Нялх биетэй, хөхүүл эхчүүд орсон гарсан хүний хоосон гарнаас юм харснаасаа болоод “горьдож” хөх хавдаж, цаашлаад зангирдаг гэлцдэг. Тиймээс шинэ хүн мэндэлсэн айлд гар хоосон орж болохгүй гэдгийн учир энэ юм.
Яльгүй зүйлд горьдож, хөх нь хавдсан эхэд харсан зүйлийг нь горьдоосон хүн нь ямар нэг байдлаар хуурвал үр дүн нь илүү сайн. Энэ нь горьдсон эх уг хүнээс л горьдоог арилгах хууралт ирнэ хэмээн хүлээлт үүсдэгтэй холбоотой.
Горьдоог даруйхан гаргахгүй удваас сүүний суваг дахь түгжрэл нэмэгдэн сүү нь өтгөрч улмаар буглах нь бий. Ялангуяа залуу эхчүүдийн хувьд хүүхэд хөхүүлэх бэлтгэл хөхөндөө сайн хийж амжаагүй байгаа бол хөхний толгой хагарч, шархалдаг. Уг шархаар идээлүүлэгч нян нэвтэрч орох боломж байнга бий болдог юм.
Хөх хавдсан үед горьдоог гаргах домын шинжтэй аргууд ч бий. Тухайлбал, ихэр хүүхдийн оймсоор хөхний хавьдсан хэсгийг шүргүүлж “эм дом эм дом” гэж хэлнэ. Мөн өөрийнхөө хэрэглэдэг үсний самыг цэвэрлээд, хөхөө толгой руу нь чиглүүлэн хөнгөн самнах маягаар “эм дом эм дом” гэж хэлдэг. Ингэхдээ хөхний толгой буюу нөсөө хэсэгт хүргэхгүй.