“Хөвсгөл аймгийн ИТХ-аар шинээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасныг мушгин гуйвуулж “Хөвсгөл аймаг уул уурхайн салбарын өмнө хаалгаа хаалаа”, “Хөвсгөл аймаг 100 хувь дархан цаазат аймаг боллоо” гэсэн мэдээллүүд анхаарал татах болов. Түүнчлэн Архангай, Хэнтий, Дундговь аймгуудад дээрх “шийдвэр” давалгаалах нь гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, эдийн засгийн өсөлтөө хангадаг манайд эерэг гэхээсээ илүү сөрөг мэдээлэл болох талтай. Нэг жишээ дурдахад өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Монгол банкны мэдээлснээр Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 702 сая ам.доллар байсан. Үүнээс Канад улсаас орох урсгал 285 сая ам.доллар, Люксембургээс 155 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байдаг. Салбараар нь үзвэл шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 79 хувь нь уул уурхайн салбарт оржээ.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг гэдгийг одоогоос ганцхан сарын өмнө болсон “Монголын эрдэс баялаг, уул уурхай” сэдэвт хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлж, “Хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх явдал” хэмээн онцолж байсан. Гэтэл одоо
Хөрөнгө оруулагчдын сонирхсон салбарын хаалгыг хаах нь хэнд ашигтай вэ. Магадгүй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан жижиг зорилгоор буюу сонгогчдоосоо оноо авах гэсэн аймгийн удирдлагууд ийм шийдвэрээр давалгаалж эхэлбэл хэр хорлонтой вэ гэдгийг тооцож үзэхэд илүүдэхгүй.
Дашрамд дурдахад, бодитой мэдээлэл өгөхөд нутаг орныхоо газар нутгаа онгон байгалиар нь авч үлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн ИТХ-аас 2009 онд Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаагаар авч, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй, дэмжихгүй байхаар тогтоол гаргаж байсан аж. Мөн 2016 онд энэхүү тогтоолыг 25 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд тогтоолын дагуу шинээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдоогүй, олгогдсон байсан 200 гаруй тусгай зөвшөөрлийн ихэнх нь цуцлагджээ. Харин энэ сарын 20-нд хуралдсан Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 50-р өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоол гаргасан юм байна. Энэ тогтоолын тухай сошиал хуудаснаа зорилготойгоор ташаа мэдээлэл цацсан байж болзошгүй гэж албан эх сурвалжууд хэлж байна.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын дарга Л.Төмөрбаатараас тодруулахад “Хөвсгөл аймагт өнөөдөр 30 гаруй лиценз байна. Хайгуулын 20 орчим, ашиглалтын 12 орчим лиценз байна. 50 дугаар өргөргөөс хойш орсон ч юм бий, урагш орсон нь ч байна. Лицензийн асуудал бол аймагт хамаагүй шүү дээ. Монголын төр олгосон. Сая бид нар аймгийн иргэдийн хурлаар хуралдаад лицензтэй компаниудын талбайг гаргаад бусдыг нь орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Харин шинээр лиценз олгохгүй” хэмээсэн юм.
Нэмж хэлэхэд аливаа аймгийн ИТХ-ын шийдвэр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын хууль, тогтоол, тогтоомж болон УИХ-аас баталсан хууль тогтоомж, тогтоолыг давж гарах учиргүй. Цаашилбал хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хийсэн тохиолдолд гэнэтийн ийм шийдвэр гаргах нь Засгийн газраа Арбитрын шүүхэд аваачих ч нөхцөл байдал үүсч болзошгүй уршиг дагуулдаг. Хамгийн гол нь нутаг орны хэмжээнд цаашид яаж ажиллахаа тодорхойлсон бодлого гаргалаа гэхэд түүнийг буруугаар тайлбарлан давалгаалах нь хөрөнгө оруулагчдын өмнө “тогтворгүй байдлаар” сюрприз барих, ташаа мэдээлэл өгөх, эргэлзээ үүсгэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өөрчлөх, цуцлах эрсдэлтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: News.mn
1 comment
Huvsgulchuud ih alsiin haraatai. Ireeduid garah zardlaas zaishiij bgaa n yutai saishaaltai.