Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна.
Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байна.