Нийгэм

Миний уулзаж амжаагүй өвөө Цэндийн Намсрай

Миний хүүхэд насны баатар, шүтээн бол яахын аргагүй Фидель Кастро. Түүнийг сөрөг дүрийн баатар байсан гэх хүн одоо ч цөөнгүй. Гэхдээ их гүрний өмнө нугараагүй түүний чин зориг, үзэл бодол, омог бардам занг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Уулзахыг хамгийн их хүсдэг байсан энэ баатартай авахуулсан өвөөгийнхөө зургийг харахад бахархал, харамслыг хамтад нь мэдэрсэн.

XXзууны түүхийг бичилцсэн хүмүүстэй нөхөрлөж явсан өвөөгөө шалгаах боломж надад хэзээ ч олдохгүй нь даанч харамсалтай. Намайг мэндлэхээс таван жилийн өмнө хорвоог орхисон өвөө маань өөрөө ч түүхийн нэгэн хэсэг байж. Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуай “Үнэн” сониныг 22 жил, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг хориод жил удирдсан талаас нь үзвэл сэтгүүлчдийн байгууллагын бүх түүхийн гуравны нэг, Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины түүхийн дөрөвний нэгийг гардан авч явсан эзэн нь яах аргагүй мөн” гэж өвөөг маань тодорхойлсон байдаг.

Намсрай өвөө олон улсын байгууллагуудад ч өндөр албан тушаал хашиж, дэлхийн индэрт эх орноо төлөөлж байжээ. Тэрбээр Олон улсын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны Монгол хүн. БНМАУ-ыг төлөөлж НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсон анхны дипломатчдын нэг юм. Мөн Дэлхийн шатарчдын холбооны дэд ерөнхийлөгч, Ази тивийн IX төвийн ерөнхийлөгчөөр 1963-1970 онд ажиллаж байсан гэх.

Монголын “урт түүх”-тэй сониныг хамгийн олон жил удирдаж, эрхлэгчээр нь ажилласан Намсрай өвөө маань байсан сан бол энэ жил 100 насыг зооглох байлаа. Тиймээс ч бид ойг нь “Үнэн” сонин үүсч бий болсон өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ өдрийг хүртэл бид уншигчдынхаа хамтаар өвөөгийнхөө амьдралын замналыг эргэн дурсч, магадгүй хэн нэгэнд өвөөгөө шинээр танилцуулна.

Та сэтгүүл зүйн салбарын хүн биш бол Монголын түүхийн нэгээхэн хэсэг болж явсан өвөөгийн маань тухай сонсоогүй байж юуны магад. Өөд болсноос нь хойш түүний тухай гурван номыг үр хүүхэд, хамтран ажиллагсад нь гаргаад байна.

Өвөө маань гурван үеийнхээ намтрыг л бичиж байснаас өөрөөр өөрийнхөө тухай бичиж байгаагүй, даруу хүн. Намсрай өвөөгийн хамгийн том бахархал нь түүний гэр бүл байсан. Өвөө маань БНМАУ-ын тэргүүлэх сэхээтнүүдийн нэг байсан атлаа “Жүжигчин Цогзолмаагийн нөхөр” гэсэн тодотголдоо хамгаас хайртай байсан гэдэг. Өвөөгийн маань амьдрал бол унаж, босч явсан Монгол Улсын XX зууны түүхийн нэг хэсэг яах аргагүй мөн.1918 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд Цэндийнх гэх айлд төрсөн өвөө. Монгол Улсын нийгмийн өөрчлөлт бүрийг тойрч бус, дайраад гарсан.

Хувьсгалаас өмнөх Монголын нийгэмд давамгайлж байсан үгээгүй ядуурал Цэндийнх гэх хоёр хүү, зургаан охинтой айлын дүр зураг байжээ. Азаар өвөө маань төрөөд тун удалгүй 1921 оны хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ыг тунхагласнаар түүнд сурч боловсрох боломж нээгджээ.

Уйгагүй хичээж, зүтгэсний ачаар Цэндийн хоёр хүү БНМАУ-ын үнэт боловсон хүчин болж чадсан юм. Харамсалтай нь, зүрх сэтгэлээ өгч, зүтгэж байсан нам нь өвөөгийн минь ах, тухайн үеийн Гэгээрлийн яамны сайд Баттөмөрийг хэлмэгдүүлэн хөнөөсөн. Тэр анхны 14-ийн нэг байлаа.

Энэ цаг мөчөөс хойш өвөө маань төрийн төмөр нүүрийг үзэж, “эсэргүүний гэр бүл” гэдэг пайзтай сургуулиасаа хасагдан, албан газрын үүд мөргөсөөр хэдэн жилийг өнгөрөөв. Гэвч тэр бууж өгсөнгүй. Ажилсаг хичээнгүй зан, оюуны их чадавхаараа энэ бүхнийг даван туулж, нийгэмд өөрийн байр суурийг эзэлж чадсан. Бүр Баттөмөр ахынхаа эрхэлж байсан Гэгээрлийн яамны сайдын ажилд хүртэл томилогдсон бахархам түүхтэй.

Албан ажлаа авч, ахынхаа өрөөнд ороход баярлах, харамсах сэтгэл давхцан, сандал дээр нь суухдаа өөрийн эрхгүй харууслын нулимс унагасан тухайгаа хүүхдүүддээ дурсан ярьсан гэдэг. Намсрай өвөө маань өөрт нь ихийг ч өгч, ихийг ч авсан социалист систем нуран унаж, өөрийнх нь багын анд, хамтран зүтгэгч Ю.Цэдэнбалыг элдвээр цоллож хэлмэгдүүлэхийг ч бас үзсэн.

Гэхдээ аль ч үед өвөө маань үзэн ядах, хар хорын сэтгэлгүй амьдарсан. Улс төр, нийгмийн ямар ч шуурганд гуйвж дайзалгүй итгэлтэй анд, хань, сайн аав байж чадсан юм. Тэрбээр 24 настайдаа Цогзолмаа эмээд маань ухаангүй дурлан дөчөөд жил эхнэрээ хайрлан хүндэлж, дээдлэн амьдарч таван сайхан хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Одоо өвөө маань жараад ач, гуч, дөчтэй.

Өвөөтэй минь хамт ажиллаж байсан хүмүүс түүний 100 жилийнх нь хүрээнд хийх ажилд үр хүүхдээс нь дутахгүй санаа тавьж, намайг “дарамталж” байгаа нь тэд түүний хүн чанарыг хүндэтгэж буйн илрэл байх. Би хэдий Намсрай өвөөтэйгөө уулзаж чадаагүй ч түүний амьдралын чиг шугам, зарчим нь үр хүүхдүүдийнх нь гол чиглүүлэгч луужин болж яваа гэж боддог. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн, Цэндийн Намсрай гэдэг аугаа их хүний үргэлжлэл болж, сонины эрхлэгчээр ажиллаж буй дөрөв дэх уеийг нь залгамжилж яваагаараа би өөрийгөө азтай гэж боддог.

Зуун жилийн ойд нь зориулсан “Өнөөдөр”, “Монголын үнэн” сонинд нийтлэгдэх цувралаар Цэндийн Намсрай гэдэг Монголын нэрт сэхээтний тухай дурсамжийг уншигч та бүхэнд хүргэх болно.

Балдоржийн Номинтүшиг

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close