Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн онд “Хүн амын хоол тэжээлийн байдал”үндэсний тав дахь удаагийн судалгаа хийж дүнгээ танилцуулсан. Энэхүү судалгаагаар хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, манай улсын иргэдийн таргалалт хурдацтай өсөн нэмэгдэн үүнийг даган олон сөрөг өөрчлөлт гарч буйг харуулсан юм.
Жишээлбэл, манай улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай буюу энэ насны хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байгаа юм. Тиймээс хүн амын таргалалтын өнөөгийн байдал болоод үүнээс урган гарч буй сөрөг үр дагавруудын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н. Болормаатай ярилцлаа.
-Судалгаагаар хүн амын хэдэн хувь нь таргалалттай гэж гарсан бэ?
-Монгол Улсын хувьд Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний судалгааг 1992 оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн 2017 онд үндэсний тав дахь удаагийн судалгааг хийлээ. Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо өссөн дүн харагдаж байна. Үндэсний тавдугаар судалгааны зарим үр дүнгээс дурдвал, илүүдэл жин ба таргалалт тав хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь байна.
-Таргалалтын улмаас ямар өвчин үүсэх эрсдэлтэй вэ?
-Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. Зарим нэг судалгааны тоо баримтаас дурдвал, биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс ес дахин их, биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.
Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байсан. Чихрийн шижин өвчин биеийн жингийн индекс 30-34 буюу таргалалтын нэгдүгээр зэргийн үед хоёр дахин, биеийн жингийн индекс 35-39 буюу хоёрдугаар зэргийн таргалалттай үед тав дахин, биеийн жингийн индекс 40-өөс дээш буюу гуравдугаар зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг.
Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд чихрийн шижин өвчний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас таргалалттай тэмцэх талаар ямар зөвлөмж өгдөг вэ?
-Олон төрлийн судалгаа хийж дүгнэлт гарган, үе шаттай арга хэмжээг авч байдаг. Жишээ нь, чихэр, давсны хэрэглээг бууруулах, идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж гаргасан. Мөн илчлэг өндөртэй, тэжээллэг, чанар багатай чихэрлэг ундаа зэрэг эрүүл бус хүнсний татварыг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн худалдааны зар сурталчилгааг албан журмаар хориглох замаар хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн байдаг.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр байдлаар таргалдаг. Энэ нь юунаас болдог вэ?
-Эр, эм хүмүүсийн физиологийн онцлог, биеийн галбиртай холбоотойгоор дийлэнх хүмүүст өөхний тархалт хоёр янзын хэлбэрээр илэрч байдаг. Биед хуримтлагдсан өөхөн эдийн хэмжээ ба байрлалаар нь, эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт, эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалт гэж ангилдаг.
Алим хэлбэрийн таргалалт нь хэвлийн ба төвийн таргалалт юм. Өөхний үндсэн хуримтлал хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг.Лийр хэлбэрийн таргалалт буюу глютеофемораль хэлбэрийн таргалалттай хүмүүсийн гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг.Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг биеийн жин, биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, ташаан тойргийн үзүүлэлтүүдээр үнэлдэг.
-Та түрүүн тав хүртэлх насны хүүхдийн дунд таргалалт 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь байгаа талаар дурдсан. Хүүхдүүд багаасаа жингийн илүүдэлтэй байх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон.
Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдэлийг дагуулдаг. 2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн байна.
Манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. Өсвөр үеийн таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн татаж буй, цаашид аюул дагуулж болох тулгамдсан асуудал болоод байна. Судалгаанаас үзэхэд хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1 хувь, 2013 онд 12.1 хувь байсан бол 2017 онд 28.6 хувь болж огцом өссөн байна.
-Хүүхдийн таргалалтад нөлөөлж буй гол шалтгаан нь юу вэ?
-Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаан бий. Үүний заримаас дурдъя. Сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний байдалд судалгаа хийхэд чихэр, чихэр ихтэй хүнс, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн чихрийн агууламж өндөртэй ундаа, шоколад, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь тогтоогдсон.
Эдгээр бүтээгдэхүүний байнгын болон илүүдэл хэрэглээ нь сургуулийн хүүхдүүдийн таргалалтад шууд нөлөөлж байна. Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз, кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна.
-Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?
-Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын дадал хэвшилд сургах, телевизор үзэх, компьютер тоглоом тоглох цагийг хянах, хязгаарлах, гэрийнхээ ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж, хянадаг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Таргалалт бол хэвийн үзэгдэл биш.
Хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүрт ойлгуулах, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, биеийн жингийн индексийг 24.9-өөс ихгүй байлгахыг эрмэлзэх хэрэгтэй. Өөрийн амьдралын хэв маягаа тогтмол үнэлдэг байх хэрэгтэй.
-Амьдралын хэв маягаа хэрхэн үнэлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?
-Амьдралын хэв маягаа тогтмол үнэлдэг байхын тулд илчлэг ихтэй хоол болон чихэр, чихэр агуулсан бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдгээ хянах хэрэгтэй. Үүний дараагаар хооллох хэв маягаа үнэлнэ.
Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном сонин уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг гэх мэтээ тодорхойлно. Үүнээс гадна хөдөлгөөний идэвхээ үнэлэх хэрэгтэй.
Суугаа ажил эрхэлдэг, явган явдаг, машинаар явдаг, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог зэрэгтээ үнэлэлт дүгнэлт өгөн амьдралын эрүүл хэв маягт суралцах шаардлагатай. Үүний тулд биеийн жингээ тогтмол хэмжиж, хянан, эрүүл хоол хүнс сонгож, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөн, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших хэрэгтэй.
-Илүүдэл жингээс болж амь насаа алдах тохиолдол элбэг байдаг уу?
–Таргалалтаас болж шууд нас барах нь ховор боловч таргалалтын улмаас үүсэх өвчний хүндрэлээр нас барах нь их байна. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн 11 хувь, эмэгтэйчүүдийн долоон хувьд нас баралт нэмэгддэг гэсэн байдаг. Таргалалттай хүмүүсийн нас баралтыг эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт дөрөв дахин их, зүрхний шигдээсээр нас баралт тав дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг.
Б.ОЮУ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
2 comments
archaagui idemhii, buruu hooltoi hymyys
th