Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.
– Ипотекийн зээлийн асуудал олон нийтийн дунд хүлээлттэй байна. Энэ асуудал яаж үргэлжлэх вэ?
-Ипотекийн зээл тогтмол гарч байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум, улсын төсвийн 120 тэрбум, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ жил ипотекийн зээл олгож байна. Санхүүжилтийг сар бүр хийж байгаа. Улсын төсвийн 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгоно. Гуравдугаар сард 30 тэрбум төгрөг олгосон. Монголбанкны эргэн төлөлтийн санхүүжилт сар бүр хийгдэж байгаа. Энэ асуудал өмнө нь яаж явж ирсэн түүгээрээ үргэлжилж байна.
– Банкууд материал авч байгаа ч зээл гаргахгүй байгаа. Юунаас болж ийм асуудал үүсээд байгаа юм бэ?
-Арилжааны банкууд зээл олгохдоо өөрсдөөсөө зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжиж хамтран ажиллаж байна. Тухайн компанийн барьсан барилгаас борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Ерөнхий дүнгээр нь аваад үзвэл ипотекийн зээлийн хүрэлцээ маш бага байгаа нь үнэн.
– Зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байгаа юу. Энэ чиглэлд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх асуудлыг ярьж байгаа. 2019 оны төсвийн төслийг хэлэлцэхэд энэ асуудлыг нэлээд ярьсан. Үүнээс гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулна. “Буянт ухаа-2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн журмаар ашиглалтад оруулна. Түрээсийн орон сууцын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд гадны зарим улс оронд санал тавьж байна. Тухайлбал, Кувейтын Элчин сайдтай уулзаж, 4300 айлын түрээсийн орон сууцны төслийг дэмжиж өгөөч гэсэн санал тавьсан. Мөн Өмнөд Солонгосоос авах 500 сая ам.долларын хөрөнгийг Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд зарцуулна. Тэр дундаа орон сууцжуулах үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.
– Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж урьдчилгааг 25 хувь болгохоор тусгасан байсан. Шинэ журам хэзээ хэрэгжих вэ?
-Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Гэхдээ Сангийн сайд ОУВС-тай тохиролцох ёстой гэж үзээд буцааж татаж авсан байгаа. Хэрэв шинэ журмаар явбал Монголбанк, төсөв, арилжааны банкуудын санхүүжилтээр жилд 10 мянган айл ипотекийн зээлээр орон сууц авах бололцоотой байсан. Шинэ журмыг мөрдөж эхлээгүй учраас хуучин журмаар 5-6 мянган айл орон сууцтай болно. Хөрөнгийн эх үүсвэртэй холбоотойгоор шинэ журам хэрэгжиж эхлээгүй байгаагаас гадна ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас бүх орлого зарлагаа тэдэнтэй тохирч байгаа учраас тэднээс зохих хэмжээгээр зөвшөөрөл авах болоод байгаа юм.
– Ашиглалтад орсон хэрнээ, борлуулагдаагшй орон сууцны судалгааг танай яамнаас хийж байгаа гэсэн. Судалгаа дууссан уу. Борлуулагдаагүй байрыг орон сууцгүй иргэдэд хэрхэн борлуулах вэ. Засгийн газар энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?
-Бүрэн судалгаа хийж байгаа. УИХ-ын тогтоол ёсоор бид тавдугаар сард бэлэн байгаа орон сууцыг иргэдэд олгох асуудлыг боловсруулаад саналаа УИХ-д оруулах ёстой. Энэ асуудлыг хүрээнд манай яам, Сангийн яам, Монголбанк, ТББ-уудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа.
– Урд хөршид хийсэн айлчлалын хүрээнд танай салбарт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?
-Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчилнэ. Мөн Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуур, Дэнжийн мянгын орчимд 1,008 айлын иж бүрэн орон сууцны хорооллыг энэ жилээс барьж эхлэхээр байгаа. Энэ хорооллыг газраа чөлөөлж өгсөн иргэдийг түр хугацаагаар оршин суух зориулалтаар ашиглах юм. Сургууль, цэцэрлэгтэй иж бүрэн хороолол баригдана.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
пиздакаа наадахаа зогсоо мөнгө хүүлэгчид
хүүгийн журманд өөрчлөлт оруулаачээ зээлээ биш хүү төлсөөр байгаад монголчууд сүйрлээ 4-5 хувь болгооч