2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн дүн гарчээ.
Өнгөрсөн онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад иргэдээс 234 534 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснээс 231 085-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.5 хувийн үзүүлэлттэй байна. Харин аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 495 111 иргэн хандсаны 485 690-ийг нь хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Энэ нь 98.1 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм.
Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамгийн их өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар хүсэлт гарган ханджээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс