Айл гэрийн халамжит хань, дөрвөн хүүхдийн аав А.Гандүгэрийн хөл өлмийн хэсгээрээ үхжиж эхэлсэн тул яаралтай судасны хагалгаанд орох болсон юм. Монголд эмчлүүлэх боломжгүй тул БНСУ-д хөлний мэс засалд орох шаардлагатай. Нийтдээ 50 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймд өвчиндөө зовж шаналж буй аавыгаа хараад сэтгэл нь хөндүүрлэсэн 12 настай Г.Бүртэйхулан, найман настай Тэмүүжин хүү нь мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангид сурдаг Г.Бүртэйхулан:
“Аавыгаа өвдөж байхыг нь харахад үнэхээр хэцүү байдаг. (Нулимс цийлэгнэв) Бид аавтайгаа удаан амьдармаар байна. Хөлний судас бөглөрөх өвчинөөр 2016 оноос хойш өвдөж, хоёр удаа хагалгаанд орсон. Өдөр бүр өвчин намдаах эм, лаа хэрэглэдэг боловч огт намддаггүй. Заримдаа бүр уйлдаг. Ах маань 12 дугаар анги, өнөөдөр шалгалттай учираас ирж амжаагүй. Аав маань алхъя гэхээр хөлнөөс нь идээ гардаг.Түргэний эмч нар ирээд тариа тариад, өвчин намдаах эмээ уугаарай л гэдэг. Орой болгон эм уусаар байгаад ходоод нь өвддөг болчихсон. Монголд эмчлэгдэх боломжгүй БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай гэж Солонгос эмч хэлсэн. Эмч нар судас шингэлэх эм бичиж өгдөг боловч 12-85 мянган төгрөгийн үнэтэй болхоор авч чаддагүй. Тиймээс хоногт 5000-6000 төгрөгийн эм авдаг. Аав маань “Эрүүл болхоороо хүүхдүүдээ баярлуулна, бүгдээрээ гадуур гарна” гэж хэлдэг” гэж хэрсүүхэн ярих түүнээс ганц хоёр зүйл тодруулав.
-Аав нь хэзээнээс өвдөж эхэлсэн бэ?
– Манай аав Говь-Алтай аймагт том тэрэгний жолоочоор ажилладаг байсан. 2016 оноос хөл нь өвдөж эхэлсэн. Хоёр удаа хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлийн улмаас нэг талын гар хөл нь мэдээгүй болсон (тархины цус харвалт) гэж эмч нар хэлсэн. Өмнө нь Хятадад хөлөө эмчлүүлэхээр явсан боловч өвчтэй хөлийг нь эмчлэх боломжгүй, харин мэдээ алдсан хөл рүүгээ идээ нь шилжих гэж байсныг нь эмчилж эрүүл болгосон. Одоо БНСУ-д эмчлүүлэх боломжтой гэсэн. Өвчтэй хөлнийх нь шарх жижиг байх үед аав маань арай гайгүй байсан ч одоо бүр их өвддөг.
-Эмчилгээний зардалд хамаатнууд нь тусалж байв уу. Аавыг нь хэр их эргэж тойрч байна ?
– Ирэх ням гаригт хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа. 1000 билетнээс 300-г нь зарж өгсөн.Өмнө нь тусалж байсан байхаа. Би жаахан байсан болхоор тэр бүр санадаггүй. Аав маань өдөртөө ганцаараа байдаг. Хааяа л нэг бөөнөөрөө цуглаж харагддаг.
-Ээж нь юу хийдэг вэ, хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?
– Манай ээжийг Оюунжаргал гэдэг. ТҮК-д ажилладаг. Манайх цалингийн зээлтэй болхоор ээж маань 150 мянган төгрөг үлдлээ л гэж хэлдэг.
Баянзүрх дүүрийн тавдугаар хорооны нутаг Жуков хотхоны 47 дугаар байрт нэг өрөө орон сууцанд амьдардаг энэ гэр бүлд хорооноос хүнсний талонд саяхан хамруулсан байна. Гар дээр олдох жаахан хэдэн төгрөгийн ихэнх нь эм тарианд явдаг аж. Иймд сайхан сэтгэлийн үүднээс энэ гэр бүлийг элэг бүтэн үлдээхийн төлөө тусламжийн гараа сунгахыг хүсвэл 80808864 дугаарт холбоо барина уу.