Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг 04 дүгээр сарын 30-оос хэрэгжүүлж эхэлсэн.
Баянгол дүүргийн 21,9,10,11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4,5,8,13,14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний Ганган буга ХХК, Түда ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгүүдээс 6 баг 5976 нохой, нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34,7%-тай явагдаж байгаа бөгөөд 2018 оны зургадугаар сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.