-Та өөрийнхөө талаар уншигч түмэнд дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би Булган аймгийн гурван булаг суманд төрсөн. 2010 онд СУИС-д Д.Жамьянжав багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж эхэлсэн. 2014 оноос өөрийн бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд МУСТА Э.Энх-Эрдэнэ ахтайгаа 21 аймгаа бүтэн тойрч өөрийн ая дуугаа өргөсөн. Миний нэг зорилго бол 1960-1970 оны хооронд нийтийн дууны ханхүү хэмээн өргөмжлөгдөж байсан П.Адарсүрэн гуайн уран бүтээлүүдийг залуус дүү нартаа уламжлуулан үлдээх явдал юм. Тиймээс ч П.Адарсүрэн гуайн сайхан уран бүтээлүүдээс дуулж тухайн дуучны амилуулсан байдлаар нь үлдээхийг зорьж дуулсан байгаа. Миний өөрийн уран бүтээлүүд гэвэл МУСТА ая зохиогч Д.Наранхүү ахын маань аялгуу Хайрын уянга, Хөхий нутгийн бүсгүй, Гурван булаг зэрэг дуунууд сонсогч түмний хүртээл болсон.
-Тавдугаар сард өөрийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна?
-Залуу уран бүтээлч хүний хувьд өөрийнхөө бие даасан тайлан тоглолтоо хийх гэж зориод бэлтгэл ажилдаа зориглон орсон. 5-р сарын 11-нд өөрийн бие даасан анхны “Сэвтээ нь үгүй сэтгэлээ чамдаа” нэртэй тоглолтоо хийхэд бэлэн болж байна. Сэвтээ нь үгүй сэтгэл гэж П.Адарсүрэн гуайн дуу бий. Миний анхны уран бүтээл бол Чамдаа нэртэй дуу байлаа. Энэ хоёр уран бүтээлийн нэрийг нэгтгээд тоглолтын нэрийг өгсөн юм.
-Анхны бие даасан тоглолт дээр П.Адарсүрэн гуайн дуунуудаас дуулагдах уу?
-Тоглолтод Булган аймгийн маань уран бүтээлч ах эгч нар дэмжин оролцоно. Хар сарнай хамтлагийн дуучин Амараа ах, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Н.Баасандорж, Гурван бүдүүн хамтлагийн Шагай ах зэрэг уран бүтээлчид маань дэмжин оролцож байгаад баяртай байна. Нэг үеийн сайхан уран бүтээлч найзууд болох дуучин Э.Чулуунчимэг, Монгол донж бүжгийн хамтлаг, Ятгын дөрвөл гээд олон сайхан найзууд минь урилгаар оролцоно. Анхны бие даасан тоглолтоо амьд хөгжимтэй хийнэ. Тэр дундаа зуун дамжсан дуучин П.Адарсүрэн гуайн дуунуудаас дуулах учраас ятгын дөрвөлтэй дуулах юм.
-Таны ярианаас ажиглаад байхад ахмад уран бүтээлчдээ их хүндэлж явдаг мэт сэтгэгдэл төрж байна?
-Ахмад уран бүтээлчдээ хүндлэх сэтгэл надад өөрийн эрхгүй төрдөг юм. П.Адарсүрэн гуайн дуунууд өнөөг хүртэл дуулагдаж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаан тухайн цаг үеийн уран бүтээлчид их чанартай ая аялгууг бүтээдэг байсантай холбоотой.
Дуучин ч бас дууг их дотортой дуулдаг байж. Аливаа уран бүтээлийн чанар бол тухайн цаг үедээ биш дараагийн цаг үедээ үнэлэгдэж чадахаас хамаарна. П.Адарсүрэн гуайн дуунууд бол өнөөгийн цаг үеийн сор болсон бүтээл юм. Миний нэг бодол бол залуу уран бүтээлчид П.Адарсүрэн гуайн дуунуудаас нэг нэгээр нь дуулж мөнхлөөсэй гэж хүсдэг.
-Та дуурийн дуучин байж яагаад нийтийн дуу дуулах болов?
-Өнөөдөр Монголд дуурийн дуу сонсдог сонсогчид цөөхөн байна. Нийтийн дууны урлаг бол бидний багад ч байсан өнөөдөр илүү хөгжиж байгаа салбар. Тиймээс энэ салбарт дуулж дурлаж явна даа.
-Та өөрийн уран бүтээл дээ ямар цензур тавьдаг вэ?
-Дууны үг бол байнга хэлэгдэж байдаг тарни юм. Тиймээс зөв сайхан үгтэй, зөв энергитэй дуу дуулах нь нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг байх гэж боддог. Нийгэмд эерэг мессежийг өгөх нь урлагийн хүний нэг үүрэг гэж ойлгож явдаг.
-Тоглолтын ивээн тэтгэгч байгууллагын хувьд?
– “Сэвтээ нь үгүй сэтгэлээ чамдаа” анхны бие даасан тоглолтыг минь “Жавзандуламлин” хийдийн хамт олон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэ хийд ямар учиртай гэхээр эмээгийн минь ээж Дулам гэж маанийн эрх шиг хорин нэгэн хүүхэд төрүүлсэн сайхан буурай байсан юм.
Төрүүлж өсгөсөн хорин нэгэн хүүхдийнх нь тоогоор нутгийн зон олон хорин нэгэн суварга босгож энэхүү хийдийг байгуулсан түүхтэй. Залуу уран бүтээлч миний хүсэл зорилгыг дэмжин ажиллаж байгаа элэг нэгт нутгийн ахан дүүсдээ талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна.
Ярилцсан баярлалаа