Сүүлийн жилүүдэд хуурамч баримт бичиг ашиглан улсын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг нэмэгджээ. Төрсөн нутаг хайртай дотны гэсэн бүхнээ орхин ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд харь орныг зорих иргэд хонон өнжин дугаарлаж байсан дүр зураг олон жилийг үджээ.
Түүнчлэн тус улсыг зорихыг хүсэгчид хуурамч бичиг баримт үйлдэн тус улсын элчин сайдын яаманд виз мэдүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 15 төрлийн хуурамч бичиг баримт тус яаманд бүртгэгджээ. Хамгийн ихээр хуурамчаар үйлдэгддэг бичиг баримтуудын дунд төрийн байгууллагын бичиг баримтууд багтаж буй бөгөөд үүнд гэрлэлтийн лавлагаа, НД-ын лавлагаа, банканд таван сая байршуулсан гэрээ, оюутан хэмээн хуурамч бичиг баримт үйлдэх, ажлын газрын тодорхойлолт, урилга, дансны хуулга, гадны оронд зорчсон штамп зэрэг багтаж буй ажээ.
Дөрөвдүгээр сарын байдлаар нийтдээ 400 орчим хуурамч бичиг баримт тус улсын ЭСЯ-д бүртгэгдсэн бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэдэд хамгийн багадаа нэг жил цаашлаад хугацаагүйгээр тус улсад виз мэдүүлэх эрхийг нь хааж байгаа аж.
Харин хуурамч бичиг үйлдэж өгч буй иргэдийн виз мэдүүлэх эрхийг нь хугацаагүйгээр хааж байгаа бөгөөд ЭСЯ-д ямар нэгэн танил талаар дамжуулан виз гаргадаггүй болохоо мэдэгдэн иргэдийг худал мэдээлэлд автан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ. Хуурамчаар бичиг баримт үйлдэн виз мэдүүлж байгаа нь өөрөө хэд хэдэн сөрөг үр дагаварыг бий болгоод буй бөгөөд нийгмийн итгэлцэлийг алдагдуулж байгаа учраас ирж буй бичиг баримт бүрийг нэг бүрчлэн шалгаж байгаа нь визны хариу гаралтыг удаашруулах цаашлаад визны журамд өөрчлөлт орж чангатгах зэрэг сөрөг үр дагаварыг авчирч буйг мэдэгджээ.