МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэг “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар ажиллаж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу. Хуульч, судлаач, улстөрч хүнтэй ярилцах нь. Би мэргэжлийн сэтгүүлч биш учраас сонжсон, үг алдуулсан, мушгисан асуулт тавихгүй ээ.
Харин харьцангуй системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, мэдлэгийг уншигчдад хүргэнэ гэж найдаж байна. УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Монголын улс төрийн намуудыг чанаржуулахын тулд хуульд нь оруулчихмаар, хэлэлцэх гэж буй хүмүүс нь анхаармаар ямар санал танд байна вэ?
-Уг нь ардчилсан тогтолцоон дахь улс төрийн намууд нийгэмд бодлогоороо өрсөлдөж, зарчмаараа манлайлах учиртай. Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд бидэнд ямар боломж, хувилбар байна, түүнийгээ хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ намууд санал болгодог байх ёстой. Харин манайд энэ тал нь анхнаасаа дутмаг байсан.
Харамсалтай нь, одоо бүр үгүй болж. Ердөө л эрх мэдлийн өрсөлдөөн, түүнийг дагасан мөнгөнд хэн илүү хяналт тавих вэ гэх зодоон болж байна. Улс төрийн намаар дамжуулан албан тушаалд очсон хүмүүс намын үзэл баримтлал, хөгжлийн бодлого гэхээс илүүтэй тухайн нөхцөл байдалд эрх мэдлээ яаж удаан хадгалах вэ, түүнийг яаж төвлөрүүлэх вэ, би болон манай бүлэг хэрхэн ажиллавал илүү их ашиг хүртэх вэ гэж бодох болсон. Энэ нь үндсэндээ намыг олон нийтийн дунд ямар ч нэр хүндгүй болголоо.
Тиймээс намыг шинэчлэхийн тулд хэд хэдэн алхам хийх ёстой. Юуны түрүүнд, хамгийн их асуудал дагуулж буй санхүүжилтийг нь ил тод болгож, нам өөрөө авлигын эх үүсвэр болчихоод байгааг илааршуулах хэрэгтэй. Манай намууд үндсэндээ социализмын үеийн хэлбэртэй. Ардын намтай өрсөлдөхийн тулд дагаад гишүүнчлэлээр уралдсан нүсэр бүтэцтэй болчихсон. Улс доторх улс адил аль болох олон гишүүн, үлэг гүрвэл шиг нүсэр биетэй болчихсон. Тэднийгээ тэжээж, тэтгэх гээд мөнгөний уралдаанд орчихсон. Нүсэр байх тусам их мөнгө хэрэгтэй.
Улмаар тэр мөнгийг олохын тулд АН, МАН-ын аль аль нь тодорхой хоёр, гуравхан арга ашиглаж байгаа. Нэгдүгээрт, засгийн эрх авах замаар улсын төсвийг захиран зарцуулж, түүнийгээ намын гишүүддээ “Биднийг ялуулсан юм чинь албан тушаал, мөнгө хуваарилна” гэх маягаар хуваадаг. Хоёрт нь, их мөнгөтэй хүмүүсийг намдаа татаж, түншлэх байдлаар клиентилезмийг хөгжүүлж байна. Мэдээж тэд намд жирийн гишүүн бус, тухайн намыг санхүүжүүлэгчийн дүрээр орж ирдэг. Мөнгөтэй хүний халаас руу намууд өөрөө гүйж орж байна.
Ингэснээр олигарх буюу улс төр, мөнгө хоёрыг зэрэг хөөцөлдөж яваа хэсэг хүн хувьдаа намтай, Засгийн газартай, төртэй болж байна. Тэд зах зээлийн бус аргаар, улс төр, эрх мэдлийн туслалцаатайгаар бизнесээ тэлж, илүү их мөнгө олдог. Намуудын энэ үзэгдэл ил гарсныг нь л “Ардын намын 60 тэрбум” гэж яриад байгаа болохоос Монголын бүх нам ийм замаар явж буй. Шинэчлэх ёстой дараагийн асуудал нь эрх мэдэлд л хүрчихвэл гэх хоосон хийрхэл. Намууд бодлого боловсруулдаг, судалгаа хийдэг, ялгарахуйц үзэл санаа, хөгжлийн замын зургаа олон нийтэд хүргэхгүй байгаа учраас сонгогчид аль нь юу хийхийг мэдэхээ байчихлаа шүү дээ. Засгийн эрхэнд аль нь ч гарсан ярьдаг юм нь нэг болсон.
Жишээ нь, баруун төвийн үзэл баримтлалтай, эдийн засгийн болон хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийн таатай орчныг илүүтэй дэмждэг гэх АН эрх мэдэл авангуутаа бизнесийнхэн рүү дайрч, төрийн компанийг томруулах гэж оролддог болсон. Учир нь, өнөөх л мөнгө өгсөн, хандивласан хүмүүстээ хариу барих, гишүүдээ тэтгэж, тэжээх, өрөө төлөхийн тулд төр рүү бүх зүйлийг татах шаардлагатай болж буй хэрэг.
Хэлснээсээ зөрж, бодлого тодорхой бус болохоор дэмждэг хариуцлагатай сонгогчид сонголтгүй болдог. Өөрөөр хэлбэл, энэ намыг сонговол ийм бодлого хэрэгждэг гэсэн хүлээлт замхарч, утгагүй болж хувирдаг. Үр дүнд нь олон нийт таалагдсан хувь хүн, түүний харизмд түшиглэсэн сонголт хийх болсон. Үндсэндээ популизм хийж чадаж байгаа руу нь сонгогчид савлаж эхэлнэ гэсэн үг.
-Намуудыг яаж санхүүжүүлсэн нь зүйтэй юм бэ. Одоо боловсруулж буй төсөлд тэднийг төрөөс санхүүжүүлэхээр тусгаад байгаа юм билээ.
-Намыг эрүүлээр санхүүжүүлэх хоёр л арга бий. Нэгдүгээрт, нам олон нийтийнх болж, цөөн хүнээс бус, нийт дэмжигчээсээ санхүүжих хувилбар бий. Үүнийг улс төрийн нэлээд өндөр соёлтой бөгөөд нам нь харируцлагатай нийгэмд хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт, төр мөнгө өгч болдог. Гэхдээ юунд зарахыг нь зааж өгдөг. Одоо УИХ-д суудалтай намууд “суудлын мөнгө” гэж авч байгаатай адил зарчим гэсэн үг.
Харамсалтай нь, манайхан тэр мөнгийг юунд зарж байгааг нь мэддэггүй, хянадаггүй. Германд бол татвар төлөгчдийн мөнгийг тэдэнд өгч буй учраас тус намын татвар, санхүү бүгд ил байх ёстой. Өгсөн мөнгийг нь үндсэндээ гурван зүйлд л зарцуулдаг. Нэгдүгээрт, бодлого боловсруулах, судалгаа хийхэд зориулдаг. Хоёрдугаарт, сонгогчдын боловсролыг дээшлүүлж, ардчиллыг ухуулан таниулах зардал болгох ёстой. Ардчилал иргэдийг байнга боловсруулах ёстой байдаг учраас сонгогчдод улс төрийн боловсрол олгох үүргийг нам хариуцаж буй хэрэг.
Гуравдугаарт, тухайн намд Үндсэн хуулиас хальсан тоглолт хийж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Тэр тохиолдолд тус намыг шууд татан буулгана. Учир нь санхүүжилт нь татвар төлөгчдийн мөнгө бөгөөд тэдний нийгмийн гэрээ, итгэл үнэмшил нь болсон зүйлээр тонгочих эрх яавч олгож болохгүй.
-Бодлого нь боловсон хүчинтэй шууд холбогдох байх, тийм үү?
-Уг нь нам бодлого яриад ирэхээр хоосон уриа, халтартсан цаас барихаа больчихно л доо. Тохиолдлоор, сонгуулиар үсэрч гарч ирдэг улстөрчид ч үгүй болно. Бодлогын хувилбартай болоод ирэхээр тэр ажлыг хэн хийх вэ гэдэгт хариулах шаардлага тулгарч, асуудлаа мэдэж байж ярьдаг, шийддэг хэсэг нь танигдан гарч ирнэ. Одоо ер нь бодлого ярьдаг улстөрч алга боллоо.
Нэгнийхээ араас ухсан, төнхсөн, хов жив хөөцөлдсөн, эрх мэдлээ булаацалдаж, толхилцсон зүйлийг л улс төр гэж харах болсон. Өмнө хэлсэнчлэн нөгөөх нүсэр бүтэц, өр төлөх схемээ төрийн байгууллагуудад тараан байршуулахын тулд салбартаа мэргэшсэн, ажилдаа сэтгэлээ өгсөн мэргэжилтнүүдийн орон зайд халддаг. Даргын цүнх баригчид тухайн салбарыг мэдэхгүй атлаа сонгуулийн дараа албан тушаалаар шагнуулан, дэвхрэг шиг л нүүдэллээд ирдэг. Ажлаа мэдэхгүй хүнд удирдуулж байгаа хүмүүст ямар итгэл үнэмшил төрөх билээ.
Мэргэжлийн биш хүмүүс тэнд эргэлдэх мөнгөн дүнг л харахаас үндсэн ажлыг нь ойлгох ч үгүй. Салбарыг тонгочуулж, санхүүг нь замбараагүйтүүлэхээс хэтрэхгүй. Мэргэжлийн салбаруудад нам цүнх баригчдаа чирч очиж болохгүй. Өнөөдөр манай хөгжлийг гацаах, бүгдийг орвонгоор нь тонгочуулах, ёрын муйхар хүч улс төрийн нам өөрөө болоод хувирчихлаа. Бодлогын намтай, боловсролд суурилсан улс төртэй болохгүй бол аливаа асуудалд сэтгэл хөдлөл, хар хүчээр хандаж, хийрхлээр хөөсрүүлж, улс орныг уруудуулдаг байдал газар авлаа.
Ардчилал уг нь олонхын муйхар хүч бус, ухаалаг хэлэлцүүлгийн үр дүнд шийдвэр гаргах боломж. Хариуцлагатай ардчилал бий болгохын тулд нам өөрөө хариуцлага хүлээж сурах ёстой. Намуудтай холбоотой суурь шинжтэй, том шинэтгэл хийх цаг нь болсон. Улс төрийн нам уг нь нийгмийг эрүүлжүүлдэг систем атал одоо манайд харамсалтай нь хорт хавдар шиг бусад эрүүл байгаа эд, эрхтэн рүүгээ халдан өвчлүүлэгч болох нь.
-Хариуцлагын тухайд тодруулъя. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон цагаасаа л хариуцлага ярьж байна.
-Бидний амьдарч байгаа нийгэм маш нарийн мэдээлэлтэй, өөрчлөлтийг богино хугацаанд хүлээн авдаг амьд организм. Ийм амьд организмд “хариуцлага” гэж чанга ярьсан хувь хүний аашаар биш, тогтсон дүрэм, журам, институтийн үр дүнг ярих учиртай.
Харамсалтай нь, манайд тогтолцоогоо угсарч, бий болгохоос илүүтэй хариуцлага гэдгийг бусдад таалагдах гоё үг, улстөрчийн хувьд зангарагтай, эрх мэдэлтэй буйгаа харуулах дүр, эрх мэдлийг өөртөө овоолох шалтаг болгож, аливааг шийдэгч дарангуйлагчийн шат болгочих гээд байх юм.
Уг нь хэн нэг улстөрч хэлсэн, хэлээгүйгээс үл хамааран энэ улс оронд хариуцлагатай ардчилал, хууль ёс оршин тогтнох уу гэдэг л асуудал.
-Тэгвэл С.Баярцогтод хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс хассан нь хариуцлагатай байгаагийн нэг жишээ мөн үү?
-Энэ бол сонин үзэгдэл. Коммунист намд л гишүүнээс хасах гэдэг нь хамгийн том хариуцлагын арга хэмжээ байсан биз. Намаасаа хөөх нь магадгүй фашист арга барил байх. Социализмын үед таалагдахгүй хүнээ цаазалчихаад үлдсэн хэсэг нь аз жаргалтай амьдрах гэж оролддог байсан шүү дээ.
Ардчилсан нийгэмд үзэл санаагаараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн хувьд нэг нь нөгөөгөө намаас хасаж байна гэх нь утгагүй зүйл. С.Баярцогтод сонгуульд оролцож, улс төрийн эрх мэдэлд ойртох эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарласан хариуцлага үүрүүлж болох байсан. Орчин үеийн нээлттэй нийгэмд чамд таалагдахгүй хэн нэгэн байлаа ч наад захын эрхийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэж сурах хэрэгтэй.
Үзэл санаагаараа нэгдсэн орчиндоо байх эрхийг нь түүнд Үндсэн хуулиар олгосон шүү дээ.
-Манайхан “Би хууль зөрчөөгүй” гээд л зүтгээд байдаг. Уг нь наана нь ёс зүйгээс авахуулаад өөр хэм хэмжээнүүд бий шүү дээ.
-Монголд буруу тогтсон зүйлсийн нэг нь л дээ. Нийгэмд хариуцлагын маш олон хэлбэр бий. Тэр болгон өөрийн гэсэн дэс дараатай. Шүүхээс гэмт хэрэгтэн гэж шийтгээгүй л бол цав цагаан юм шигээр өөрийгөө тодорхойлох гэж оролдож буй нь нийгмийг бүхэлд нь “Тэр тэгж байгаа бол би ингэж болно” гэсэн хариуцлагагүй байдал руу түлхэж буй юм.
Улс төрийн нам, улстөрчдийн эрх, үүргийг мэдрүүлэх хариуцлагын талаар би дээр цухас дурдсан. Жишээ нь, Монголд маш олон нам байна. Сүүлдээ нам байгуулах нь айл гэр болж тоглох шиг л зүйл болж, нэг хүн нэлээд хэдэн намтай болчихсон байх жишээтэй. Парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд суудал аваагүй намыг татан буулгадаг байх нь намыг, улстөрчдийг хариуцлагажуулах чухал механизм.
Гэтэл манайд УИХ битгий хэл, ИТХ-д суудал авдаггүй нам 20 гаруй жил явж л байна. Хэрэг болохоор л эзэн нь намаа гаргаж ирж, тохироо, наймаа хийж буй нь манай улс төр хариуцлагагүй байгаагийн шинж. Энэ жишээгээр Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж яагаад болохгүй гэж. Мэдээж дахин нам байгуулах нь нээлттэй үлдэнэ. Нам олон нийтийн дэмжлэггүй байгаа нь оршин тогтнож чадахгүй буйн илэрхийлэл.
-Улс төрийн хүчнүүд бодлогын нам болох талаар бас ч гэж ярьдаг болчихож. Тухайлбал, АН томоохон ялагдал хүлээсэн болоод ч тэр үү удирдлагууд нь бодлогын нам болгон шинэчилнэ гэж их л ярих юм. Та ямар нэг өөрчлөлт, шинэчлэл мэдэрч байна уу?
-Хэлэх амархан. Хэрэгжүүлэх хэцүү. Үнэхээр бодлогын нам болж байна гэж тооцож буй бол бодлоготнуудыг үзэл санааны өрсөлдөөний тавцанд ажиллах боломжоор хангах ёстой. Түүнээс биш олон хүн тэжээх мөнгөний шаардлага, шалгуур тавьчихвал хөрөнгөтэй нь орж ирэхээс бус, бодлоготой нь босго давж чадахгүй. Манайх бодлогын нам болох шинэчлэл хэр амжилттай болохыг хэлж мэдэхгүй нь.
Юутай ч бодлогын нам болох гэсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр л алхаж явна. Гэхдээ нэг нам ийм санаачилга гаргаад үр дүнгүй. Нөгөө нь өнөөх л янзаараа их хэмжээний мөнгөөр сонгогчдыг худалдан авч байхад бид тийм гэгээлэг зүйл яриад сонгуульд ялахгүй. Тиймээс хүссэн, хүсээгүй нөгөө л дүрмээрээ өрсөлдөхөөс өөр аргагүй болно. Бүх намыг нэг дүрмээр тоглодог болгохын тулд Улс төрийн намын тухай хуулиар тодорхой шаардлага тавьж, түүнийгээ ян тан хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
-Намаас хамгийн их мөнгө шаарддаг зүйл нь сонгууль. Тэгэхээр сонгуулийн зардлыг багасгах арга зам л хайх хэрэгтэй юм биш үү?
-Улс төрийн намын тухай хуулийг дангаар шинэчлэхээс илүү Сонгуулийн тухай хуультай уяж байж ардчиллын өртгийг багасгах ёстой. Улмаар сонгуулийн дүнд бүрдсэн УИХ-ын дэг, зохион байгуулалтыг нь сайжруулах ёстой. Тэгэхгүй бол сонгуулиар нам болж тоглочихоод, УИХ-д орж ирэнгүүтээ “Би” гэж цээжээ дэлдэн, нам харгалзахгүй бүлэглэн талцаж, зодолдоод эхэлбэл шинэчлэлийн утгыг алдагдуулна.
Бид Европ маягийн нам, Герман маягийн парламентын засаглалыг сонгосон юм бол тэрэндээ таарсан хууль, эрх зүйн орчинтой байх ёстой. Манайд ардчиллыг хүртэх өртөг нь дундаж иргэд хүртэхээргүй өндөр байна. Ардчилал гэдэг чинь ялгаатай санал бодолтой хүмүүс өөрсдийнхөө төлөөллийг төрд оруулах тухай ойлголт болохоос бус, мөнгөтэй нь дан ганц дуугаа захиалдаг тогтолцоо биш. Нөгөө талаас намыг дагаж байгаа нүсэр бүтцийг танаж, багасгах хэрэгтэй гэж дахиад л хэлье.
Сонгуулийн зардлаас хамгийн том нь далд байдаг, хүмүүсийг ухуулахад зарцуулдаг. Уг нь арай гэгээлгээр харвал ардчилсан нийгэмд хүмүүс итгэл үнэмшлээрээ, сайн дураараа сонгуулийн кампанит ажилд оролцдог. Харин одоо өнөөх л клиентилист маягаар, мөнгөөр бүхнийг шийдэх болж. Хэн олон ажилтантай нь ялна гэсэн дүрэм ерөнхийдөө үйлчилж байна. Энэ нь 76 жижиг тойргоос зодолдож гарч ирэх уралдаан болгочихож байгаа юм.
Томсгосон тойрогтой болчихвол бүх хүнийг худалдаж авч чадахгүй гэдгээ улстөрчид ойлгож байгаа хэрэг л дээ. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалан мөнгө, нэр хүнд, эсвэл бодлогын өрсөлдөөн үүсэх үү гэдэг нь шалтгаална. Намын нэрээр орлого олдог, нэр дэвшигч бүрийг мөнгө гэж хардаг систем үүсчихээр ардчиллын өртөг ихсэж байгаа юм.
-76 жижиг тойргоор сонгууль явуулах шийдвэрийг АН олонх, таныг гишүүн байхад гаргасан бил үү?
-Улс орны хөгжлийг бодохоос илүүтэй хэн илүү эрх мэдэлтэй үлдэх вэ гэсэн зодооноо л дахиад ярих байх. 2015 оны сүүлчээр Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ 2012 оны сонгуулийн тогтолцоо буюу холимог 28:48 хувилбарыг тэр чигээр нь хадгалсан. Тухайн үед 76 жижиг тойрог болгох сонирхолтой хүмүүс байсан ч олонхын шийдвэрээр хуучин тогтолцоог хадгалсан.
Харамсалтай нь, тэр заалт Үндсэн хуулийн цэцэд очсон. Цэц бие даасан, хараат бус, ухаалаг шийдэл эрэлхийлэхээс илүүтэй улс төрийн эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүсийн захиас, даалгаврыг гүйцэтгэдэг болж хувирсан учраас тэд “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэх замаар сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. Тухайн үед АН, МАН-ын дарга нар тойргуудад өөрсдийн хүмүүсээ зоож, тохирчихоод тэгж шийдсэн шиг байгаа юм. Үр дүнд нь Монголын ардчилал даруй 10 гаруй жилээр ухарсан.
-Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд наана нь нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна.
Хуулийн мухардалд орсон учраас ийм арга хэмжээ авч байна гэж УИХ дахь олонх тайлбарлаж байгаа бол заавал хуульд гар хүрэлгүй, Үндсэн хуулийн хүрээнд шийдэх боломжтой байсан хэмээн тайлбарлаж буй. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-УИХ хуулийн мухардалд орлоо гэдэг нь дэндүү болхи тайлбар. УИХ хэзээ ч хуулийн мухардалд ордоггүй. Оруулахгүйн тулд ард түмэн байнгын ажиллагаатай парламентад төлөөллөө томилж байгаа. УИХ хууль тогтоох эрхтэй учраас зам байхгүй бол тэрийг нь тавиад л цааш явна гэсэн үг. Хаагуур зам тавих вэ гэдгийг Үндсэн хууль тодорхойлдог.
Харин шүүх бол зөвхөн УИХ-аас тогтоосон хуулийг л хэрэглэх учраас шинээр зам тавьж болохгүй. Энд нэг л зүйл сонирхолтой санагдсан. Цэц УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой зүйл, заалтыг хүчингүй болгосон. Харин прокурорын байгууллага УИХ-д ямар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд оруулав гэдэг л сонин байна. Прокурор хууль тогтоогч биш. Тэд зөвхөн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Прокурор өөрт олгогдоогүй эрх эдэлж болдог юм бол УИХ руу Д.Гантулгатай холбоотой санал оруулж байгаатай адил шүүгчийн талаарх аливаа зүйлээр Ерөнхийлөгчид хандаж болох уу. Энэ асуултад хуульчид хариу олох байх.
-Хууль, хяналтын байгууллага, шүүхийнхнийг тойрсон асуудлууд ойрын үед нэлээд анхаарал татаж байна. “Эрх мэдэлд хүрэхийн тулд хууль, шүүхийнхнийг гартаа оруулах гэж тэмцэж байна” хэмээн ярих боллоо.
-Түрүүнээс хойш бидний ярьсан зүйлсийн нэг хэсэг л дээ. Хэн нь хаан болох тухай өрсөлдөөн улстөрчдийг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэдэг. Туркт болсон үйл явц манайд давтагдах вий гэх болгоомжлол байна. Нийгмийг хөөсрүүлж, бухимдуулж байгаад сонгуулиар эрх мэдэлд хүрдэг. Эрх мэдэл авангуутаа дайсан үүсгэж, айдаст автуулаад, тэр дайсныг ганцхан удирдагч л дарж, зогсоож чадах мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, барьцаа ахиулдаг.
Дараа нь энэ тэмцэлд тусалдаггүй урвагч шүүх, цагдаа байгаа тухай шуугиан үүсгэнэ. Үнэндээ хаан шүүхийг гартаа авахын тулд шүүгчидтэй дайн зарласан. Тэднийг урвагч, дайсан мэтээр ойлгуулж, шүүхийг цэвэрлэж эхлэхэд олонх нь амиа хоохойлон, шинэ хааны үгээр явахаа амлан сөгдөхөд, зөрсөн болгон нь урвагч, авлигач нэр зүүн, цэвэрлэгээнд орсон.
Цэвэрлэсэн хэсэгтээ өөрийн хүмүүсээ байршуулна. Ингээд дараа нь цаазаар авах ялыг сэргээнэ. Одоо амьд үлдэх, эсэхээр нь өрсөлдөгч нараа хэн байхыг шийдэж, эрүүл саруул шүүмжлэлийг үгүй хийдэг. Ийм бэлэн хувилбарыг Монголд хэрэгжүүлээд байна уу гэж харж байна.
-Хууль, шүүхийнхэн рүү эрх бүхий хүмүүс дайраад байхаар жирийн иргэд юу гэж харах вэ гэдгийг бодох л ёстой юм шиг ээ.
-Улстөрчид шүүх, хуулийн байгууллага руу дайрах нь тэрийг засахаас илүүтэй эзэмших гэсэн оролдлого гэсэн үг байдаг. Үүнийг хаана хаанаа бүгд санаж, болгоомжлох хэрэгтэй. Шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагааг засах эрх нь УИХ-д бий.
Болохгүй байгааг нь ингэж өөрчилье гэж хууль санаачлан батлах замаар сайжруулахаас биш, хурц, мэргэн үгээр халхавчлан давшилж, дайрах нь аюултай. Хуулиа сайжруулах, тогтолцоогоо эрүүлжүүлэх тухай бус, хүн рүү онилоод ирэхээр л эрх мэдэлтнүүд эзэмшил газраа өргөтгөх, өөр үзэл санаатай хүмүүсийг буулгаж авах тийш ханддаг.
-Таны эхлүүлсэн хууль, эрх зүйн шинэтгэл ямар зам туулж байна гэж хэлэх вэ?
-Ардын нам 2016 онд гарч ирээд л орвонгоор нь эргүүлчихсэн шүү дээ.
-Танай нам олонх байхад таны дараа томилогдсон сайд л бараг өөрчлөөд эхэлсэн байх шүү.
-Ер нь хүмүүс байнга эрх мэдэлтэй байх юм шиг санаж, түүндээ тааруулж аливааг харах гээд байдаг юм. Гудамжинд гараад жирийн иргэний нүдээр харахаараа тэр нь зөв байжээ гэж хэлдэг. Тахарын албыг татан буулгая гэж З.Энхболдоос авахуулаад цөөнгүй хүн зүтгэсэн. Дараа нь “60 тэрбум”-ын хэргээр Г.Доржзодов гэдэг хүнийг гадаадын иргэний гэрт хувь хүнээр хамгаалуулсан шүү дээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо яагаад хэрэгтэйг өөрөө хохирогч болохоороо ойлгосон хүн олон байх.
Эрх мэдэлтэй байхдаа миний хэргийг илрүүлчих гэрч гараад ирэх вий, түүнийг айлгаж л байвал сайн гэж боддог биз. 2016 оны дөрөвдүгээр сард шиг санаж байна, одоогийнх шиг хорьж мөрддөг, социализмын үеийнх шиг хэргийг өөрөөр нь нотлуулах гэж оролддог, барьж авчихаад гүйцэтгэх ажил хийж, ойр тойрныхныг нь айлгадаг тогтолцоог өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Тодорхой хэлбэл, хүнийг цагдан хорьж байгаа бол цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох тухай хуулийг хэлэлцсэн. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, маргааш батална гэж байхад өмнөх өдөр нь тухайн үеийн цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандсан.
Ингээд Ерөнхий сайд хуулийн төслөө татах дээрээ тулчихаад байхад нь бид “20 жил хийх гэж оролдож, сая хуульчлах боломж бүрдэнгүүт яагаад АН, Ерөнхий сайд нь одоогийн байдлыг зэвсгээ болгож ашигладаг дарга нарын үгээр төслөө татаж авдаг юм бэ” гээд бөөн юм болсон. Хуулиа ч баталсан. Баталчихаад эцсийн найруулгыг нь сонсож, алх цохиж амжилгүй чуулган тарж, сонгуультай золгосон.
Сонгуулиар Ардын нам олонх болж, өнөөх хуулийг буцаасан. Байнгын эрх мэдэлтэй байна гэж биш, би үргэлж иргэн байна хэмээн бодож хуулийг бичихгүй бол ямар аюултай вэ гэдгийг харуулж байгаа юм. Үүний хамгийн том жишээ нь Н.Энхбаяр. Бүтээсэн машиныхаа эргүүлэгт өөрөө орсон шүү дээ.
-Ингэхэд цагдан хорих 461 дүгээр ангид байгаа хүн утсаар ярихгүй, хүнтэй л уулзахгүй болохоос орчин нөхцөл нь гайгүй биз дээ?
-Үгүй л дээ. Бид Н.Алтанхугийн Засгийн газрын үед Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийг тусад нь батлах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, хүнийг хорьж биш, гадуур байцааж, хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх гэж хичээсэн. Цагдан хорих бол хамгийн сүүлд авдаг арга хэрэгсэл.
Бид чөлөөт, хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан нийгэмд биеэрээ шилжээд орчихсон хэрнээ ухамсрынхаа хувьд өмнөхөөсөө холдож чадахгүй байна. Тиймээс бүх нийтийн ухамсрын түвшинд шинэ давалгаа үүсгэх шаардлагатай юм шиг ээ.
-Хуулийг хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь сайны шинж биш, тийм үү?
-Ер нь хуулийг хүн бүр өөртөө ашигтайгаар тайлбарлах ёстой гэж үздэг юм. Гэхдээ бүх хүний тайлбар зөрж байгаад дундаж дээр очингуут түүнийг илүү мэргэжлийнх гэж хүлээн зөвшөөрдөг. Учир нь, хуульд хүн бүрийн эрх ашиг бий. Хүн болгон хуулиас өөрийнхөө эрх ашгийг харах ёстой. Гэхдээ миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг дүрмээрээ л амьдрах учиртай.
Нөгөө хүний хананд хүртлээ хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой. Бид чинь бурхны хуульд захирагдаагүй шүү дээ. Нэгэнт бид өөр хоорондоо ойлголцож, зөв гэж бодсоноо дүрэм болгохын төлөө хичээж байгаа учраас хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлахыг буруутгаж болохгүй. Гэхдээ нэг зарчим бий. Тэр нь хууль хүн бүрт ойлгогдохуйц, тодорхой байх ёстой. Хууль гоё уншигдахаас илүүтэй асуудлыг шийдэх чадвартай байх шаардлагатай. Сүүлийн үгэн дээр л мэргэжилтнүүдийн тухай яриа гарч ирэх байх.
-АТГ-ын удирдлагыг иргэдээс санал авч тодруулна гэдэг нь таны хувьд байж болох хувилбар мөн үү?
-Хуулийг нь өөрчлөөд тийм болгочихвол юу юм гэхээс хуулиас гадуур тоглолт хийж болохгүй. Ингээд байвал Дээд шүүхийн шүүгч, бүр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг ард түмний саналаар нь тодруулна гэх байх. Хэн түрүүлж дүрэм рүү нулимна, тэр хүн буцаад дүрэмгүй нулималтын бай болдог гэдэг. Ардчилсан, чөлөөт, хуулийн засаглал бүхий оронд аль болох дүрмээр тоглож байж, өөрсдөө эрсдэлгүй, аюулгүй байдаг. Иргэн, албан тушаалтны аль алинд нь адилхан хамаатай.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танд ямар төсөөлөл байна вэ?
-Өөрчилж, чадах эсэхийг нь мэдэхгүй юм. УИХ-д 65 суудалтай боловч бодит байдал дээр хоёр нам шиг болчихсон улс төрийн хүчин суурь шинжтэй өөрчлөлтөд эрүүл саруул ухаанаар хандаж чадна гэсэн итгэл алга. Үндсэн хууль мөнхөд өөрчлөгдөхгүй байх ёстой зүйл биш. Тэр дундаа 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийнх.
Тиймээс Монголын шилжилт дуусахгүй байгаа юм. Шилжилтийн маягийн зохицуулалтуудаа илүү суурьтай, урт хугацааных болгох хэрэгцээ шаардлага бий. Заримыг нь илүү тодорхой, үр ашигтай болгох шаардлага ч бас байгаа. Ардын намынхны ярьж байгаа зүйлд авах ч, гээх ч юм бий. Ямар чиглэлээр өөрчлөх вэ гэж дундын, нэгдсэн ойлголт руу дөхөх ёстой болов уу. Жишээ нь, 1992 оны Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг тарамдуулаад, Ерөнхийлөгч, УИХ гээд хаа сайгүй хуваачихсан.
Бодит байдал дээр гүйцэтгэх эрх мэдэл цулаараа оршихооргүй учраас хөгжлийн бодлого урагшлахгүй байгаа. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг илүү тодорхой, тал талаас булаацалдаад байгаа эрх мэдлээс салгаж цогц болгох нь дараагийн Үндсэн хуулийн том зорилго. Хоёрдугаарт, парламентыг парламентаар нь үлдээх ёстой. 76 гишүүн нь 76 сайд болчихоод, бүлэглэлээрээ дамжуулан Засгийн газрыг хувааж авдаг болчихлоо шүү дээ.
Ерөнхий сайдын танхим, Засгийн газар гэдэг ойлголт бараг үгүй болсон. Энэ мэтээр эрх мэдлийн хуваарилалтын гажиг алдааг засах ёстой. Үүнээс гадна харилцан хяналт,тэнцэлтэй байх зарчмыг сэргээн тогтоох боломжийг нээмээр байна.
-Үндсэн хууль дахь хүний эрхийн зохицуулалтыг хангалттай гэж үздэг үү?
-Хүний эрхийн цэс сайн. Үүнд заалт нэмж, хасахаас илүүтэй бүлэглэж, дэс дарааг нь зөв болгох шаардлага байхыг үгүйсгэхгүй. Хүний эрхийн заалтуудыг төрийн байгууламжтай уях асуудал жаахан бүрхэг байгаа байх. Төрийн байгууллагуудын чиг үүрэг нь эдгээр эрхийг хангахад чиглэж байх ёстой. Суурь заалтууд нь байхгүй учраас уялдахгүй байна.
Жишээ нь, ямар эрхийг нь хангахын тулд парламент, шүүх байгааг тодорхой бичээгүй учраас хүний эрх, төрийн эрх мэдэл гэдэг нь тус тусдаа юм шиг болчихоод байж болох юм. Үүнийг хангахын тулд Үндсэн хуулийн суурь бүтэцтэй холбоотой зүйл, заалтыг тодотгох шаардлага бий байх.
Эх сурвалж:
2 comments
хүнд ойлгомжтой энгийн үг хэллэг хэрэглэх авьяас алга.
зөв л ярьсан байна, манай малууд мөнх л албан тушаалд ажиллаж амь зуух юм шиг бодож амьдарлаа авч яваа юм болуу, манай төрд хөөрхийллөлтэй хөрөнгөтнүүд их байна. мэд маань эд мөнгө эрх мэдэл хөөцөлдсөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэх вии дээ. 49 хувийн эрхэмүүд Ням доржийг цааш нь харуулах вии дээ , эд мөнгө, эрх тушаалд шунсан хүмүүс ухаантай хүн лав биш ,тэд юу хийж байгаагаа мэдэхгүй их л төрөөр сайн тоглож байна гэж тэнгэрч яваа хүмүүс ,тэд өнөө өдөр төрийн толгойд луувир хулгайгаар гарсанаа өөрсдийн гавьяа мэт бодож мансуур явна, үхэх цэгээч мэдэхгүй малууд . луувирчид нэг л ходоодтой нэг амтай мал та хөрөнгө мөнгө эрх мэдэлд юунд дурлана вэ,үүний жишээ Н.Энхбаяр,одоогийн ерөнхийнүүд , төрийн толгойд хэнийг гаргасанаа мэдэхүү монголоо_:”