Дэлхий нийт хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, МНСЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
–Хэвлэлийн эрх чөлөөний өдөр гээд сэтгүүлч бид баярлаж цэнгэх бус, би хэн бэ гэдгээ эргэцүүлмээр. Сэтгүүлч хүнд ямар шинж чанар шингэсэн байгаасай гэж та боддог вэ?
-Сэтгүүлч хүнд шонхрын эр зориг, бүргэдийн холч хурц хараа, барын бадрангуй дүүлэлт, чонын цоглог шинж, загасны соргог мэдрэмж чухал. Сэтгүүлч гэдэг өндөр алдар хүндийг өргөн түмнээс хүртээх болохоос бус өөрөө өөртөө өгчихгүй. Сэтгүүлч гэмээ нь гангаар бүтсэн хүн биш. Бусдын л адил бодгаль.Тийм болохоор хүн шиг л хүн байх учиртай. Онгирч, оодроод, онцгойрох гээд байх хэрэггүй.
Хамгийн гол нь хүнлэг байх. Өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэлтэй байх. Чөлөөт хэвлэлийн зам хүний чанар шалгах хүнд бэрх зам. Хэний ч тухай бичлээ гэсэн энэ чинь миний л адил хүн гэдгийг бодолцох ёстой. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэгчлэн өөртэйгээ жишиж харьцуулж хайрлаж өрөвдөх чанараа хаяж гээж ердөө болохгүй.
Шүүмжилж байгаа нь энэ гэж доромжлоод л, илчилж байгаа нь энэ гэж гүтгээд л, эрэн сурвалжилж байгаа нь энэ гэж ул шагайгайгаад байх хэрэггүй. Хүний дутагдлыг хэлэхдээ хэлдэг л ёсоор нь хэлнэ үү гэхээс хэтрүүлж, давсалж, дайрч гутааж яавч таарахгүй. Юухан дээр ч голч алдалгүй, зөв чиг баримжаатай, зарчимч чин шударга байх учиртай.
–Тэгвэл чөлөөт хэвлэл ямар байх ёстой юм бэ?
-Даян дэлхийд даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу charter for a free press: Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард л гэсэн үг (A free press means a free people) хэмээн яс томъёолдгоор барахгүй яг ингэж эхэлдэг. Үүнээс үзэхэд чөлөөт хэвлэл гэдэг нь дан эрх мэдэлтэн юмуу дарга, сайдынх биш байх нь ээ.
Хүн өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс дуу авиа… гэх зэрэг ер нь боломжтой бүхий л арга хэлбэрээр чөлөөтэй ил тод илэрхийлэх эрхтэй. Үүнд улсын хил хязгаар ч хамааралгүй.
Чөлөөт хэвлэл, чөлөөт үг хэлэлт, чөлөөт саналага, сэтгэлгээ (free press, free speech, free spirit)энэ гурвыг цогц байдлаар хамтад нь харилцан нягт уялдаатай авч үзэж ажил хэрэг болгохыг чухалчилдаг. Ингэж чадсан цагт өнөө бидний хүсч мөрөөдөж, зорьж тэмүүлж буй чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь сая жинхэнэ утгаараа (in genuine sense) бодит биеллээ олно.
Чөлөөт хэвлэл эрхлэж, хэвлэлийн эрх чөлөөг эдлэх тал дээр томоохон тоглолт хийх гол эзэд, шийдвэрлэх субъект нь чөлөөт сэтгүүлч буюу free lance-ууд хийгээд мэргэжлийн сэтгүүлчид (professional journalist). Чөлөөт хэвлэлийн шавыг тавьж, шанг татсан анхдагчдын дотор С.Амарсанаа, Нанж Лхагва, Ц.Балдорж, Г.Аким, Санжаасүрэнгийн Баяраа, Б.Баабар (Батбаяр.Б)….. гэх мэт олон хүн од мичид мэт гялалзаж байлаа.
Нэг үе “Хөх толбо”-ын Б.Эрдэнэбаатар, “Халуун хөнжил”,”Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх, “Хүмүүс” сонины Р.Хадбаатар, “Ноцтой мэдээ”-гийн Б.Галсансүх, “Маш нууц”-ын О.Чинбаяр, “Шар сонин”-ны Б.Одгэрэл, Д.Болд-Хуяг, “Үг” сонины Ч.Чулуунбаатар, Д.Цэрэн, Б.Цэнддоо, “Дээдсийн хүрээлэн”-гийн Г.Санчир,”Толь”-ийн Д.Төрмөнх, Н.Билгүүн, “Үндэсний дэвшил”-ийн Х.Дашзэвэг …… гэхчилэн яригддаг байв. Мягмарсүрэн, Сандагдорж, Гангаа гэсэн Жамбал гуайн жавхаа төгөлдөр гал цогт гурван хүү чөлөөт хэвлэлийн түүчээлэх бат торгон жолоог атгалцаж баларшгүй тод мөр үлдээв.
–Та цааш нь нэрлэ дээ, өөр ямар сэтгүүлчид байна?
-Гандан бууршгүй сэтгүүлчийн давхианд Галсангийн Жамъяан дээгүүр жаалсан хэвээрээ. Дан.Жамьяан ч гэсэн данагар сэтгүүлч. Сүүлийн үед сэтгүүлч Л.Бат-Цэнгэл эрдэм оюуны туурвил бүтээлийг таниулах тал дээр илт дадаж, ихэд зүгширч, гойд гаршиж байна гээч. Эдгээрт мартаж, санахын зоргоор алмай хандах нь алдас. Чамбай нийтлэлчийн тоонд Чинагийн Галсанг дурдалгүй болохгүй.
“Хүнийг амьдад нь анхаараагүй байж үхсэн хойно нь сүрхий үнэлдэг дүр эсгэх юм. Ингээд бодохоор үхсэн нь ч дээр юмуу” гэж хэлсэн байна лээ.Тэгж ярьдаг сэтгүүлчийг тэнхээлэг гэхээс өөрөөр яах вэ дээ.Баабар (Батбаяр)-ыг шинэ цагийн сэтгүүл зүй дэх содон үзэгдэл, сонин фигур, жижиг гэмээргүй жинхэнэ феномен гэлтэй. Тэр юухны ч тухай бичсэн яаж уншуулах арга эвийг аятайхан сүвэгчилчихнэ.
Архи хэмээх эрсдэлт идээний эерэг, сөрөг талыг өгүүлэхдээ ч “Архи уух сайхан” гэж гарчиглах зэргээр. Яахаараа ингэж хэлдэг билээ хэмээн бодогдохоор. Тэгсэн мөртлөө ямарч болсон хүн уншихтай болгочиж байгаа юм даа. Уншсаны шим, ухаарлын чансааг Чулуунбатын Эрдэнээс эрэхэд олдоно.
Сэтгэл-Зүйн сургалт, онол, шүүмж, судлалыг М.Зулькафиль түүний хамтран зүтгэгчидгүйгээр төсөөлшгүй. Б.Пүрэвдаш, Т.Баасансүрэн, Д.Цэдэн-Иш, Б.Ганболд, С.Батбаатар, До.Цэнджав, Ү.Хүрэлбаатар, Д.Заяабат…. нарыг сэтгүүлчдийн өргөө гэрийн багана, өнөр бүлийн түшиг гэлтэй. Хүнийг харж бус хамтарч танихын хав нүнжиг, шим шүлтийг Ц.Энхбат, Х.Наранжаргал, До.Чулуунбаатар нар дээр мэдэрсэн. Хотынхны сацуу хөдөөгөөс Дарханы Ө.Рагчаасүрэн, Дорнотын Б.Туяа, Эрдэнэтийн С.Шаравдорж, Сүхбаатарын Я.Түмэннаст, Хөвсгөлийн Ч.Пүрэвдорж гэхчилэн олон сайхан эрхэм санаанд байна санж.
Эмэгтэй сэтгүүлчдээс Д.Сарангэрэл, Б.Ганчимэг, Д.Оюунтуяа, С.Ононтуул Э.Дагиймаа, Б.Отгон, Д.Мөнгөндалай, Р.Гандиймаа, Д.Отгонбаяр, Ц.Цэцэгчулуун, У.Сарангэрэл, В.Сарантуяа, Ч.Үл-Олдох, Ч.Куланда, Г.Хишигсүрэн, Л.Мөнхбаясгалан, Э.Энэрэл, Г.Отгонжаргал Намдагийн Удвал, Нацагийн Дуламсүрэн, Б.Энхмарт нар хийгээд Балдоржийн маань ухаалаг хоёр охин өнөө цагийн сэтгүүл-зүйн өнгө зүс, гэрэл гэгээ нь болсоор.
Тухайн үедээ Флагман (Vlagman) гэгдэж байсан толгой сонины хамгийн хэцүү нүүрийг хамтарч гаргаж байсан Намсрайн Шүрийнхээ нандин чанарыг би дээдэлдэг. Шинэ цагийн сэтгүүл-зүйг нэг үе чимж, чиглүүлцэн сүр жавхаа нэмж сүлж байсан эмэгтэй гэвэл Эрдэнэцогтын Сонинтогос байлаа. Түүнийг үүнээс наагуур үнэлэх ямар ч боломжгүй. Энэ тухай Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ярьж байгаа маань бараг ч зүй ёсны болов уу.
– Таныг МЧАСЭ-ийн Ерөнхийлөгч байх үед өөрийгөө “Олон улсын сэтгүүлч” гэж нэрлэдэг хэсэг хүн гарч ирсэн. Яагаад тэгсэн юм бэ?
– Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) өөрийн гишүүн байгууллагын гишүүдэд улсынх нь зүгээс уламжилж тодорхойлсныг үндэслэн International press Card буюу улс дундын хэвлэлийн үнэмлэх гэгчийг олгодог байсан. ОУСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхийлөгчийнх нь гарын үсэг бүхий уг үнэмлэхэд үүнийг эзэмшигч эзэн нь мэргэжлийн сэтгүүлч мөнийг нотлохын сацуу сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулахад нь холбогдох байгууллага, хүмүүс нааштайгаар хандаж тусалж байхыг хүссэн утга бүхий үг өгүүлбэр байдаг.
Үүнийг нь манай гаригийн хамгийн түгээмэл хэлээр (“The undersigned certify that the holder is a professional journalist and request all authorities and members of the affiliated organisations of journalists to extend to the bearer every assistance and courtesy in the performance of his or her mission”, “Les soussignйscertifientque le porteurest un journalisteprofessionnel et prientLes autoritйs et les membres des organisations de journalistesaffiliйesd’accorder au porteur de la prйsentetouteI’aide et toutes les facilitйsutilesаI’accomplissement de sa mission” гэхчилэн илэрхийлж болох л доо.
– Би түрүүн асуусан, дахиад ч асуумаар байна. Сэтгүүлч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ, таны бодлоор?
-Миний бодлоор гэвэл хэн ч юу ч бодож иш мухаргүй, чиг зүггүй бурж болох. “Миний бодлоор” гэж ярих, ярихгүй юм гэж бий. Даан ялангуяа чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө сэлтийг миний бодлоор гэж ярих нь тийм ч зохимжтой бус.
Учир нь Монголд угаас чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй. Тэгэхээр бусдаас сурахаас өөр замгүй. Хаанаас вэ гэдэг ч тодорхой. Ердөө л өрнөдөөс. Сэтгүүлч гэж хэнийг хэлэх тухай та асуусан. Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг Монголд хэрэгжүүлэгч гол эзэд, шийдвэрлэх субъектүүд нь та нар.
Сэтгүүлч гэдгийг Journalist, pressman, (журналист, репортер, корреспондент, газетчик)… гэхчилэн хэдэн ч янзаар хэлж томьёолж болох ч эзэмшсэн мэргэжил нь эцсийн бүлэгт сэтгүүл-зүй, эрхэлдэг хөдөлмөр нь хэвлэл, мэдээлэл. Хэвлэл, мэдээлэл мөнгө санхүүгийн хувьд биеэ даагаагүй цагт үйл ажиллагааны тал дээр бие даана гэж байхгүй. Аnchor гэхүйц сор сэтгүүлч байхын сацуу адгийн оронцог (cur mongrel) сэтгүүлч ч байгаа. “Сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг, сархинаг гүзээтэйгээ нийлж тогоо дүүрдэг” гэгч энэ л дээ.
Сэтгүүл-зүйн хүрээнд үе үе гялс, гялс гэсэн гэгээлэг зөв зүйтэй зүйл ч зөндөө. Саяхан дөрөвдүгээр сарын 29-нд МҮОНТВ-ээр хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах мэдээлэл, түүний эх сурвалжид хэрхэн хандах талаар орчин цагийн сэтгүүл-зүйн онол, аргачлалын дагуу тун голчтой ухаалаг зөв чиг хандлагаар ярьсан. Зүй нь ийм л байвал зүгээрсэн. Ер нь тэр оройн “Цагийн хүрд”-ийг хөтлөгч цоо шинэ уур амьсгал оруулчих шиг болсон шүү.
Хэвлэл, мэдээлэл мөнгө санхүүгийн хувьд биеэ даагаагүй цагт үйл ажиллагааны тал дээр бие даана гэж байхгүй (without financial independence, the press cannot be independent). Ёс зүйн хувьд өндөр дээд түвшний хэм хэмжээнд байх нь тэгш тэнцүү мэдээ, мэдээллийн гол гогцоо гэхүйц зангилаа зүйл мөн (High ethical standards are key to balanced reporting) гэхчлэнгээр тус бүр дээр нь тогтож тодотгож яриуштай. Тэгэхгүйгээр морин дэл дээгүүр оромдож гадилаж амарчлах гэвэл амбан явахгүй.
Ахин сануулахад аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж философиор сэтгэдэг цаг. Монголын сэтгүүл-зүйн өдгөө хаана байна, хаашаа явж байна, юу нь болж юу нь болохгүй байна. Цаашид хэрхэх тухай хэлж өгдөг онол, арга зүйн үндэслэлтэйгээр ул суурьтай зөвлөдөг ухаалаг мэргэжилтэн судлаачид үгүйлэгдээд ч байх шиг.
Сэтгүүлч гэж хэнийг хэлэх талаар таны тавьсан асуултад хувийн үүднээс хандах байдлаар миний бодоход гэхчлэн мэдэмхийрэхээс зайлсхийхдээ олж сүвэгчилсэн олз юугаа олонтойгоо хуваалцахад сэтгүүлч-Journalist (журналист) гэдгийг дэлхийд алдартай дэлгэр утгат том том толь бичигт: “Journalist 1. The writer of a journal, or diary; 2.One whose occupation is journalism; an editor, correspondent, or reporter of a newspaper; a newspaperman” ….. гэхчилэн томъёолдог. Мөн тэр улс дундын үнэмлэхийг тус дэм болох зориулттай тусгай Help card жич дагалддаг байсан юм.
Түүн дээр сэтгүүлчдэд амь дүйсэн аюул эгзэгт цаг мөчид дариу туслах үүрэг бүхий байгууллагууд тухайлбал АНУ-д төвтэй сэтгүүлчдийг хамгаалах хороо (committee to protect journalists),Швейцарт төвтэй улаан загалмайн халуун цэг шугам (Red cross hot line), Францад төвтэй хил хязгааргүй сурвалжлагчид (Reporters sans frontieres), Бельгид төвтэй ОУСХ, Англид төвтэй олон улсын өршөөх, цагаатгал, ял хэлтрүүлэх байгууллага (Amnesty International), Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд хамааралттай (Article 19) зэрэг чухал, чухал газар, байгууллагын нэр, хаяг утас нь байдаг.
Миний үед нэг хэсэг сэтгүүлчдэд олгосон үнэмлэхийн учир, начир ийм. Тиймээс ч манайхан тэрүүнд хүндэтгэлтэй хандаж “би олон улсын сэтгүүлч” хэмээн өөрийгөө өндөрт өргөж ярьдаг байсан байх л даа. Тэгдэг нь ч буруу юу байх вэ.
–Тэгвэл сэтгүүл-зүй гэдгийг яг ёсоор нь юу гэж ойлгох вэ?
-Энд цээжний бангаар гөрөмгүй байна. Толгой эргүүлэхийн нэмэр. Тоймтойгоор нь толь бичигт л түшиглэе. Тэнд “Journalismn 1. The keeping of a journal; 2. The work of gathering news for, writing for, editing, or directing the publication of a newspaper or other periodical; 3. Journalistic writing; 4.Newspapers and magazines collectively” гэж бий. Сэтгүүл-Зүй гэхэд л Contemporary journalism, distinctive journalism, feisty journalism, envelope journalism, keynote journalism … гэхчилэн дэлхийн сэтгүүл-зүйд байдаг бараг бүх төрлийг бид Монголдоо сонгодог хийгээд элемент байдлаар бий болгов.
Эдгээрийг чанар чансаат чамбай Сэтгүүл-Зүй (Quality Journalism), Хариуцлагатай Сэтгүүл-Зүй (responsibility (accountability) journalism), Ёс-Зүйтэй сэтгүүл-зүй(Ethical journalism), Эрэн сурвалжлах сэтгүүл-зүй(investigative journalism), Бие даасан хараат бус сэтгүүл-зүй(Independent journalism)…гэхчлэнгээр төрөлжүүлж болох.
Өндөр ур чадвар, өргөн мэдлэг, өвч бүрэн бат нут баримт дээр суурилахын сацуу иргэний болон улс төрийн зориг зүрх ч шаардагдах учраас “чөлөөт хэвлэл эрхэлнэ гэдэг аймхай хүний хийх ажил биш ээ” гэж хүртэл гарчиглаж байгаад бичиж байв. Гэхдээ би “Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” гэхчилэн зүгээр ч нэг хоосон цолуулчихаагүй л дээ. Зохих үндэс, нотолгоо ч байсан. 1991-2003 оныг хүртэл МЧАСЭ-ийн Ерөнхийлөгч байхдаа миний хэлдэг үг, хийдэг ажил, зорьдог зүйл маань ердөө л чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө байсан. Одоо эргээд бичсэн барьснаа бүртгэж үзэхэд мөн ч олон юм байна лээ дээ.
Энэ бүхнийг эх үндэс болгож До. Чулуунбаатар Т.Баасансүрэн, Ц.Энхбат, Б.Галаарид,Ж.Батбаатар, Д.Заяабат, До.Цэнджав, Л.Норовсүрэн, Ө.Рагчаасүрэн, Ч.Чойсамба, Б.Билигт гэх мэтийн сэтгүүл-зүйн олон олон онолч мэргэд судлаачид намайгаа нааштайгаар үнэлэж цэгнэж бичсэн л дээ. Би чинь “чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” энээ, тэрээ гэж хэлүүлж зохих, зохих газраас цол өргөмжлөл ч хүртсэн. Ингээд өгөөч гэж би нэг ч хүнээс хүсээгүй, нэг л мэдэхэд ийм юм болсон.
– Тэр бүхэнд та яаж хандав?
-Хүндэтгэлтэй хандсан. Тэгэхгүй бол ёстой нөгөө бусдын тос шиг сэтгэлийг царцааж сүү шиг санааг нь ээдүүлсэн болох биз дээ. Хиймэл даруу царайлж, хийрхэж тэгж өвчигнөж яахан болох.
– Ингэхэд МСНЭ-ийн Их хурал нэг л онцгүй болчихов уу даа?
-Энд би хошуу дүрээд яах вэ дээ. Өөрсдөө учраа олох биз.Та сэтгүүл-зүй, сэтгүүлч, тэр ч байтугай байгууллагын хурлын тухайд хүртэл шалгаалаа. Би савыг тань хоосон буцаахгүйг хэрдээ хичээлээ. Гэвч сэдэв өргөн, санаа дэлгэр байх тул орхигдсон зүйлс олон байгаа нь лав.
Түүний дутууг нөхөж дундуурыг дүүргэе гэвэл өмнө нь миний хэвлүүлсэн “Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой” (Calamusfortiorgladio) гэсэн цуврал номыг үзээрэй. Нэмж нэрлэхэд “Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого”, “Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл” гэсэн бэсрэгдүү ботиуд ч байгаа.
Эрдэмтэн зохиолч, нэрт нийтлэлч Л.Түдэв миний тухай “Өөрөө ургасан царс”, “Үгээр зэвсэглэгч”… гэх зэргээр гарчиглаж байдгаад бичсэн байдаг. Хэвлэл мэдээллийн нэр томьёоны “Англи-монгол” авсаархан толь ч бий. Эдгээрийг олж үзвээс миний талаарх ойлголт, төсөөлөл тань тэлж дээрдэнэ.
– Та сэтгүүл-зүйгээс халиад толь зүй рүү орсон. Ингэхдээ ярвигтай хэцүү төрөл гэгддэг хэлц хэвшмэл хэллэг, өвөрмөц хэлцийг сонгожээ. Энэ сэдвээр хөөрөлдвөл болох уу?
-Том жижиг толь цуварч, нэг ёсондоо толь бичгийн даллага аваад байгаа өнөө цагт өвөрмөц хэлцийг илүүд үзэж сонгох нь зөв мэт санагдсан тул хатуугаас нь халгалгүйгээр тэрнийг голлож жижиг хийгээд дунд улмаар том гарынх гэхчлэнгээр толиудаа хэдэнтээ зэхэж хэвлүүлсэн.
Гэсэн ч барагдашгүй баялаг, ширгэшгүй ундаргатай, шавхагдашгүй арвин алтан сант, ариун тансаг нэн нандин өв хэл соёлын төрөл гэвээс өвөрмөц хийгээд хэвшмэл хэлц хэллэг гэлтэй. Ийм болохоор нь илүүд үзэж ихэд гойдлож гоцлон сонирхож сонгосон.
– Таны бодлоор өвөрмөц хэлц гэж чухам юу вэ?
– Энэ асуултад би “миний бодлоор” гэж хариуламгүй байна. Тэгэхийн оронд харин хэд хэдэн лут хэл шинжээчийн хэлж, томъёолж, тодорхойлсныг эш татъя. “Хэлц нэгж бол хийсвэрлэн сэтгэхийн дээд эрэмбийн үзэгдэл мөн” гэж доктор, профессор Ж.Баянсан хэлсэн. Тэгвэл “Өвөрмөц хэлц, хэллэг нь юмс, үзэгдлийн учир шалтгааны шугаман бус холбогдлыг илэрхийлэх динамик бүтцэд хамаарна.
Мөн эсрэг, тэсрэг ойлголтуудыг нэгтгэн илүү дээд эрэмбийн шинэ ойлголт бий болгодгийн (Mental blending)”нэг жишээ нь өвөрмөц хэлц болдог” гэж академич Б.Чулуундорж бичсэн байдаг юм. Түүнчлэн академич Д.Төмөртогоо, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, Э.Чинбат, О.Самбуудорж нар ч өвөрмөц хэлцийн талаар өөрийн үнэт үгийг хэлсэн.
Тэдний үзэж байгаагаар өвөрмөц хэлцийг аливаа хэлний хамгийн амтлаг агаад шим шүлт шингэмэл, уран тансаг утга төгс, чамин гоо, чансаа өндөр бүрдэл хэсэг гэхэд болно. Ойлгуулахын үүднээс ондоо зүйлтэй зүйрлэвэл цайны дээж, шөлний тослог, сүүний цөцгий адил. Идиом буюу өвөрмөц хэлцийг дэлхийн хэл шинжлэлийн бүтээл, туурвилд “Idiomscan be a very rewarding aspect of language study”гэж өндөрт өргөж тавьдаг.
Монгол хэлц ч сонин содноор дүүрэн. Энд интернационал ч буюу дэлхийчлэгдсэн шим шүлтэт шинж бий. “Хар хэрээ бие, биеэ тоншихгүй, хануур хорхой бие биеэ сорохгүй” гэхийг Монголынх гэж болох ч углуургаар нь ухаж хөөж нягтлаваас Бенгаль угшилтай байж ч мэдэх.
Монгол түмний ахуй сэтгэлгээ, түүх соёл, уламжлал, зан үйлийн хаана ч баймгүй, хэзээ ч давтагдашгүй сонин содон, гоц гойд төрх төлөв, өнгө аясууд нь өвөрмөц хэлц, хэллэг хийгээд зүйр цэцэн үгс, сургаал, ерөөл, магтаал сэлтэд шингээстэй. Хархад хачин энгийн ч харь хэлнээ орчуулах гэхээр агуулга утга нь авсаар буудаггүй адармаат онцлог, аугаа шинжийг манай өвөрмөц хэлц өөртөө тээж байдаг.
Үүний үнэнийг холоос хайж ч хэрэггүй. Гарын дор ойрхноос ганц нэг жишээ татахад л ойлгогдохоор. Хэлтэй бол хөлтэй гэхийг англи зэрэг аль ч хэлнээ амт шинжийг алдагдуулахгүй орчуулах гээд үзээрэй. Мөн ч их зовноо доо. Дөнгөж л нэг дөтлүүлж төсөөлүүлэх юмуу ойртуулж ханалуулж хаяхаас цааш олигтой болохгүй. “Өглөө хазаар, орой ташуур” гэдгийн тухайд ч ялгаагүй. Өглөө гэчихээд хазаар, орой гэчхээд ташуур гэхэд цуцуурхан-ыг хэлж байна хэмээн харийнхны толгойд харваж ортлоо хол. Агуулга нь ч авсаар буухгүй. Нусан бурантаг, ясан хэдрэг гэх ч ялгаагүй. Ав адилхан махчилж орчуулаад байваас амбан явахгүй. Ингэхээр яах ёстойв?.
Орлох дүйцэл, цачуу чанар, тэнцэл буюу эквивалентын эрэлд мордоно. Энд ингэж хэлснийг тэнд яаж ярьж илэрхийлдэг байх нь вэ гэсэн хайлтэрэлд хатна. Ингээд бодохоор идиом (idiom)-ыг “Үгчлэн орчуулж болохгүй хэллэг” хэмээн манай эрдэмтдийн ярьж томьеолдог ч орой руу орж байна л даа.
– Өмнө нь та өвөрмөц хэлцийн толь нэлээд хэдийг хийсэн. Хүмүүс ч дараагийнх нь гарахыг хүлээдэг болчихсон байсан?
-Өнөөдрөөр бахархахдаа өчигдрийнхийг мартчихаж болохгүй. Олон улсын эрх зүйн том судлаачаар барахгүй толь зүйч П.Цагаан монгол латин, латин монгол толь хийсэн нь одоо бараг олдохоо больсон нүдний гэм гэхээр нэн ховор үнэт бүтээл болой. Хэдийгээр монгол үгийн гарлын (Этимологийн) зэрэг төрөл дээр үгүйлэгдэж доголдсоор ирсэн тал байдаг ч энэ нь эртээс улбаатай ололтыг үгүйсгэх үндэс шалтгаан болох ёсгүй.
Монгол толь зүйн түүхийг эх гарвалаас нь сөхөж бүртгэж бүрсгэж үзэхэд хүрвэл тийм ч наанагүйгээр барахгүй ихэд эртнээс, машид цаанаас ухаж хөөж үзэх урт түүхт сэдэв учир тэр нь мань мэтийн юмны ярьж хүчрэх сэдэв яав ч биш ээ.
Үүсэл хөгжлийг нь цаг хугацааных нь үүднээс үзсэн ч наагуурдаа XIX зуунаас эхтэй. Элэг барьж, энгийнд тооцох аргагүй энэ төрлөөр би ярихын өмнө дагнаж мэргэшсэн данагар, данагар хэл шинжээч болох Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном Ш.Чоймоо, Ц.Шагдарсүрэн, Э.Пүрэвжав, Б.Сумъяабаатар, О.Самбуудорж тэргүүтэний айлдал өчилөөстанилцуулваас асар зөвөөр зогсохгүй, нүдээ олно, байгаа ононо гэгч нь тэр ээ.
Англи хэлний Сэлэнгээ багшийг энд нэмж нэрлүүштэй. Одоо чинь Аристотелийн үе бишээс гадна чээжний бангаар залж, санааны зоргоор гөвж ам мэдэн агсарч бурах бус аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэх цаг мөнөөр үл барам машид шинжлэх ухаан ч, ихэд эрдэмлэг эрин үе юм даа.
–Монгол хэлд хамаатай өөр ямар толь бичгүүд гадаад, дотоодод гарсан байдаг юм бол?
-Бишгүй бий, түүнээс сонирхуулах түвшинд сорчилж нэрлэхэд, Я.Шмидтийн “Монгол-Герман-Орос толь”(1835), О.Ковалевскийн “Монгол-Орос-франц толь” (1844-1849), К.Ф.Голстунскийн “Монгол-Орос толь” (1893), Г.Рамстедтын “Халимаг (Герман) толь” (1935), А.Мостаерын “Ордос-Франц толь” (1941-1944) … зэргийг монгол толгой бүхий европ хэлний орчуулгын толиудын түрүүч түүчээ хэмээн хэлж тооцож болох талтай.
Нөгөөтэйгүүр, С.Шагжийн “Эрихүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар Чандманий Эрихэ” толь, (1928-1929), Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)зэргийг бутэц, зохиомж, багтсан үг, хамарсан хүрээ, хийсэн аргачилал гэх мэт аль ч талаас нь авч үзсэн монгол толь зүйн (Lexicography; лексикография) хөгжилд шинэ дэвшил авчирсан шедевр бүтээлд данслаж дархлууштай.
Толь бичиг тэрлүүлэх нарийн чимхлүүр хүнд хөдөлмөрт наян хоёр насалтлаа хоёргүй сэтгэлээр махран зүтгэсэн яруу үйлст Ядамжавын Цэвэл гуайн алдарт бүтээлийг асраар арвижуулж 2013 онд дахин хэвлүүлсэн шаргуу бүтээлч Ц.Шагдарсүрэн гэдэг эрдэм оюут хүүд нь ихээхэн талархууштай.
Монгол хэлний тайлбар толь нь манай эх хэлийг бусад хэлтэй хоршсон толь бичиг зэхэж бэлтгэхэд толгой үгийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй утга хэрэглээний зөв чиг баримжаат суурь дэвсгэр нь болж өгнө. Дээр өгүүлснээ ялимгүй дэлгэрүүлсхийвээс: “Гучин зургаат тайлбар толь” (The Mongolian Explanatory Dictionary in 36 volumes), Монголхэлнийхориннэгттайлбартоль (1708-1717),“Монгол үгний бүгд хураасан бичиг” гэдэг Монгол-Манж-Нангиад толь бичиг (1891), “Албан хэргийн тогтмол үгийн” толь (1908), “Мэргэд гарахын орон нэрт тогтсон даг-ийг” хэмээх нэр томьёоны (хоёр хэлний) тайлбар толь (1741-1742), “Арвай хээрийн арван дүймэн” хэмээх түүвэр нэрийн толь… гэхчлэнгээр хөвөрнө.
Манж Чин Улсын үед “Монгол үгний бүгд хураасан бичиг” хэмээх монголоор толгойлсон толь анх гарсанаас гадна Жамбын “Асралт нэрт (ийн) Түүх”,“Хураангуй Алтан товч” тэргүүтний толь зэрэг байдаг нь хожмоо монгол үгийн гарлын толь мэтийг зэхэж бэлтгэх угтвар нөхцөл нь болсондог. Профессор Сэцэнцогтын “Монгол үгийн язгуурын толь”(1988), Баатарын “Монгол хэлний үүсмэл үгийн тонгоруу толь”(1988)гэсэн жин дархуйц бүтээлүүд ч үгийн гарлын толины хөгжилд дэхь том алхам.
Манай эрдэмт мэргэдийн мятрашгүй хүчин зүтгэлээр биелэлээ олсон Монгол Манж, Монгол Түрэг, Монгол Солонгос, Монгол Япон… гэхчилэн Алтайовог хэлний судлал эрчээ авсанаар үгийн гарлын толиуд төрөх цаг хугацаа улам улмаар наашлаж түргэсэв. Академич Л.Лигети, Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, доктор Б.Сумъяабаатар, профессор И.Дө Рахевильз, Х.П.Фийце (Vietze)… гэх мэт дотоод, гадаадын эрдэмтэд эртний хийгээд дундад үеийн монгол хэлний хосгүй дурсгал, ховор өв болон, “Монголын Нууц товчоон”, Лувсанданзаны “Алтан товч” тэргүүт сурвалжийн тодотгол толь бүтээж бүгдийн хүртээл болгов. “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” … мэтийг хотол түмний хайрт, ховорхон заяах багш Ш.Чоймаа тэргүүтэй гар нийлсэн багийнхан амжуулсныг гавьяат үйлс гэхгүй юм бол юуг гавьяат гэх билээ.
Үүнчилэн Д.Төмөртогоо “А modern Mongolian-English-Japanese Dictionary”гэсэн академич хүний арал, зангараг заасан алт шиг нэн цэнт нүүр тахлам нүнжигт том толь бичгийг Токио хотноо 1979 онд билүү хэвлүүлсэн. Одоо орчинжуулж хэлэхэд төрөлжиж зүйлчилсэн шинэ, шинэ толиуд шил шилээ даран гарсаар л байгаад олзуурхууштай.
Ч.Зотол
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин