ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэр технологи инженерчлэлийн салбараас хонины ноосоор сүлжмэл бүтээгдэхүүн, барилгын дулаалгын материал хийж, Японы зах зээлд гаргахаар гэрээ байгуулжээ. Энэ тухай ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэр технологи инженерчлэлийн салбарын эрхлэгч Д. Батбаяр ярихдаа, “Хонины ноосноос ноолуур ялгаж, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн өргөн хэрэглээний материал үйлдвэрлэх туршилтуудыг 2012 оноос хойш хийж байна.
Хонины ноос нь ноолуурлаг, засварын үс, сор үс, хялгасан шинж чанартай учир жигд сайн даавуун материал болж чаддаггүй. Тиймээс зөөлөн ноолуурлаг хэсгээр алчуур, драп, жижиг эдлэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг хийх судалгааг гаргаж, борлуулалтад гаргана. Хонины ноосоор өртөг шингэсэн тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хийх боломжтой.
Мөн хонины ноосоор 90 номерын буюу нарийн утас үйлдвэрлэж болохыг судалгаагаар тогтоосон. Дарханд хонины ноосоор хийсэн дулаалгын материал үйлдвэрлэж байна. Хонины хялгас нь голдоо хөндий сувагтай буюу сийрэг юм. Тиймээс хөндий хэсэгт агаар агуулагдсанаар аливаа дулаан болон чийг, дуу чимээг тусгаарлах чадвар нь өндөр байдаг. Одоогоор бид хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, Япон улс уруу экспортлох гэрээ байгуулаад байна” гэв.