Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Энэ үеэр хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төсөл байв. Үүнд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, сургууль, цэцэрлэгийн орчимд камержуулалтыг түлхүү хийж, бага насны хүүхэд осолд орох, алга болохоос сэргийлэх, хил, гаалийн байгууллагудын ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудалд анхаарч ажиллахыг санууллаа. Мөн С.Бямбацогт нарын гишүүд Улсын бүртгэлийн цогцолбор төв барих, Олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулалд 2 тэрбум төгрөг төсөвлөх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ. Ийнхүү байнгын хорооноос анхны хэлэлцүүлэг хийсэн тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн таван жилийн өмнө улсын хэмжээнд хар тамхи хэрэглэгч 1500 иргэн байсан бол одоо 5000 болж өссөн байна. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хар тамхитай тэмцэх чиглэлд 11 заалт бүхий зөвлөмж ирүүлснийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав хэлэв.