Өнөөдөр ЭМЯ-ны Хурлын танхимд “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг угтан “Цэвэр гар амь насыг аварна” сэдэвт семинар боллоо.
Дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.
Жил бүрийн тавдугаар сарын 5-нд “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийг дэлхий нийтээрээ болон Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд тэмдэглэдэг уламжлалтай. Эрүүл мэндийн ажилтан /ЭМА/ гарын ариун цэвэр сахих нь эмнэлгийн ажилтан болон үйлчлүүлэгч, тэдний гэр бүл эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.
Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр явагддаг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг ба эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм.
Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг. 2016 оны байдлаар дэлхий дээр 5 хүртэлх насны 5.9 сая хүүхэд нас барсны 9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.
Гараа савандаж угаахад 3.35 ам доллар зарцуулж байгаа нь ариун цэврийн байгууламжийг сайжруулахад зарцуулж буй 11 ам доллар, усан хангамжид зарцуулж буй 200 ам доллар, дархлаажуулалтад зарцуулж буй мянга мянга ам доллартай ижил хэмжээний эрүүл мэндийн үр ашгийг үзүүлдэг байна. НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.