Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад жил гаруй хугацааг тойрч буй. Хоёр ч удаагийн ажил хаялт зарласны үр дүнд эрх баригчид 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлж эхэлсэн. Иймд сувилагч нартай нэгдэж өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ.
УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна.
Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Түүнчлэн миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв.