Хятадад нэгэн сургууль руу хутгатай этгээд халдан долоон сурагчийг хөнөөж, 12 сурагчийг шархдуулсан хэрэг гарчээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ хэрэг тус улсын Шэньси мужийн Мижи хошуунд орон нутгийн цагаар өчигдрийн 18:10 цагт сурагчид гэр рүүгээ харих гэж байхад болсон гэнэ.
Сэжигтнийг цагдаа нар баривчлан саатуулаад байгаа аж. 28 настай Жао овогт сэжигтэн нь тус сургуульд сурдаг байсан гэсэн мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр, Жао овогт нь тус сургуульд сурч байхдаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан учир хариугаа авах гэж энэ халдлагыг үйлдсэн бололтой.
Халдлагын үеэр амиа алдсан сурагчдын тав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй хүүхэд аж. Тэдний нас тодорхой бус байгаа ч дунд сургуулийн сурагчид гэхээр 12-15 настай байж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Хятадад хутга ашиглан халдлага үйлдэх тохиолдол нэг бус удаа гарсан юм.
Тухайлбал, 2010-2012 онд энэ төрлийн халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Мөн 2014 оны гуравдугаар сард Куньмины галт тэрэгний буудалд 29 хүнийг хутгалан хөнөөж, 100 гаруй хүнийг шархдуулсан гурван этгээдийг тус улс 2015 оны гуравдугаар сард цаазалсан юм.
1 comment
Mongold avchiraad Ordond oruulchihmaar hog uu ugui yu?