“Сант” сургуулийн удирдлагууд намайг чанаргүй барилга барьсан гэж шүүхэд мэдүүлсэн атлаа хэдхэн хоногийн дараа чанаргүй гэсэн барилга нь чанартай барилга болж, Улсын комисст манай компанийг оролцуулахгүйгээр хууль бусаар хүлээлгэж өгсөн нь илэрч, зарим нь хариуцлага хүлээж эхлээд байна.
“Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.
-“Сант” сургуулийн барилгыг чанартай, чанаргүй барьж өгсөн гэх асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад цөөнгүй жил боллоо. Хэрхэн шийдэгдэж байна вэ?
-2013 оны зургадугаар сард манай “Бүрэн цутгамал” компани “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж эхэлсэн. Ажлын гүйцэтгэл бараг 80 хувьд хүрсэн байхад буюу 2013 оны аравдугаар сард манай компанийн ажилчдыг “Сант” сургуулийн удирдлагууд барилгын талбайгаас хүчээр хөөж гаргасан явдал болсон. Энэ үеэс иргэн, эрүүгийн болон захиргааны хэрэг маргаанууд хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж эхэлсэн. 2014 оны гуравдугаар сарын 17-нд анх надад Эрүүгийн хуулийн 148.4 буюу бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг нийтдээ 756 хоног шалгагдсан. Үүний дараа хүний нэр төр гутаасан гэсэн үндэслэлээр 2015 оны хоёрдугаар сарын 11-нд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь 412 хоног шалгагдсан. Гэвч аль аль нь 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд хэрэгсэхгүй болж байлаа. Мөн чанаргүй барилга барьсан гэсэн үндэслэлээр 2015 оны хоёрдугаар сарын 24-нд эрүүгийн хэрэг үүсгээд 2017 оны долдугаар сарын 16-нд бас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг 886 хоног шалгасан байсан. Ингээд “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг гэрээний дагуу барьж өгснөөсөө болж, давхардсан тоогоор 2055 хоног хууль, хяналтын байгууллагаар шалгуулан байцаагдаж, шүүгдэгч, яллагдагч гэсэн нэртэй явж ирлээ. Энэ дунд сэжигтнээр татагдсан хоног хугацааг оруулсангүй. Зөвхөн яллагдагч, шүүгдэгчээр татсан болон хэрэгсэхгүй болгосон тогтоолын хоорондох хоногийн тоо давхардсан тоогоор 2055 болчихоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зургаан жил гаруйн хугацаанд би яллагдагч, шүүгдэгч гэсэн нэртэй явж иржээ. Үүний цаана өнгөрсөн цаг хугацаа, амьдрал, нэр төр, мөнгө, боломжууд гээд асар их зүйл алдагдсан.
-Таны хэргийг шүүх эхлээд хэрэгсэхгүй болгочихоод дахин гэм буруутайгаар тогтоосон тухай та ярьж байсан. Үүнийг дэлгэрүүлж хэлж өгөөч?
-2017 оны долдугаар сарын 16-нд Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо. Одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7.2-т зааснаар “Яллагдагч өөрийн гэм буруугаа шүүхээс цагаатгуулахыг хүсвэл хэрэгсэхгүй болсон тогтоолд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу би дээд шатны прокурорт гомдол гаргасан. 2017 оны наймдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокуророос надад “Таны гомдлыг хүлээж авлаа” гэсэн бичиг ирүүлсэн. Гэтэл Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7.2-т заасан хэрэг цаашаа хэрхэн үргэлжлэх процессыг огт заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болсон тогтоолоо бариад шүүх рүү явах боломж хуулийн хүрээнд байхгүй гэсэн үг гэж прокурор тайлбарлаж байна. Цаашаа хянагдах, хэлэлцэгдэх ямар ч боломж байхгүй учраас дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгоод дахиад намайг яллагдагчаар татаад, шүүх рүү явуулахын тулд дахин яллах дүгнэлт үйлдлээ. Ингээд анхан шатны шүүх дээр шүүх хуралдаан боллоо. Тэр хурал дээр улсын яллагч нь намайг гэм буруутай гэж зүтгэж, манай өмгөөлөгчдийг мэтгэлцэхээр шүүгч намайг гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан.
Хэрэгсэхгүй болсон тогтоолд би яах гэж гомдол гаргасан юм бэ гэхээр прокурорын байгууллага иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гээд яллагдагчаар татдаг. Гурав, дөрвөн жил шалгаж, шалгаж нэр төр, эд хөрөнгө, амьдралынх нь хайран цаг хугацааг барж, сэтгэл санаагаар нь хохироож байснаа алга дарам цаасан дээр “Гэмт хэргийн шинжгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг хийж өгдөг. Энэ юу гэсэн үг вэ. Би үүний эсрэг явсан юм. Амьдрах гэж зүтгэж байхад нь иргэдийг хэлмэгдүүлэх явдал бүр хэрээс хэтэрчихсэн байна шүү дээ. Хилсээр хэлмэгдүүлчихээд төрийн нэрийн өмнөөс иргэдийг гүтгэж, дайрч, загнаж, дээрэлхчихээд “Чи гэмт хэрэг үйлдээгүй юм байна” гээд явуулж болох юм уу?
Ганцхан жишээ хэлье. 2016 оны долдугаар сарын 25-нд Анхан шатны шүүх хурал болж, прокуророос намайг чанаргүй барилга барьсан чинь нотлогдлоо гээд чанга дэглэмтэй хорих ангид найман жил ял эдлэх ял оноож байлаа. Дээр нь албан тушаал эрхлэх эрхийг гурван жил хассан. Ингээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад 2017 оны гуравдугаар сарын 15-нд болсон хурлаар прокурор надад дахиад 5.5 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй гэж байсан. Гэтэл үүнээс дөрөвхөн сарын дараа “Батдэлгэрт хамаарах хэрэг гэмт хэргийн шинжгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болголоо” гэсэн. Ингэж болдог юм уу?
Хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь үүнээсээ хэдхэн сарын дараа надад дахиад л шүүхээс ял оноож, прокурорууд нь чанга дэглэмтэй хорих ангид эдлэх зургаан жилийн ял уншиж байгаа юм. Ингэхээр би шударга шүүхийн үйл явц, хэрэг шийдвэрлээд байгаа процессыг үнэндээ ойлгохгүй байгаа юм.
-Прокурор, шүүхийн байгууллагын энэ хариуцлагагүй, шударга бус байдлыг та юу гэж харж, ойлгож байна вэ?
-Үнэндээ мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд л бүхнийг шийдэж байна шүү дээ. Тэдний цаана хэлмэгдэж, хохирч буй өчнөөн ард иргэд байна. Би УИХ-ын гишүүдээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7.2 дахь заалт цаашаа хэрхэн үргэлжлэх юм бэ. Иргэн хэрэгсэхгүй гэсэн тогтоолоо бариад шүүхээр цагаатгуулж яагаад болохгүй байгаа юм бэ. Цагаатгуулахыг хүсэхээр нь хуулийн байгууллагаас “Чи яасан олон юм ярьдаг хүн бэ” гэж хэргийг нь задалж, дахин шалгаж, бүр ял оноож хашрааж, амыг нь таглаж байгаа юм уу? Юу гэж ойлгох вэ. Хуулийн энэ гажуудал бол эрх мэдэлтэй, хууль бус зүйл хийгсдийн алдаатай зүйлсээ нуун дарагдуулах гэсэн нэг цонх нь. Өөр юу ч биш. Иргэдийг баахан хэлмэгдүүлж, шалгачихаад түүнийгээ цагаатгаад өг гэхээр дахин шалгаж, ялтан болгохоор улайрна гэдэг аль ч ардчилсан нийгэмд байхгүй зүйл.
-Таныг ямар зүйл заалтаар буруутгаж байгаа вэ, сүүлд хэргийг чинь задлахдаа.
-Мөрдөн байцаалтын шатанд намайг буруутгасан нэг ч баримтыг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт байгаа, яллах, шүүхийн шийтгэх тогтоолд дурдаад байгаа нотлох баримтууд нь “Сант” сургуулийн захирал Зургаанжингийн гүжирдэж өгсөн баримтууд юм. Гэтэл хамгийн харамсалтай нь шүүхийнхэн тэр гүжирдлэгийг нь баримт гэж аваад байна. Бүр баримт болгоод байна.
-Шүүхээс шинжээч томилдог биз дээ. Тэр хүн уг нь баримтад авагдсан зүйлсийг бүгдийг мэдэж байх ёстой байх аа?
-Шүүхээс нэг л удаа шинжээч томилсон. Гэхдээ ямар шинжээч гэж санана. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд “Монхорус Электрик” гэдэг компани дотор цахилгааны ажлыг нь гүйцээсэн байдаг. Нэгдүгээрт, энэ компани барилгын тусгай зөвшөөрөлгүй. Хоёрдугаарт, дүгнэлт гаргах эрх байхгүй. Гэтэл ийм компанийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шинжээчээр томилчихож байгаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Шинжээч нь хөндлөнгийн шинжээч байна. Ашиг сонирхлын зөрчилгүй, хувийн харилцаагүй байна” гээд заачихсан байгаа. Гэтэл энэ компани нь “Сант” сургуультай хувийн харилцаатай. Тодруулбал, өргөтгөлийн барилгынх нь үлдэгдэл дотор заслыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүхээс томилсон ганц шинжээч нь ийм байхаар яаж зөв баримт бүрдэж, зөв мэдээлэл цуглах вэ дээ. Ийм байхад анхан болон давах шатны шүүх энэ үнэн зөв, бодит баримт гээд байгаа нь бас гайхалтай.
Нөгөө талаас намайг “Сант” сургуульд 75 сая 194,437 төгрөгийн хохирол учруулсан гэсэн тооцоо гаргасан байсан. Энэ мөнгө хаанаас гарч байна вэ гэхээр “Сант” сургуулийн дотор цахилгааны ажлыг “Монхорус Электрик” компани хийж өгөх үнийн санал юм, үнэндээ. Хавтаст хэрэгт ч маш тодорхой авагдсан байна лээ. Үүний цаана шүүх, прокурорынхон намайг үнийн саналаар яллаж байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Бүр тодруулбал, гүйцэтгэгч компанийнхаа үнийн саналаар намайг өөрийнхөө компанийг хохироосон гэж “Сант” сургуулийн удирдлага Д.Зургаанжин хууль, хяналтынханд мэдээлж, түүгээр нь намайг яллахыг оролдож байна гэсэн үг.
Эрүүгийн хуульд хохирлыг хэрхэн тооцох тухай маш тодорхой заасан байдаг. Тодруулбал, “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эд материал, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж үзнэ” гэж заасан байдаг. Гэтэл “Сант” сургуулийн хувьд ямар ч хохирол амсаагүй. Тэдний хэлээд байгаа 75 сая 194,437 төгрөг нь тус өргөтгөлийн барилгын цахилгааны ажлыг гүйцээж хийсэн төлбөр. Гэтэл яллах, шийтгэх тогтоолд үүнийг үндэслэл болгон намайг буруутгаад сууж байгаа шүүх, прокурорынхонд хэлэх ч үг олдохгүй байна.
-Та шат шатны шүүх, хууль, хяналтын байгууллагын алдаа, завхралыг багагүй хугацаанд шүүмжилсэн. Заримыг нь ил тод зарласан. Энэ талаар цөөхнийг дурдах уу?
-2016 оны долдугаар сарын 25-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Зургаанжин “Бүрэн цутгамал” компанийнхан бидэнд хогийн, новшийн барилга барьж өгсөн. Бид ашиглаж чадахгүй” гэсэн байдаг. Гэтэл зургаахан хоногийн дараа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт “Чанартай сайн барилга учраас улсын комисст шалгуулж, ашиглалтад оруулмаар байна” гэсэн хүсэлт өгсөн байгаа юм. Улсын комисс 2016 оны наймдугаар сарын 24-нд барилгыг хүлээж авсан байдаг. Ингэхдээ манай компанийн бичиг баримтаар, манай компанийн нэр дээр гарсан барилгын ажил эхлүүлэх, гүйцэтгэх зөвшөөрлөөр, тухайн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, юу ч хийгээгүй “Голомт констракшн” ХХК-тай хийсэн хуурамч гэрээг үндэслээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төрийн албан хаагчид барилгыг хүлээгээд авчихсан байсан. Өөрөөр хэлбэл, “Сант” сургуулийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагаанд нь оролцож, хамтран хууль бус улсын дүгнэлт үйлдсэн гэсэн үг. 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх үйл ажиллагаанд оролцсон төрийн албан хаагчдын хууль бус үйлдлийг тогтоогоод дүгнэлт гаргачихсан байгаа. Энэ дагуу тус комиссыг ахалж ажилласан НХТ,ЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй хүмүүс хуурамч бичиг баримт үйлдсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд улсын комиссын хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн. Жишээ нь: тэмдэглэл дээр ирц 100 хувь байна гэсэн байхад АТГ-аас хийсэн шалгалтаар байх ёстой улсын байцаагчдын гурав нь ирээгүй нь тогтоогдож, комиссынхон ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл хурлын тэмдэглэл дээр ирээгүй Б.Нямаа, Ч.Бум-Эрдэнэ, Б.Эрдэнэболд нарын гурван байцаагч, албан тушаалтныг үг хэлсэн болгоод өмнөөс нь зохиогоод тавьчихсан байдаг юм. Үүнээс гадна манай компанийн нэр дээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссаныг үргэлжилж байгаа гэх хуурамч дүгнэлт, бичиг гаргаж өгсөн асуудлаар Эрдэнэтуяа нь давхар шалгагдаж байгаа. Дээр нь “Голомт констракшн” ХХК-ынхан хуурамч гэрээгээр улсын комисст барилгахүлээлгэж өгсөн асуудлаар би гомдол гаргаж, шалгуулахад Прокурорын байгууллагаас ““Сант” сургууль, “Голомт” констракшн хоорондын барилгын өргөтгөлтэй холбоотой гэрээ хуурамч, гэхдээ эрүүгийн хэрэгт татах хуулийн хугацаа өнгөрсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргаад, тус компани шалгагдаж байгаа.
Өөр нэг ноцтой жишээ хэлье. Улсын комисст ажилласан Б.Нямаа нь комисс хуралдахад байгаагүй мөртлөө хоёр хоногийн дараа Сант сургуулийн удирдлагууд гуйгаад байхаар нь үүрэг даалгавар биелэгдээгүй байхад буюу архивт шаардлагатай бичиг баримтаа аваагүй байхдаа гарын үсэг зурж өгсөн гэдгээ АТГ-т шалгагдаж байхдаа мэдүүлсэн байдаг. Энэ үйлдэлдээ дээрх мэргэжилтэн хариуцлага тооцуулсан байна лээ.
Мөн “Сант” сургуулийн улсын комиссын акт хоёр огноотой байдаг. 2016 оны наймдугаар сарын 26, мөн сарын 28 гэсэн. Гэтэл тухайн оны наймдугаар сарын 28 нь бүтэнсайн буюу ням гариг, амралтын өдөр байсан байдаг. Үүгээр нь мөн шалгуулсан.
-Үүнээс гадна танай компанийн бичиг баримтыг “Сант” сургуулийнхан хууль бусаар олж авсан тухай яригддаг. Энэ талаар?
-Манай компани Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 500 сая төгрөг “Сант” сургуулийн удирдлагуудаас нэхэмжилж байхдаа гаргаж өгсөн нотлох баримтыг шүүгчийн туслахтай нь хуйвалдаад Сант сургуулийнхан авчихсан байдаг. Үүнээс болж шүүгчийн туслах нь ажлаасаа халагдсан.
-Сант” сургуулийн удирдлагууд болон танай компанийн маргаанаас үүдэлтэйгээр маш олон төрийн албан хаагчийн хууль зөрчдөг, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладагёс зүйгүй байдал олонд ил болж байна гэсэн үг.
-Төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчдөг асуудлаас гадна манай барилгын салбарынхны хууль бус үйлдэл, худал хуурмаг ил болж ирж байна. Нэгдүгээрт, тэр “Голомт констракшн” ХХК-ийн захирал Ариунболд. Прокуророос Ариунболд болон Зургаанжин нарын хооронд хийсэн гэрээг хуурамч гэдгийг нотолж, дүгнэлт гаргачихаад байгаа. Надад өнгөрсөн хугацаанд нэг л итгэл үнэмшил байсан. “Сант” сургуультай холбогдсон энэ маргаан хэзээ нэг цагт дуусна, энэ барилгыг улсын комисст өгнө, бүх зөвшөөрөл болоод шаардлагатай бичиг баримт манай компанийн нэр дээр байгаа, бид энэ барилгын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэсэн буюу Барилгын тухай хуулиар би гүйцэтгэгч нь гэдэг үүднээс асуудалд маш тайван хандаж байлаа. Гэтэл манай хийсэн ажлыг өөрөө хийсэн болоод зогсож байгаа нь ёс зүйтэй ажил мөн үү. Хоёрдугаарт, “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны ажлын зураг төслийг гаргасан “Анод Катод” компанийн инженер Батдэлгэр гэж хүн бий. Ядаж байхад надтай нэр нэгтэй. Энэ хүн шүүхийн байгууллагад удаа дараа худал мэдүүлэг өгч байсан. Эрүүгийн хэрэгт намайг буруутгаад байгаа зүйл нь батлагдсан зургаас өөрчилж цахилгаан тавьсан гээд байгаа. Гэтэл бодит байдал дээр манай хийсэн ажлыг энэ хүн өөрөө үзэж, хянаад, зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан юм. Ийм атлаа шүүхийн байгууллагад “Би зургандаа өөрчлөлт оруулаагүй, анхны зургаараа тавих ёстой” гээд байдаг. Инээдтэй нь барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд нөгөө намайг буруутгаад байгаа ажлуудыг тэр хэвээр нь хүлээлгэж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдрийг хүртэл бидний хийсэн ажлыг үргэлжлүүлж, үлдэгдлээ гүйцэтгүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Намайг буруутгах болохоороо “Энэ буруу, аюултай зураг төсөл хийсэн. Зураг төсөл өөрчилсөн. Чанаргүй, муу барилга барьсан” гээд байгаа мөртлөө улсын комисст “Хамгийн сайн чанарын, хамгийн зөв зураг төсөлтэй барилга” гээд хүлээлгээд өгчихөж байгаа нь зүйд нийцэх үү. Гэхдээ энэ Батдэлгэр гэгчийг шүүхэд худал мэдээлэл өгсөн үндэслэлээр хууль, хяналтынхан шалгаж байгаа.
-Таныг буруутгаад байгаа гол дүгнэлт нь юу юм бэ?
-Эрчим хүчний яамны мэргэжилтэн, эрчим хүчний улсын байцаагч П. Даваадоржийн гаргасан албан шаардлага, МХЕГ-ын байцаагчдын гаргасан дүгнэлт гэсэн хоёр бичиг намайг буруутгаж буй гол үндэслэл болж байгаа. Үнэндээ энэ хоёр дүгнэлт, шаардлага нь Зургаанжин буюу “Сант” сургуулийн удирдлагуудын хүсэлт, гуйлтаар намайг эрүүгийн хэрэгт буруутгахын тулд л гаргасан.. Өөрөөр хэлбэл тухайн барилгад энэ алдаа дутагдлууд огт байгаагүй, байх ч үндэслэл байхгүй. Тийм ч учраас би Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт: “Сант” сургуулийнхан Эрчим хүчний яаманд акт гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байдаг юм. Хууль, эрх, чиг үүргээрээ Эрчим хүчний яам ийм акт гаргаж өгөх ёсгүй юм. Энэ дагуу гомдол гаргахад хууль бус акт гэдгийг тогтоосон. Хариуцагч нар өөрсдөө илт хууль бус акт болохоо хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байхад 3-дагч этгээд “Сант” сургууль гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Эндээс харахад “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин өөрөө энэ ХУДАЛ албан шаардлага, дүгнэлтүүдийг намайг эрүүгийн хэрэгт буруутгахын тулд зориулж гаргуулсан болохоор илт хууль бус акт биш болгохын төлөө үхэн хатан явж байгаа юм. Ингээд манайх хяналтын шатанд гомдол гаргасан боловч Дээд шүүхээс “Энэ албан шаардлага, дүгнэлтээр иргэн Батдэлгэрт эрүүгийн хэрэг үүсгэх үр дагавар учруулаагүй. Албан шаардлага дүгнэлтээр хэн нэгнийг буруутгаагүй. Энэ албан шаардлага, дүгнэлт нь “Сант” сургуулийн үйл ажиллагаатай холбоотой. Энэ албан шаардлага, дүгнэлтийг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэх нь буруу” гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд “Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Уг шийдвэрийг иргэн, байгууллагууд үг дуугүй дагаж биелүүлнэ” гээд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл Дээд шүүхийн дүгнэлт, шийдвэрийг прокурор, шат шатны шүүх нь үгүйсгэж, намайг хуурамч баримтаар буруутгаад байгааг гайхаад барахгүй байгаа. П.Даваадорж , Г.Магсаржалам, Х.Бекболат нар худал дүгнэлт, албан шаардлага гаргасныхаа төлөө Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхээ цуцлуулсан бөгөөд АТГ-д албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр миний бие гомдол гаргасан.
-Та өнгөрсөн намар өлсгөлөн зарласан. Тухайн үед Хотын мээрээс эхлээд бүх шатны төрийн байгууллагын удирдлага, УИХ-ын гишүүд гээд хандаж болох бүх хүнд төрийн албаны хууль бус үйлдэл, шүүх, прокурорын шударга бус байдлыг илчлэхийг хүссэн. Үр дүн юу байна вэ?
-Би 2017 оны аравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 16.12-т заасан “Монгол Улсын иргэн төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Гаргасан өргөдөл, гомдлыг төрийн байгууллагын албан тушаалтан хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй“ гэсэн энэ заалтын төлөө л өлсгөлөн зарласан юм. Гэтэл “Сант” сургуулийн удирдлагууд зориудаар одоо шүүхээр хянагдаж буй иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулахыг маш их хичээсэн. Би 29 хоног өлсгөлөн зарласан. Үүний 16 хоногт нь Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд, 13 хоног нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд албадан эмчилгээ нэрийн дор хууль бусаар хоригдож, үргэлжлүүлж хийсэн. Намайг албадан эмчилгээнд оруулсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны арван нэгдүгээр сарын 14-ны захирамжийг хууль бус гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхээс уг захирамжийг хууль бус гэдгийг тогтоогоод хүчингүй болгосон, саяхан. Энэ үйлдэл нь тэгэхээр хуурамч захирамжаар намайг үндэслэлгүйгээр хорьсон асуудал болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдсэн, саяхан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Өлсгөлөн зарласнаар ард иргэд болоод хууль, хүчнийхэн олон зүйлийг ойлгож, анхааралдаа авах шиг боллоо. Одоо шалгагдаж байгаа болон хойшдоо шалгагдах олон хэрэгт ийм хууль бус зүйл байж болохгүй гэдгийг илчилж, сануулж өгсөн байх ёстой. Мөн миний өргөдөл гомдлыг өмнө нь төрийн байгууллагууд авдаггүй, хайхардаггүй байсан бол одоо “Энэ хүн хууль, хяналтынхны болоод төрийн зарим албан хаагчийн хууль бус үйлдлийг зогсоох, илчлэх, үнэний төлөө яваад байгаа” гэдгийг ойлгодог болж байх шиг байна. Үүний үр дүнд гаргасан гомдлуудын маань мөрөөр хууль, хяналтынхан шалгалт хийж эхлээд, зарим хүний гэм бурууг тогтоогоод явж байгааг миний төр засагт дуу хоолойгоо хүргэхийн төлөө өлсгөлөн зарласны нэг үр дүн гэж бодож байгаа. Гэхдээ би сонин зүйл байгаа. Би Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайдаас МХЕГ руу “Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйл ажиллагааг шалга” гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Ингээд 11 улсын байцаагчтай Ажлын хэсэг гараад дээрх үүргийн дагуу шалгалт явуулсан байдаг. Гэтэл Занданшатар гишүүн хоёрдмол утгатай гэмээр “Хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэгт Засгийн газар оролцохгүй” гэсэн утгатай бичиг гаргасан байгаа юм. Тэр бичиг нь маш хурдан МХЕГ-т очоод, нөгөө ажлын хэсэг шалгалтын ажиллагаагаа зогсоосон байдаг. Ингэхээр нь би дахиад Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд ч МХЕГ-т “Шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлж үр дүнг нь гарга” гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэвч МХЕГ-ын удирдлагууд ажлын хэсгээ дахиж ажиллуулаагүй. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нь Ерөнхий сайдаас давсан эрх мэдэлтэй, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлдэггүй хүн болж таараад байгаа юм. Энэ асуудлаар мөн Захиргааны хэргийн шүүхэд хандчихаад байна.
Манай ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөр болох 500.0 сая ₮-ийг өгөхгүйн тулд зохиомол 3-н эрүүгийн хэрэгт шалгуулж, намайг хохироох, манай хийсэн ажлыг хууль бусаар өөр компаниар хүлээн авах зэрэг хууль бус үйлдлүүддээ “Сант” сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ашиглаж, тэдний үгээр ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид байгаад маш их харамсаж байна.
“Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингийн хууль бус үйлдэлд тусалсан шүүгчийн туслах Б.Ундармаа ажлаасаа халагдсан, 3-н Улсын байцаагч эрхээ цуцлуулсан, НХТ,ЕТГ-ын хяналтын инженер Р.Баасанжав, Үндэсний архивын газрын архивч Б.Нямаа нар арга хэмжээ авахуулсан, НХТ,ЕТГ-ын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй Улсын комисст ажилласан албан хаагчид ЧД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг, Улсын комисстой холбоотой хоёр захиргааны хэрэг, Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан “Голомт констракшн” ХХК-тай хийсэн Ажил гүйцэтгэх гэрээ ХУУРАМЧ болохыг МУ-ын Ерөнхий прокурор тогтоосон бөгөөд одоо СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хүчин төгөлдөр бус хэлцэл болхыг тогтоолгохоор иргэний хэрэг үүссэн, Шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр “Анод катод” ХХК-ийн инженер Б.Батдэлгэр БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа зэрэг нэг ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй олон олон асуудлууд урган гарч байна.
–Хамгийн чухал нь хувийн байгууллагын хууль бус үйлдлийн төлөө төрийн байгууллагынхан, төрийн албан хаагчид хууль бус зүйл хийгээд байгааг таслан зогсоох, дараа дараагийн хүмүүст сургамж болгохыг л та зорьж байгаа гэж ойлгож болох уу.
-Тэгж ойлгож болно. Хүнийг буруутгахын тулд юу ч зохиож, ямар ч зүйлийг хамтран хийдэг нийгэмд бидний үр хүүхэд яаж амьдрах юм бэ. Ялангуяа шүүх, прокурор, төрийн байгууллагынхан шударга байх ёстой.
Намайг чанаргүй барилга барьсан, надаас болж “Сант” сургууль хохирсон гэх энэ зохиомол эрүүгийн хэрэгт “Сант” сургуулийн эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч гэх хүмүүсийн худал нотлох баримт, худал үйл явдлыг ҮНЭН болгох гэж улайран дайрч байгааг харахаас, тэдний үгэнд итгэж шийдвэрээ гаргаж байгаа прокурор, шүүгч нарыг үнэндээ ойлгохгүй байгаа. Уг нь эдгээр хүмүүс “Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж ХУУЛЬЧийн тангараг өргөсөн байдаг.
Зохиомол эрүүгийн хэрэгт намайг буруутгахаас гадна надаас 600.0 сая ₮ авахаар иргэний шүүхээр намайг дарамталж, улайран дайрч байна. Манай компани уг нь 500.0 сая ₮ авах ёстой байтал надаас 600.0 сая ₮ авахаар нэхэмжлэл гаргаад байгаа ӨМГӨӨЛӨГЧ нарт хэлэх үг үнэндээ олдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн бол иргэний хэрэг үүсэхгүй гэсэн байдаг. Нэг ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй хэрэг маргаан байтал “Сант” сургуулийн өмгөөлөгч нар тусдаа асуудал гэсээр байгаад иргэний хэрэг үүсгүүлсэн.
Би энд нэг л жишээ хэлье. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2016 оны 08-р сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин болон түүний өмгөөлөгч Л.Дашравдан нар “ хөрөнгө оруулалт хийсэн барилгаа одоо болтол ашиглаж чадаагүй.Улсын комисс ашиглалтад аваагүй. Яагаад гэвэл барилгын цахилгааны зураг төсөлд тусгагдсаны дагуу барилгын ажил хийж гүйцэтгээгүй” гэж мэдүүлсэн байдаг.Гэтэл үүнээс 1 хоногийн өмнө Улсын комисс хүлээгээд авчихсан. Автор нь намайг буруутгаад байгаа цахилгааны ажлуудыг хүлээн зөвшөөрч, зургандаа өөрчлөлт оруулсан байвал яах вэ? Ингэж л шүүхэд худал яриад байгаа өмгөөлөгч нарыг яах вэ? Мөнгө л авч байвал юу ч гэсэн хамаагүй байдаг юм уу? ЭНЭ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ӨМГӨӨЛӨГЧ НАРТ.