Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эмийн зар сурталчилгаа олширч, иргэд хохирох болсон талаар мэдээлэл хийлээ. Тус газраас Эрүүл мэндийн салбарын зар сурталчилгааны тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг аж ахуйн нэгж, хэрэглэгчид хэрхэн дагаж мөрдөж байгаа талаар хяналт, шалгалт хийсэн байна.
Шалгалт хийхэд ихэнх тохиолдолд хуулиа мөрдөөгүй зөрчил дутагдал илэрчээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд “Эрүүл мэндийн салбарт хууль бус зар сурталчилгаа ихээр явагдаж байна. Хууль бус зар сурталчилгаанаас болж, хэрэглэгчид хохирох болсон. Хохирсон иргэдээс санал гомдол бидэнд байнга ирдэг.
Эрүүл мэндийн салбарын зар сурталчилгааны тухай хуульд “Жороор олгох эмийг сурталчлах асуудлыг зөвшөөрсөн байдаг. Гэвч нэр, гарал үүсэл нь бүрэн баталгаажаагүй эмийн талаарх сурталчилгаа гарсаар байна. Тухайн эрүүл мэндийн байгууллага өөрийн эмийг сурталчлахдаа магтаж, сайшаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, үнийн хямдрал зарлах нь хууль зөрчиж байгаа хэрэг” гэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн томоохон зөрчил нь эрүүл мэндийн салбарт явагдах гэж байгаа зар сурталчилгааны агуулгыг эрх бүхий байгууллага нь төдийлөн хянахгүй байгаа нь илэрчээ. Эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эм биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг эмийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянана” гэж заасан байдаг.
Гэтэл хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь тухайн эмийн зарын агуулгыг хянуулсан тухай дүгнэлтгүй байсан. Дүгнэлтгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хэллээ. Түүнчлэн тухайн эрүүл мэндийн зар сурталчилгааны цаана худал мэдээлэл өгсөн, хэрэглэгчдийг төөрөгдүүлж бараа бүтээгдэхүүнээ зарах, эмнэлэгтээ үйлчлүүлэхийг уриалах гэсэн олон хууль бус зар сурталчилгааны агуулга байдаг аж.
Хэрэв хуулиа хэрэгжүүлэхгүй бол зар сурталчилгаа бүтээгч, түгээж байгаа этгээдүүд аль, аль нь хариуцлага тооцдог гэнэ. Тодруулбал, хувь хүн 500 мянган төгрөг, албан байгууллага таван сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай аж. Түүнчлэн сүлжээгээр борлуулагддаг, эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэсэн бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэгчийг уриалан дуудсан, үнийн хямдрал үзүүлэх зэрэг хуулийн заалтыг зөрчдөг байна.
Гол нь сүлжээний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэр сайн болохыг нь нотолсон, баталгаажсаныг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Эмийн сурталчилгааны агуулгыг мэргэжлийн байгууллагууд хянаад дүгнэлт гаргасан байх ёстой. Гол нь энэ дүгнэлт байгаа эсэхийг нь нягталж Эмийн бүтээгдэхүүн худалдаж авахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас анхаарууллаа.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
1 comment
EM BOL HOR SHUU DEE HORIIG ZURAGTAAR SURTALCHLAAD ENE ULS YU BOLJ BAINA DAA MONGOLOOR DUUREN EMIIN-HORIIN SAN GEDAADAD JORGUI EM OGDOGGUI EMIIN SANTAI BOLBOL BAYJINAAA