Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа Казахстан Улсын Алматы хотын “Алатау” театрт “Би жаргалтай” бие даасан тоглолтоо ирэх сарын 12-ны өдөр хийхээр болсон байна. Энэ талаар тоглолтыг зохион байгуулж буй продюссерүүд болох С.Тика, М.Нурбахыт нар мэдээллээ.
Уг асуудлаар тэдэнтэй холбогдож тодруулахад: “Б.Сарантуяагийн хувьд тус улсад хоёр дахь удаагаа уран бүтээлээ толилуулах гэж байна. Анх 2011 онд Алматы, Астана хотуудад тоглолтоо хийж байсан юм. Дуучин маань энэ удаад өөрийн амьд хөгжмийн “Рэндом” хамтлагтайгаа хамт ирнэ.
Тоглолтондоо олон нийтийн сэтгэлд хоногшсон “Би жаргалтай”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” хит дуунууд болон шинэ уран бүтээлүүдээс “Морин хуур 2017” наадмаас дэд байрны шагнал хүртсэн “Амьдрал” киноны дуу, “Хаврын ганц улиас” “Иймээрээ л гоё” зэрэг дуунуудаа дуулна хэмээн хүлээгдэж байна” гэлээ. Дуучин Б.Сарантуяагийн тоглолтын тасалбарыг энэ өдрүүдэд кассир.кз сайтаар дамжуулан онлайнаар борлуулж байгаа ажээ.