвал тэр хэрээр дараагийн шатлалын эмнэлэгт хандах хүний тоо цөөрөх ёстой. Дэлхийн олон улс эрүүл мэндийн анхан шатны нэгж болох өрх, хэсгийн эмнэлэгтээ хөрөнгө оруулж, эмч, ажилтнуудад нь өндөр цалин олгодог юм билээ. Гэтэл манайд эсрэгээрээ.
УУШГИНЫ ХАТГАЛГА ЯЛГАДАГГҮЙ ЭМЧ
Улсын хэмжээнд өрхийн 225 эмнэлэгт 3000 орчим хүн ажиллаж буй. Эрүүл мэндийн салбарт Монгол Улс жилд 700 орчим тэрбум төгрөг зарцуулдгийн дөрвөн хувь буюу 28 тэрбумыг нь өрхийн эмнэлгүүдэд хуваарилдаг аж. Энэ мөнгөөр тэнд ажиллаж буй 3000 орчим хүн 2.2 сая иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Харин тэд энэ үүргээ хэр чанартай биелүүлж байна вэ. Өрхийн эмч, сувилагчдын үйлчилгээ, харилцаа, ур чадвар, мэдлэг туршлага үнэхээр хангалтгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Эрх мэдэл, эд хөрөнгөтэй нь өрхийн эмнэлэг гэж байдгийг ч мэдэхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Хамрын ханиад хүрсэн ч гадаадад очиж эмчлүүлдэг. Харин амьдралын боломж тааруу нэг нь арга буюу тус газрын үүд сахиж, үзүүлсэн нэрээр өөрийгөө хуураад өнгөрч буй. Саяхан хүү минь ханиад хүрч, халуурсан юм. Өрхийн эмчид үзүүлтэл 50-иад мянган төгрөгийн эм, түүн дотор хэд хэдэн төрлийн антибиотек бичиж өглөө. Тэдгээр эмийг уулгасан ч орой нь өндөр халуурч, босох ч тэнхээгүй болов.
Яаралтай түргэн тусламжийн эмч дуудан үзүүлтэл “Хоёр уушгиндаа хатгалга болсон байна. Эмнэлэгт хэвт” гэв. Өдөр нь өрхийн эмчдээ үзүүлсэн учир өгсөн эмийг нь уулгаад байвал гайгүй болчих байх гэж найдсан би эмнэлэгт яаралтай хэвтэх болсондоо итгэж чадахгүй байсан. Хүүхдийн цээж чагнаад уушгины хатгалгатай, эсэхийг мэдэхгүй эмч байна гэдэг үнэхээр харамсалтай. Тэр эмч зургаан жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан баймаар. Ийм явдал цөөнгүй тохиолддогийг ээжүүдийн нэгдсэн фэйсбүүк группээс олонтаа уншсан юм.
Мөн хоёр уушгиндаа хатгалгатай хүүхдийг нь өрхийн эмч үзээд мэдэхгүй хүндрүүлснээс хойш хувийн эмнэлэгт л үзүүлдэг болсноо нэгэн ээж бичжээ. Мөн нэгэн танил эмэгтэй маань “Хүү минь гурван сартайдаа диатизтай болоод өрхийн эмчид үзүүлэхэд “Адвантан” гэж тос бичиж өгсөн. Интернэтээс уг тосны талаар мэдээлэл хайхад зургаан сартайгаас дээш настай хүүхдээ түрхэж болно гэсэн заавартай юм билээ. Бас ч үгүй үнэтэй тос учраас эрүүл мэндийн лавлахаас асууж зөвлөсний дагуу вазелинтай хольж, зөөллөн түрхсэн. Гэтэл түрхсэн хэсгийнх арьс цайраад байхаар нь харшлын хувийн эмнэлэгт үзүүлтэл “Дааврын агууламжтай тос” байна гэсэн.
Диатезтай гэж хэлээд байхад л давс, чихрийн уусмал бичээд өгчихнө, халуун бууруулах лааг том хүний тунгаар олгоно. Ой хүрээгүй хүүд минь зургаагаас дээш насныхан уудаг аминдэм бичсэн байх жишээтэй” гэж ярьсан юм. Улаанбурхан туссан хүүхдийг ч мэдэхгүй “Зүгээр байна, харшлын эм уу” гээд явуулсан тохиолдол ч бий. Хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай нь холбоотой хариуцлагатай ажилдаа хэтэрхий хайнга хандаж буй энэ мэт жишээ цөөнгүй. Өрхийн эмч, ажилтнуудтай холбоотой гомдол нийслэлийн Эрүүл мэндийн газарт сард 30 гаруй ирдэг гэнэ лээ.
Эх сурвалж: Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, 2017 он
ЖИЛД 40 ОРЧИМ ХУВЬ НЬ СОЛИГДДОГ
“Өрхийн эмнэлэг байгуулах тухай” Засгийн газрын тогтоол 1999 онд гарч, иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээг нэгдсэн журмаар хүргэдэг болсон. Тухайн үед туршлагатай, сайн эмч нар ажилладаг байсан учир өрхийн эмнэлгүүд нэр хүнд сайтай байжээ. Харин 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх хувийн хэвшлийн байгууллага байна” гэсэн заалт оруулснаар багагүй өөрчлөлт гарсан гэх. Хууль, эрх зүйн орчин тодорхой болсон ч санхүү болон хүний нөөцийн асуудал бүрхэг хэвээр үлджээ.
Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй учраас өрхийн эмнэлгүүд дүүргийн Засаг дарга болон Эрүүл мэндийн төвийн удирдлагын гурвалсан гэрээний дагуу ажилладаг. Тус гэрээг Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг жилд хоёр удаа дүгнэн, 70-аас доош оноо авсан тохиолдолд тухайн эмнэлгийг сонгон шалгаруулалтад оруулдаг аж. Өрхийн эмнэлгийн өнөөгийн нөхцөл, байдал, эмч, сувилагчдын ур чадварыг хэрхэн сайжруулах талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаагаас тодруулахад “Өрх, сумын эмнэлгийн эмч нар иргэдэд 200 орчим төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
1000 гаруй өвчний онош тавьж буй өрхийн эмч нар мэргэшсэн байх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Иргэдтэй хамгийн ойр байж, тулж ажилладаг тэд өвчнөө хэдий чинээ зөв оношилж, тохирсон эмчилгээ бичнэ дараагийн шатлалын эмнэлгийн ачаалал төдий чинээ буурна. Гэтэл өрхийн эмчийг мэргэшүүлэх, дэмжих талаар манай улсад бодлого байхгүйтэй адил. Шинийг барихаас илүү анхан шатанд ажиллаж буй өрх, сумын эмнэлгээ дэмждэг олон улсын жишгээс судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын цалинг гурав дахин нэмлээ шүү дээ. Тэднийг дэмжээд өгвөл II, III шатлалын эмнэлгийн ачаалал буурна, иргэд эрүүл байна гэдгийг тэрбээр харжээ. Малайзад гэхэд дөрвөн жил коллеж, гурван жил баклаварт сураад, хоёр жил дадлага хийсний дараа өрхийн мэргэшсэн эмч болдог юм билээ. Гэтэл манайд ямар ч туршлагагүй, эмийн жороо ч зөв бичиж чадахгүй хүүхдүүд өрхийн эмчээр ажиллаж байна.
Тиймээс эмч бэлтгэдэг анагаах ухааны сургуулиудын удирдлагад “Дөрвөн жил онол, үлдсэн хоёр жил нь дадлагад гаргаач” гэдэг саналыг бид байнга тавьдаг. Тухайн орчинд нь ажиллан, зүрхний бичлэг хийж, ЭХО-д харан, рентген зураг уншчих хэмжээнд хүрээд өрхийн эмчээр ажиллах хэрэгтэй. Одоо ажиллаж буй 900 гаруй эмчийн цөөхөн нь өрхийн эмчийн мэргэшүүлэх ангид дахин сурсан. Манай холбооноос өрхийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг сар бүр зохион байгуулдаг ч суурь мэдлэг олгож чадахгүй.
Өрхийн эмчийн цалин бага, нэр хүндгүй, ажлын ачаалал их учраас тэнд ажиллах туршлагатай эмч олдохгүй байна. Эмэгтэйчүүд, дотор гээд нарийн мэргэжлээр сурахаас биш, өрхийн эмчээр цааш мэргэших сонирхолгүй байгаа юм. Өөр нэг асуудал нь ажлын ачаалал. Хороо, сумынхаа хүн амаас шалтгаалж, 1800-2000 хүнд нэг эмч, нэг сувилагч ногдох стандарттай. Одоогийн байдлаар нэг эмч, сувилагчид 2500 гаруй иргэн ногдож байна.
Шинэ төрсөн нярай, ахмад настнуудаа гэрээр нь очиж эргэх, бүх л насны хүмүүсийг хүлээн авч үзэж, шинжилгээ авах, тариа тарих, бичиг цаасаа цэгцлэх гээд өрхийн эмч, сувилагчийн ажил мундахгүй. II, III шатлалын болон хувийн эмнэлгийн эмч нар эмчилгээ бичээд л “Өрхийн эмчээрээ хийлгэ” гээд явуулчихдаг. Өдрийн сувилагч 30-50 хүнд тариа тарьж байна. Мөн дээрээс нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өрх, сумын эмнэлгүүд В, С вирусийн шинжилгээ авах болсон.
Умайн хүзүү, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, товлолын дархлаажуулалт бүгдийг нь л өрхийн эмнэлгийнхэн хийдэг. Өдрийн болон нөхөн сэргээх физик эмчилгээний сувилагч, мэдээ тайлан өгдөг, нийгмийн ажилтан гэсэн тусдаа орон тоо байх ёстой. Гэтэл санхүү нь хүрэлцэхгүй улмаас стандартад заасан орон тооны дагуу ажиллаж чадахгүй, байгаа хэд нь давхар ачаа үүрч байна. Халдварт өвчин, томуугийн үе эхлэхэд өрхийн эмнэлэг хөл гишгэх зайгүй болдог. Гэтэл халдварт өвчин гэдэг утгаараа ХӨСҮТ-д бүх санхүү нь очдог шүү дээ. Өрхийн эмч, сувилагчдын сарын цалинг ядаж нэг сая төгрөгт хүргэж, тогтвортой ажиллуулах хэрэгтэй” гэв.
ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН 72 ХУВЬ НЬ ӨРТЭЙ
Түүний хэлснээр өрхийн эмнэлгүүд харьяа хүн амын тоогоор санхүүждэг бөгөөд нэг иргэнийг ойролцоогоор 15 000 төгрөгөөр тооцдог байна. Өөрөөр хэлбэл, төрөөс жилд олгодог 28 тэрбум төгрөгийг 225 өрхийн эмнэлэгт хувааж, үүнийгээ нэг сард тооцохоор нэг өрхийн эмнэлэгт 10 орчим сая төгрөг ногдож буй. Гэхдээ хүн амынхаа тооноос шалтгаалан харилцан адилгүй. Дээрх мөнгөөр эмч, сувилагч, ажилчдынхаа цалин, цахилгаан, дулаан, ус зэрэг тогтмол зардал, эм тариа, ариутгал, цэвэрлэгээний материал, шатахуун гээд бүх л зарлагаа болгохын дээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өнгөрсөн онд өрхийн эрүүл мэндийн 216 төвийн санхүүгийн тайланд судалгаа хийжээ. Нийт санхүүжилтийн 76.3 хувь нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 16.2 хувь нь тогтмол зардал болон бараа, үйлчилгээний, 2.1 хувь нь тусламж үйлчилгээ, 5.4 хувийг бусад санхүүжилтэд зарцуулсан байна.
2016 онд өрхийн эмнэлгүүдэд 173 289 500 төгрөгийн өр үүссэний 53 сая нь цалин, 45 сая нь нийгмийн даатгалын шимтгэл, 25 сая нь татвар, 47 сая нь түлээ нүүрс, дулаан цахилгаан, эмийн өр байжээ. Оны эцэст эдгээр төвийн 72 хувь нь өртэй гарсан нь санхүүжилт хүрэхгүй байгааг харууллаа гэж уг судалгаанд дурджээ. Тиймээс одоогийн мөрдөж байгаа, 2013 он баталсан нэг иргэнд ногдох зардлыг зайлшгүй нэмэх шаардлагатай гэжээ.
Өрхийн эмч нарын тал хувь нь шинэ залуу мэргэжилтэн бол үлдсэн нь олон жил ажилласан туршлагатай гэнэ. Жилд тэдний 40 хувь нь солигддог гэсэн судалгаа бий. Өрхийн эмнэлэг дадлагын талбар биш байлтай. Гэтэл тэнд тогтвортой ажиллах хүн маш цөөн. Ажилдаа зүгширч, харьяаллын хүмүүсээ мэддэг болж эхлээд л цалин сайтай, илүү боломжтой эмнэлэг рүү явчихдаг гэнэ. Гэтэл АНУ-д 50, 60 хүрчихсэн хүн гэр бүлийн буюу бидний нэрлэдгээр өрхийн эмчээр ажиллаж л байдаг.
Тэд хариуцсан айл өрхийнхөө хүн бүрийн өвчний түүхийг нь андахгүй, туршлагатай болсон учир иргэд ч үзүүлэх дуртай байдаг аж. Харин манайд өрхийн эмчтэйгээ танилцаж амжаагүй байхад л дараагийнх нь ирчихсэн байх жишээтэй. Нялх хүүхэдтэй ээж, бага насны хүүхдүүд, даралт нь ихсэж, үе мөчөөр нь хатгуулдаг өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн хүнээс бусад нь өрхийн эмнэлэг рүү тэр бүр очдоггүй.
Гэвч дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэхэд заавал өрхийн эмчдээ үзүүлсэн байхыг шаарддаг учир хүссэн, хүсээгүй очихоос өөр сонголтгүй болоод байгаа. Туршилтын туулай болсноос мөнгөө төлөөд сайн эмчид үзүүлэхийг илүүд үздэг болсон энэ цагт өрхийн эмнэлгийг өөд нь татаж, уруугаа харсан пирамидыг зөв болгох хариуцлагатай үе иржээ. Хэдийгээр өрхийн эмнэлгүүд хувийн байгууллага гэсэн статустай ч төсвөөс санхүүжин, төрөөс хамааралтай ажиллаж байна. Жор мэдэхгүй эмчээс, зовлон үзсэн чавганц дээр гэдэг. Өрхийн эмнэлгийн эмч, сувилагчаа чадваржуулахгүй бол гоё нэртэй муу үйлчилгээтэй газар хэвээр үлдэх вий.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
3 comments
ийм чадвартай эмч сувилагч нар цалингаа чамлаад байна уу дааа
уламжлалтын хүн эмч хйиж байнаа.хэлэх үг олдохгүй
Өрхийн эмнэлэгтээ анхаарал тавихгүй засаг төртэй байгааг юу ч гэхэв дээ. Хотын төвд байгаа иргэдэд анхан шатны тусламж үзүүлэх өрхийн эмнэлэг нь орон сууцны умгар өрөөнд байна шүү дээ. Ажлын байрыг нь бий болгож цалинг нь нэмэх хэрэгтэй.