Сайд та дээд боловсролд ялгавар тогтоож байгаа шийдвэрээ эргэн харна уу
Өнөө жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43846 хүн бүртгүүлсний 37950 нь төгсөх ангийн сурагч, 5896 нь өмнөх оны төгсөгч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанд нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсэж байгааг дурджээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ихэнх нь төрийн өмчийн 18, хувийн өмчийн 75 их, дээд сургуульд орохоор өрсөлддөг гэсэн үг.
Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөхөөсөө огцом өссөн нь статистикийн мэдээнээс харагдаж байна. Тухайлбал, 2015 онд 17828 элсэгч шинээр орж байсан бол 2016 онд 27626 болж, 2017 онд бүр 32919 хүрч, өсчээ. Ингэж гэнэт өссөн шалтгааныг БСШУС Я-ны зүгээс ЭЕШ- ын босго оноо 400 байгаа нь “намдсан” гэж үзсэн байна билээ. Түүнээс биш ерөнхий боловсрол эзэмшигчдийн суурь боловсролын түвшин өссөнөөс их дээд сургуульд орсон элсэгчдийн тоо нэмэгдлээ гэдэг байдлаар хандаагүй байгаа юм. БСШУС- ын сайд А/195 тушаалдаа “2018- 2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болго” хэмээн “лүндэндсэн”.
Ингэж нэмэгдүүлснээр дээд боловсролын чанарыг сайжруулах, их, дээд сургуулиудын тоог цөөлж, чанаржуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд гаргах зорилгод нийцнэ гэж тооцоолжээ. Цаашлаад Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын байгууллагуудын сургалт, дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенцид нэгдэхээр “горьдож” байгаа юм.
Нэг талдаа чанаргүй олон сургууль хаалгаа барьж, манай улсын дээд боловсролын үнэлгээ бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол аргагүй улсын эрх ашигт тустай зүйл. Мөн их, дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувиар буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэх аж. Харин нөгөө талд нь босго оноог ингэж хатуу зааж өгсөн нь хүний хувь заяа, хүүхдийн эрх ашиг хөсөр хаягдахад хүргэж байгааг харж чадсангүй. БСШУС Я босго оноонд “бүдэрсэн” олон хүүхэд дээд боловсролтой болохын тулд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улсын гурав, хувийн дөрвөн их, дээд сургуулийг сонгоно гэж тооцоолсон байх. Сайдын баталсан тушаалд орон нутгийн их дээд сургуульд элсэгчдийн босго оноог 400 хэвээр үлдээсэн нь ч орон нутгийн их, дээд сургуулиудын танхимыг дүүргэх гэсэн бодлого байсан байж болно.
Урлагийн суутнууд математиктай, математикгүй шидээвэр бүтээлээ туурвисаар ирсэн
Гэхдээ энэ бодлого нь нийгэм даяар дээд боловсролд ялгавартай хандах хандлагыг аяндаа бий болгохыг тэд тооцсонгүй. Босго оноог ялгавартай тогтоосноос үүдэх сөрөг үр дагавар ч шууд харагдаж эхэллээ. Орон нутагт очиж суралцсан хүүхэд төгсөөд тэндээ ажилд орох магадлал муутай учраас нийслэлийг зорьж таарна. Гэтэл энд ажилд авах компаниуд ялгавартай хандаж эхэлнэ. Мэдээж хувийн компаниуд оюуны потенциал сайтай ажилтан авахын тулд 480 онооны босго давж бэлтгэгдсэн, Токиогийн конвенцийн “болзол хангасан” боловсон хүчнийг сонгох нь тодорхой биз дээ. Тэгэхээр “400 оноо”-ныхонд ямар “цензур” тогтох нь тодорхой харагдаж байгаа юм. Нарийн ярих аваас Боловсролын сайдын тушаал Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болжээ.
Монгол Улсын иргэн бүр төрийн шийдвэрт тэгш хамрагдаж байх ёстой атал нийгэмд хөл тавьж ядаж яваа, иргэний үнэмлэхээ ч авч амжаагүй иргэдээ шууд ингээд ялгаварлах нь “эцэг хууль”-д хэр нийцэх юм бол доо. Энэ шийдвэрт бас нэг алдаа байгаа нь унаган авьяастай хүүхдүүд 480 онооны босгонд “тээглэх” магадлалыг өндөрсгөсөн явдал. Өнөөдөр авьяастай ч физик, математикийн “сүр”-д дарагдсан хүүхдүүд олон байгаа. Энд хэн нэгнийг дутуу үнэлэх, доромжлох талаар ямар ч зорилго агуулаагүйг ойлгох хэрэгтэй. Авьяас бол төрөлхийнх байдаг учраас математик энэ тэрд “дарлуулахгүй” торойж байдаг. Тиймдээ ч дэлхийн урлагийн суутнууд математиктай, математикгүй шидээвэр, сонгодог бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Манайд ийм суутнууд олон бий. Тэд математик мэтээс үл хамаарах урлагийн сургуулиар дамжин гарч ирсэн юм. Гэтэл ирээдүйн суутнуудыг хөгжүүлэх, бэлтгэхэд математикийн шалгалт хийгээд босго оноо шууд тээг болж байна.
• 168 оюутны орон тоо байсаар атал 54 хүүхэд тэнцсэн нь олон “авьяас” 400-гийн босго оноонд дарагдсаныг харуулж байна.
• Нэг талдаа чанаргүй олон сургууль хаагдах, манай дээд боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдийн тоо нэмэгдэх ач тустай.
• Эцэг, эхчүүд хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлсэн нь төрийн шийдвэрт “нам цохиулах” шалтгаан болно чинээ бодоогүй байх.
Жишээлбэл, загвар, дизайнер, зураачийн ангид элсэх зорилго тавин зурах чадвараа сайжруулсан хүүхдүүд 480 оноонд бэлтгээгүй. Үндсэн ур чадвар нь зурах болохоос тоо бодох, гадаад хэл сурах явдал чухал биш гэж тооцсон тэдэнд дээд боловсрол эзэмших боломж ч хаагдчих гээд байна. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ давуу талыг хөгжүүлсэн нь төрийн шийдвэрт “нам” цохиулах шалтгаан болно чинээ бодоогүй байх. Бас ийм байдалд ордог тодорхой хэсэг бол СУИС , ШУТИС болон бусад дүрслэх дизайн урлагийн сургуульд элсэхийг хүсэгчид. Унаган авьяастныг шалгаруулж цэвэр урлагийн бүтээл туурвих сод уран бүтээлч бэлтгэх зорилготой сургууль хэчнээн “авьяас”-ыг математикийн “томьёогоор” гудамд гаргаж байгааг харах харамсалтай. Уран зураг, содон баримал, зураасан зургийн гоц бүтээлүүд төрөхөд математик, гадаад хэл тийм хэрэг болдог юм бол олимпиадын “гавал”-уудаар зураг зуруулж, сийлбэр сийлүүлээд үзээрэй.
Шинжлэх ухаан, унаган авьяас хоёр хэчнээн өөрийг дурайтал ялгаад өгнө дөө. Унаган авьяас бол баян, ядууг үл харгалзан заяадаг бурхны хишиг, аз завшаан гэлтэй. Түүнийг уйгагүй хөдөлмөр, зүтгэлээр “өнгөлдөг” ч, манай нөхцөлд эдийн засгийн боломжгүйгээс олон айл “авьяастнаа” жирийн хар ажилчин болгодог. Ар гэрийн гачигдлаас авьяасаа үнэлүүлж чадахгүй байгаа хэсэг ч бий. СУИС- ийн 2015-2016 оны тайланд ар гэрийн гачигдлаар 40 оюутан, сургалтын төлбөрөө төлөх боломжгүйн улмаас 18 оюутан сургуулиасаа гарсан гэсэн мэдээлэл байгаа нь хэдэн авьяастан яайран болсныг илтгэж байна. Мөн 2015 онд СУИС- ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд элсүүлбэл зохих 168 оюутны орон тоо байсаар атал 54 хүүхэд тэнцсэн нь олон “авьяас” босго оноонд дарлуулж байгааг харуулж байна. Дээр өгүүлсэн төрийн болон хувийн энэ мэт шалтгаануудаас уран барималчин тоосгоны шавар зуурч, агуу зураачид автомашины сэв гаргаад суух ёстой гэж үү. Тэгэхээр БСШУС Я-ныхан ЭЕШ-ын босго оноог өсгөсөн тушаалаа эргэн харах цаг ирж. Ирээдүйн боловсон хүчнээ 480-ынхан, 400-гийнхан гэсэн цензураар ялгадаг болох уу, “авьяас”-ыг гудамжинд гаргах уу гэдгийг шийдэх болжээ. Төрийн уян хатан бодлого гэж байдаг сан.
Эх сурвалж:
1 comment
ЗӨВ, ГУДАМЖИНД ГАРЧ, АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙН ТООГ НЭМЭЖ БАЙГАА ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШҮҮ, ЦОГЗОЛМАА САЙД АА