Оюутолгойн гэрээг бужигнуулах нь тодорхой боллоо

АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛ УРАГШГҮЙ БАЙНА
Юмгүй байх хэцүү, юмтай байх бүр хэцүү гэдэг үг бидэнд яг тохирох аж. Алт, зэсийн арвин нөөцтэй Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй есөн жилийн нүүр үзлээ. “Оюутолгой” төслийг хөдөлгөх гэрээ байгуулсан, сүүлд нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан хоёр Ерөнхий сайдаа Сангийн сайдтай нь хамт торны цаана суулгасан энэ өдрүүдэд эл гэрээг тойрсон тоглолт идэвхжиж байна.
Тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг энэ сарын 20 гэхэд санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулах төлөвлөгөөтэй байсан ч бүтэц, бүрэлдэхүүнээ эцэслэж амжилгүй, ахлагчаа солих, гишүүдээ нэмж, хасах ажилтай зууралдсаар хоёр сарын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд юу болсныг цаг хугацааны дарааллаар нь сануулъя.
Гуравдугаар сарын 23. УИХ- ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба- Очироор ахлуулж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарыг багтаасан ажлын хэсэг байгуулав.
Дөрөвдүгээр сарын 2. Тэд хуралдаж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн удирдамжийг баталлаа. Түүнчлэн үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч буй татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж буйг нь шалгах таван дэд ажлын хэсэг байгуулахаар болов. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд давхар хариуцахаар боллоо.
Тавдугаар сарын 11. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийг даргалахаар болов. Ажлын хэсэг байгуулагдсанаас сар хагасын дараа, УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар товлосон өдрөөс хэдхэн хоногийн өмнө ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Гадаадад долоо хоног томилолтоор ажиллах болсон” гэсэн инээдэмтэй шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул ийм өөрчлөлт хийсэн юм.
Мөн тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ж.Батзандан нар нэмэгдэж ажиллахаар болов. Тэд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт саналаараа орсон. Ажлын хэсгийн анхны бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн чадвар, туршлагад эргэлзсэн, энэ том гэрээний алдаа, мадгийг олоход хэл ус, мэдлэг боловсролын хувьд “багадна” хэмээн голсон хандлага нийгэмд давамгайлаад байв. Харин сүүлд саналаараа нэмэгдсэн гишүүд олон нийтийн тавьж буй шаардлагад нийцнэ хэмээн өөртөө итгээд нөхдөдөө хүч нэмэхээр шийдсэн гэж найдъя.
Тавдугаар сарын 16. Ажлын хэсэг хуралдах үеэр шалгалтын ажил дорвитой урагшлахгүй байгаа талаар шүүмжлэл өрнөж, гишүүд санал зөрөлдөн, маргалдсан гэсэн мэдээлэл тарав. Үүнээс ч өмнө ажлын хэсгийн ажил урагшгүй байгаа талаар шүүмжлэл гараад байсан юм. Гарч буй мэдээлэл, өрнөж байгаа үйл явдлуудыг харахад Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын явц сайнгүй байгаа бололтой.
С.ГАНБААТАР, О.БУМ-ЯЛАГЧ, Ц.ГАНХУЯГ НАР ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ ДЭД АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖЭЭ
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажилд ахиц гараагүй ч үүнд оролцож, хуруу, хошуу нэмэх хүний тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Анх есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан УИХ-ын ажлын хэсэг өдгөө 14-үүлээ болсон. Түүнээс гадна чиглэл чиглэлд ажиллах таван дэд хэсэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд оролцох хүсэлтээ тавьсныг нь ёсоор болгожээ.
Тухайлбал, МАХН-аас С.Ганбаатар, Дуламсүрэн, Ногоон намын О.Бум-Ялагч, Болдбаяр, ИЗНН-аас Ц.Ганхуяг, төрийн бус байгууллагыг төлөөлж Д.Галсандорж, Балжинням нар ажлын дэд хэсэгт багтсан байна. Үндсэн болон дэд ажлын хэсэгт нийтдээ 60 гаруй хүн багтсан гэсэн мэдээлэл бий. Дэд ажлын хэсгийнхэн долоо хоног тутам үндсэн ажлын хэсгийнхэнтэй уулзаж, мэдээллээр хангах үүрэг хүлээж буй. Өөрөөр хэлбэл, шалгалтын ажлын голыг дэд ажлын хэсэг нугална гэсэн үг.
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгээс гадна УИХ-ын нэр бүхий 15 гишүүн нэгдсэн зохион байгуулалтад орж, “Оюутолгой” төслийн үр ашиг, өгөөжийг Монголын талд нэмэгдүүлэхийн төлөөх лообий бүлэг байгуулсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад мэдэгдсэн. Тэд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэн, баталгаажуулах, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний алдааг засаж, шинэчлэн байгуулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэсэн.
Мөн “Ажил хэрэгч санал, санаачилга гаргасан УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага хэн ч байсан хамтарч ажиллана. Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дуу хоолойг шалгалтын ажлын хэсэг, Засгийн газарт хүргэнэ” хэмээсэн. Ийнхүү улстөрчид, иргэний нийгмийнхэн “Оюутолгой” төслийг тойрон бөөгнөрч байна.
Энэ том ордоо монголчуудад үлдэцтэй, өгөөжтэй байлгах талаар ярьж, гэрээг сайжруулах тухай хөндөх нь байж болох зүйл байх. Харин төрийн нэр барин, ажил гацааж, зогсоох, аж ахуйн нэгжийг сүрдүүлж, дарамтлах, улмаар сонгуулийн мөнгөө босгох ажил болгоод өнгөрөх вий хэмээн болгоомжлохоос аргагүй байна.
Оюутолгойн гэрээг анх удаагаа шалгаж буй юм биш. Өмнө нь нэг бус удаа ийм ажил өрнөсөн, янз бүрийн дүгнэлт гаргасан боловч төрийн бодлого, үйл ажиллагаа болсон нь үгүй. Сүр дуулиан болгож хийсэн шалгалт хэдэн улстөрчийн пиар төдийхнөөс хэтрэхгүй өнгөрсөн нь нэг биш. Үнэхээр ярьж байгаа шигээ Монголын талд ирэх үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлчихвэл сайн хэрэг.
Гэвч өмнөх туршлагаасаа харахад алдаа, оноотой ч хөдөлж буй ганц том төслөө гацаах, өөр өөр зорилготой, тус тусын эрх ашигтай олон хүний тоглоом болоод өнгөрөх аюул байхыг үгүйсгэхгүй. Лообий бүлэг удахгүй Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн талаар Засгийн газарт асуулга тавьж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн. С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, бүхэлд нь шинэчлэхийг санал болгосноо ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад бичгээр өгсөн сурагтай. Хөдөлж, хөрөнгө оруулалт оруулж ирж буй ганц том төслөө нэлээд ноолж, бужигнуулах шинжтэй.
Эх сурвалж: “Өнөөдөр сонин”