Манайх ундаа, жүүс төдий л их хэрэглэдэггүй айл. “Хийжүүлсэн ундаа уувал яс сийрэгжинэ” гэсэн бүдүүн баарагдуухан ойлголттой учраас хааяа ундаа авахаараа хийжүүлсэн бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Хүүхдүүддээ ч тэгж захидаг ээж билээ, би. Гэтэл амьхандаа л эрүүл сонголт хийх санаатай худалдан авдаг жүүснүүд болон “Punch”, “Fuze tea”, “+С” зэрэг ундаа хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө Кока Коланаас ч илүү гэдгийг мэргэжилтнүүдээс дуулаад өөрөөсөө ичих шиг болов. Наад зах нь, элсэн чихрийг “гурван цагаан хор”-ны нэг гэдгийг мэдсээр байж бэлээхэн шошгон дээр нь “100 мл бүтээгдэхүүнд агуулагдах саахрын хэмжээ 12.5 грамм” гээд биччихсэн байгаа ундааг бус, “Zero” авбал гэр бүлийнхэнд минь арай бага хор нөлөөтэй гэдэг тухай үнэндээ боддоггүй явж. 6-11 насны хүүхдийн хувьд нэг өдрийн элсэн чихрийн хэрэглээ нь 10 грамм гэдгийг мэддэг сэн бол хүү, охин хоёртоо өнөөх айхтар нялуун ундаанаасаа 100 мл-ээс илүү уулгахгүй байх байв. Хүүхдүүд “Дахиад ундаа ууна” хэмээн нэхэж урваганалаа, уйллаа гээд эрүүл мэндээс нь үнэтэй нулимс гэж юу байх билээ.
Харамсалтай нь, чихэрлэг ундааны хор уршиг хийгээд зохистой хэрэглээний талаарх энэ зэргийн мэдээллийг интернэтээс ч олоод уншчихад болох байтал хэнэггүй, хайнгадаа өдий хүртэл төөрөлдөж явсан бидэн шиг эцэг, эх бишгүй дээ. 2013-2016 оны хооронд хийсэн Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаагаар монголчуудын хоол, шим тэжээлийн боловсрол тун хангалтгүй байсан нь ч үүний тод илрэл. Насанд хүрсэн хүмүүс хэрхэн зөв зохистой хооллох тухай “Гэр” зөвлөмжийг тэртээ 20-иод жилийн өмнө Эрүүл мэндийн яамнаас боловсруулан гаргасан атал үүнийг 10 хүн тутмын нэг нь л мэдэж байж. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүд гэр орондоо аав, ээжээсээ зөв зохистой хооллох талаарх наад захын мэдлэг, мэдээллийг олж авах боломжгүй гэдэг нь эндээс харагдана. Эцэг, эхчүүд бид өөрсдөө ч олигтой мэдлэггүй учраас үр хүүхдэдээ бодитоор үлгэрлэх бус, дэмий л “Чихэртэй ундаа муу. Шүд чинь цоорно” гэх мэтийн хоосон “хуурай” сургаал айлддаг. Тэгэхээр одоо сургууль, цэцэрлэг гээд боловсролын байгууллагад найдах уу. Гэвч тэнд нөхцөл байдал ямар байгаа бол…
ХҮҮХДҮҮД ХЯНАЛТГҮЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙ БОЛСООР
2017 онд хийсэн “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээр 6-11 насны нийт хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жин болон таргалалттай гэж гарсан нь долоон жилийн өмнөхөөс эрс нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав. Бага ангийн сурагчдын дундах чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ өссөнөөс болоод нэг талд таргалалт газар авч буй бол нөгөө талд хоол тэжээлийн дутагдалтай, үеийнхнээсээ өсөлт нь хоцорсон хүүхдүүд нэмэгдэх болжээ. Энэ насны сурагчдаас 10 хүүхэд тутмын найм нь сургуулийнхаа ойр орчмоос чихэрлэг хүнс, ундаа болон шарж болгосон, түргэн хоол гэх мэт эрүүл бус хүнс авч хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Бүр тодруулбал, судалгаанд оролцсон 6-11 насны хүүхдүүдийн 80.9 хувь нь ямар нэгэн чихэрлэг ундааг сүүлийн долоо хоногт хамгийн багадаа нэг, 20.3 хувь нь хэд хэдэн удаа уусан гэж хариулжээ. Үр дагаварт нь дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болоод байгаа бөгөөд улмаар XXI зууны чимээгүй тахал гэгдэх таргалалт түгээмэл ажиглагдсан нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй хамгийн ноцтой асуудал болов.
Бага ангийн хүүхдүүдийн сонголтод гол нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл нь зар сурталчилгаа. Гэтэл хүүхдэд зориулсан зар сурталчилгааны 98 хувь нь эрүүл бус хүнс байдгийг дэлхий дахинд хэдийнэ тогтоожээ. Тиймээс сургуулийн орчинд ядаж энэ төрлийн хэрэглээг хязгаарлахын тулд улс орнууд янз бүрийн бодлого баримталдаг. БНСУ-д гэхэд л сургууль орчмын 200 метрээс дотогш газрыг “Green zone” буюу “Эрүүл бүс” болгоод, тэндээ зарж борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн худалддаггүй, эрүүл бус хүнсний зар сурталчилгаа байршуулдаггүй юм байна. Харин манай ерөнхий боловсролын сургуулиудын дотор болон гадаах 250 метр орчим дахь зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнснийх, тэр дундаа 50 хувь нь чихэрлэг ундааных байгааг аль 2012 онд судалгаагаар тогтоожээ.
Сургууль орчмын 100 ам метр газарт 0.9 ширхэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа байрлаж буй нь олон улсын жишигтэй харьцуулахад нэлээд өндөр нягтралтай үзүүлэлт гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр хэлэв. Сургуулийнх нь үүдний дэлгүүрийн хаяган дээр “Coca Cola” гэсэн үг бичээстэй байхад, эсвэл цайны газрынх нь хаалган дээр чихэрлэг ундааны зураг наалттай байгааг харахад л хүүхдийн сэтгэхүй “өдөөгддөг” байна. Тиймээс сургуулийн орчин дахь эрүүл бус хүнсний зар сурталчилгааг цэгцлэх, ямар ямар бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглох ёстой, ямар тохиолдолд хүлээн зөвшөөрч болох гэх мэт зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа аж.
…олон улсын жишгээр Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай болох нь зүйтэй гэдгийг ойлгосон УИХ-ын зарим эмэгтэй гишүүн төсөл боловсруулж байгаа сурагтай. Үүнээс гадна сургуулийн орчинд ямар нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд хэдий хэмжээтэй өгвөл зохих вэ гэдэг стандарт тогтоож өгөөд, түүндээ хяналт тавьдаг туршлагыг ч Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж мэргэжлийн хяналтынхан үздэг юм билээ…
Ямартай ч 2013 онд баталсан Сургууль, цэцэрлэгийн орчимд худалдан борлуулахыг хориглосон хүнсний жагсаалтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан тул энэ ондоо багтаагаад Эрүүл мэндийн сайдын журам гарчихна хэмээн найдаж буй юм билээ. Тамхины тухай хууль шиг “Сургууль орчмын 200 метрээс дотогш газарт ийм ийм хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглоно” гэсэн журам гарах бололтой юм.
Гэвч мянган чухал жагсаалт батлаад, хэчнээн сайхан журам гаргаад, хэрэгжилтэд нь хяналт тавих функцүүд тодорхой бус байвал ямар ч нэмэргүй. Сургуулийн орчимд худалдан борлуулахыг хориглосон хүнсний жагсаалтад байгаа чихэрлэг ундааг (100 мл бүтээгдэхүүнд агуулагдах элсэн чихрийн хэмжээ нь 10 граммаас дээш) сурагчдад зарж байна уу, үгүй юү гэдэгт мэргэжлийн хяналтынхан хөндлөнгийн хяналт тавьж, сургууль, Эцэг, эхийн зөвлөлийнхөн дотоод хяналтаа хариуцах ёстой гэж буй ч бодит байдалд тэгж чадаж байгаа бил үү.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн 2015 онд ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд борлуулж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хийсэн судалгаанаас бид ирээдүй хойчдоо дэндүү хөндий хүйтэн, хүнийрхүү хандаж буйгаа ойлгоно. Тухайлбал, манай хүүхдүүдийн сургуулийнхаа орчмоос байнга авч иддэг чихэр, ундаа, чипсний найрлагад илэрсэн зарим хүнсний будагч, үл исэлдүүлэгч бодис нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй тул олон улс оронд хязгаарласан, ялангуяа хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон нэмэлтүүд байсан шүү дээ.
СУРГУУЛИУДАД ХООЛЗҮЙЧ АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХЭРЭГТЭЙ БАЙНА
Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, ард иргэдийн эрүүл мэнд, өвчлөл нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотойг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг гэсэн үг. Хүүхэд байхаасаа зөв зохистой хооллож сурах нь хүний эрүүл мэнд,
өсөлт хөгжил, оюун санаанд эергээр нөлөөлөхөөс гадна цус багадалт, таргалалт, шүд хорхойтох зэрэг наад захын эмгэгүүдээс урьдчилан сэргийлж, улмаар зүрх судасны өвчин, хавдар, тархинд цус харвах гэх мэт алсын үр дагавруудаас сэргийлдэг байна. Хамгийн гол нь хүүхэд, өсвөр насанд төлөвшсөн, архаг хууч өвчний үндэс суурь болох буруу хооллолтын дадлуудыг хожим өөрчлөхөд хүндрэлтэй байдаг аж.
Тиймээс ерөнхий боловсролын сургуулиуд дэргэдээ мэргэжлийн хоолзүйч ажиллуулж, хүүхдүүдэд эрүүл, зөв хооллолтын талаар ойлголт мэдлэг өгөх нь маш чухал. Ялангуяа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг 6-11 насны сурагчдад энэ талын ойлголт мэдлэг өгөхөд төр, засгийн бодлого чиглэх учиртай. Гэтэл манай сургуулиудад мэргэжлийн хоолзүйч ажиллуулах эрх зүйн орчин бүрдээгүй учраас энэ үүргийг сургуулийн эмч, эсвэл нийгмийн ажилтан, бага ангийн менежер нь хүлээдэг байна. Уг нь бол сурагчдад хоол, шим тэжээлийн талаарх суурь боловсрол олгох ёстой хүн нь хоолзүйчид.
Адаглаад мэргэжлийн хүмүүс зургаа, долоон настнуудын эвийг олж “Чихэрлэг ундаа их уувал чиний анхаарал төвлөрөхгүй, ангийнхнаасаа сурлагаар хоцорно, бас үеийнхнээсээ намхан давжаа, бүдүүн тарган болно” гэх зэргээр үндэслэлтэй, ул суурьтай мэдлэг олгох хүмүүс нь тэд. Гэвч Эрүүл мэндийн тухай хуульд “Эмнэлэгт эмчилгээний хоолзүйч ажиллана” гэж заасан шиг ажлын байр нь баталгаатай биш учраас сургуулийн хоолзүйчээр мэргэшиж, төгсөх сонирхолтой хүн цөөн байдаг гэнэ.
ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрлэлийн технологийн сургууль 2000 оноос хоол зүй, тэжээхүйн ухааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 156 хүн төгсчээ. Тэд төгсөгчдөө эмнэлгийн болон сургуулийн хоол зүйчээр мэргэшүүлэх зургаан сарын хөтөлбөрт хамруулснаар тухайн салбарт ажиллах эрх нь нээгддэг байна. Гэвч сургуулийн хоолзүйчээр өнөөг хүртэл 25 хүн мэргэшсэний ердөө тав нь л мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгааг ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст учирлав. Тэрбээр “2017 оны байдлаар төрийн болон хувийн өмчийн 798 сургуулийн I-V ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдан, олонх нь өдрийн хоол иддэг.
Гэвч эдгээр сургууль бараг бүгдээрээ хоолзүйчгүй байгаа нь хамгийн том асуудал. Жишээ нь, сургуулийн орчинд зарагдаж буй эрүүл бус хүнсийг хүүхдүүд маш ихээр худалдан авч байгаагийн цаад шалтгаан нь тэдэнд шим тэжээлийн талаарх ойлголт мэдлэг өгөөгүйн уршиг. Тиймээс манай улс даруйхан Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай болж, тэндээ сургуулиуд заавал хоолзүйч хэмээх мэргэжлийн хүнийг ажиллуулах, тэдгээр нь ямар ямар ажил хариуцаж хийх ёстой гэх мэт асуудлыг тодорхой тусгах нь зүйтэй” хэмээн ярилаа.
ШУТИС-ийнхан БСШУСЯ, КОЙКА байгууллагатай хамтран, “Үдийн цай” хөтөлбөрийг “Өдрийн хоол” болгох зорилгоор төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хот, Архангай аймаг, Булганы Дашинчилэн сумын сургуульд олон улсын жишигт нийцсэн гал тогоо байгуулж өгөөд, мэргэжлийн хоолзүйч ажиллуулжээ. Ингэснээр тухайн сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, стандартын хяналт тогтмол сайжирснаас гадна сурагчдын хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг боловсрол дээшилж, эрүүл хүнсний хэрэглээний дадал хэвшил суусан нь судалгаагаар нотлогдсон гэнэ.
Тиймээс олон улсын жишгээр Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай болох нь зүйтэй гэдгийг ойлгосон УИХ-ын зарим эмэгтэй гишүүн төсөл боловсруулж байгаа сурагтай. Үүнээс гадна сургуулийн орчинд ямар нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд хэдий хэмжээтэй өгвөл зохих вэ гэдэг стандарт тогтоож өгөөд, түүндээ хяналт тавьдаг туршлагыг ч Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж мэргэжлийн хяналтынхан үздэг юм билээ.
Эх сурвалж: