Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн нийтийн номын сангууд болон сонгосон их дээд сургуулийн номын санд нийт 1200 орчим хамгийн сүүлийн үед гаргасан гарын авлага, ном товхимол, судалгааны тайланг өнөөдөр хандивлан эрдэмтэн судлаач, оюутнууд, олон нийтийн хүртээл болголоо.
Тэдгээр ном бүтээлийн дунд тус Банкнаас гаргасан нийгэм, эдийн засгийн чиглэлээрх судалгаа, тайлан байгаагаас гадна “Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд” хэмээх цуврал 2 гарын авлага багтаж байна. Сүүлийн жилүүдэд нийгэм сайн сайхан байх нь зөвхөн төрөөс хамааралтай бус иргэн, иргэний нийгмийн байгууллагын идэвх, санаачилгаас хамааралтай хэмээн үзэх болсон билээ. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь иргэн, иргэний нийгмийн байгууллага төрөөс хариуцлага нэхэх, төрд хяналт тавих, төрөөр хариу үйлдэл хийлгүүлэх, зарим асуудлыг хамтран шийдвэрлэх бүтээлч хамтын ажиллагааг багтаасан үйл явц, санаачилга бөгөөд энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс иргэд, иргэний нийгмийн байгуулага болон төрийн албан хаагчдад зориулсан гарын авлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Дэлхийн Банк нь 189 гишүүн орнууддаа санхүүгийн туслалцаа, бодлогын зөвлөгөө өгч, судалгаа, дүн шинжилгээ хийдэг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага билээ. Монгол Улс Дэлхийн Банкинд 1991 онд орноор элсэн орсон бөгөөд үүнээс хойш Дэлхийн Банкнаас Монгол Улсад нийт 837.27 сая ам.долларын хөгжлийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгосон байна. Мөн хөгжлийн бодлогыг боловсруулахад мэдлэг, мэдээллээр хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжих зорилгоор судалгаа шинжилгээ, аналитик, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ үүднээсээ Дэлхийн Банкийг “Мэдлэгийн Банк” гэж нэрлэх нь ч бий.