Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий өвчин тархжээ. Улс даяар малын эмч, цагдаа нар амралтын өдөр, шөнө, баяр тэмдэглэлт өдөр гэж ялгалгүй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, өнөөдөр ч зарим нь гэрийн бараа хараагүй байгаа.
Бүр сүүлдээ энэ аюулт өвчин нийслэлд орж ирснээр асуудлыг тоохгүй байсан монголчууд сандралдаж, яав ийв гэцгээсэн билээ. Гэвч цагийн эрхээр үү, эсвэл манайхан сайн ажилласан уу одоо байдал харьцангуй намжаад байна. Гэсэн ч энэ өвчлөл Монгол Улсын махны экспорт, малын удмын сан, хүнсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулав.
Одоогоор найман аймагт хорио цээрийн дэглэмтэй, бусад аймгийн хорио цээрийн дэглэм буураад байгаа аж. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Орхон, Төв аймаг харьцангуй гайгүй болж, хяналтад орсон гэж буй. Харин Өмнөговь, Булган, Дундговь, Архангай аймгуудын хувьд хяналтад оруулахаар ажиллаж байгаа тухай хэд хоногийн өмнө Мал эмнэлэг, үржлийн газрын Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий эпидемиологич Б.Цолмон ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Тэрбээр “Хяналтад орсон аймгуудад зурвас тогтоож вакцинжуулалт хийж байна. Гуравдугаар сарын 5-наас өмнө нөхцөл байдал хүнд байсан учраас Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хоёр бүсчлэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор ОХУ-аас 500 мянган тун вакциныг авч, халдварын хүрээг хааж, хязгаарлалт тавин ажиллаж байна. Шүлхий өвчин нь тархалт хурдан учраас хамрах хүрээ нь богино хугацаанд томрох аюултай.
Тиймээс бид эхний ээлжинд хязгаарлалт хийж зурвас татаж вакцинаа тарих арга хэмжээ авч ажиллалаа. Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт зурвас тогтоож вакцинаа хийгээд явах юм бол энэ сарын сүүлч гэхэд шүлхийн тархалтыг зогсоох боломжтой гэж төлөвлөөд байна” хэмээн ярьсан.
Гэвч асуудал бий. Юу гэвээс, өвчлөл ийм ойр давтамжтай тархаад байгаа тал дээр мэргэжилтнүүд тун хачирхалтай, анхаарал татам тайлбар өгөх болов. Тухайлбал, шүлхий тархаж буй асуудлаар Биокоибинат ТӨААТҮ-ийн ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох нэр бүхий хэвлэлд ярилцлага өгөхдөө “Шүлхий тараадаг, вакциныг авч ирж зардаг мафийн бүлэглэл Монголд бий болсон” хэмээн онцолсон байх юм.
Тэрбээр уг асуудлыг улстөрийнхөн, хууль хяналтынхан сайн мэддэг ч арга хэмжээ авдаггүй тухай ярьсан байна. Түүнийхээр үе үеийн засаг дарга, сайд болон мал эмнэлгийн үржлийн газрын дарга нар монополжиж, нэг багт орсон аж. Засгийн газар, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газар хоёр нийлээд нэгдэж, луйврын ажиллагаа явуулдаг гэнэ. Шүлхий, цэцэг, мялзан зэрэг өвчний вакцинуудыг ганцхан жилд хэдэн арван тэрбумаар авсан хэмээн мөнгө луйварддаг тухай ч Ц.Өлзийтогтох ярьжээ.
Тэрбээр “Манай мэргэжлийн байгууллагын ажилтан, эмч нар ямар ч шаардлагагүй газарт очиж, шүлхийн вакцин хийдэг. Тухайлбал, шүлхий өвчин гарсан Д-гийн малд вакцин хийдэг. Дараа нь шууд ямар ч өвчин гараагүй айлд очоод малд нь вакцин тарьчихдаг. Энэ нь өөрөө их аюултай. Малын эмч өвчтэй айлаас гарч болдоггүй юм. Тэрхүү малын өвчин гарсан айлд арав эсвэл хорь хоног байж байх ёстой.
Иймээс эрүүл малтай айлд очиж, вирус тарааж байна. Халдвар тархахдаа их амархан байдаг. Халдвар нь хүний толгой, машин тэрэг, хувцас гэх зэрэг бүхий л зүйлсээр дамжина. Морь, хонь, үхэр, тэмээгээр ч дамжиж халддаг” гэжээ. Харин мафиуд нь вакцин оруулж ирж мөнгө угаахаа л бодохоос Монгол Улс мал, махаа экспортолж ашиг орлого олохыг хүсэж байгааг огт авч хэлэлцдэггүй аж.
Малд тохиолддог олон өвчнөөс гоц халдварт шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг. Өөрөөр хэлбэл, худалдааны хориг бүхий өвчин гэхээр малын гаралтай бүтээгдэхүүнээ гаргахгүй гэж ойлгодог. Гэтэл шүлхий гарсан бүс нутгийн бүх бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дан ганц мах гэлтгүй арьс, шир, нүүрс, өөр бусад бүх экспортод гаргадаг бүтээгдэхүүнийг худалдааны хоригт оруулдаг. Худалдааны хориг нь 5-10 жил ч үргэлжилж болдог эрсдэлтэй.
Тэгэхээр хэрвээ дээрх мэргэжилтний яриа үнэн бол вакцинаар хөлжиж буй бүлэг зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө улс орныг хямралд оруулчхаж байгаа ажээ. Тэгвэл энэ байдал саяхнаас ч бий болсон юм биш. Бүр 2014 оны гуравдугаар сард Гурвалжингийн гүүрэн доорх гаалийн баталгаат агуулахад хөлдүү вакцин их тунгаар ирсэн талаарх мэдээллийг нэгэн эх сурвалж бидэнд өгснөөр энэ тухай сурвалжилж байсан.
Тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар БНХАУ-аас оруулж ирсэн шүлхийн эсрэг вакциныг тойрсон асуудал олны анхаарлын төвд орж байсан юм. Энэхүү 1.6 сая тун шүлхийн эсрэг вакциныг оруулж ирсэн компани тээвэрлэх, хадгалах явцдаа хөлдөөж чанарыг нь алдуулан улсын төсвийн 2.5 тэрбум орчим төгрөгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй.
Гол асуудал гэвэл, БНХАУ-аас шүлхийн вакциныг галт тэргээр тээвэрлэж ирээд “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд буулгахад хүлээлцэж авсан хүмүүс нь протокол хөтөлжээ. Энэхүү протоколд “Шүлхийн А, 0, Ази-1 хэвшлийн гурван цэнт вакциныг нийлүүлэх “МЭГХӨ 2014/03 дугаартай малын гоц халдварт шүлхий өвчний вакцин нийлүүлэх гэрээ’’-ний хүрээнд БНХАУ-ын Хөх хотоос зориулалтын чингэлгээр тээвэрлэн 2014 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01:00 цагт төмөр замын “АБТЭМА” дахь гаалийн хяналтын талбайд хүлээн авахаар ажиллалаа.
Вакциныг хүлээн авах явцад вакцины цувралд хийсэн эрх бүхий лабораторийн дүгнэлт байхгүй байснаас ажлын хэсгийн шийдвэрээр уг бичиг баримтыг бүрэн болготол түр хойшлуулахаар шийдвэрлэж, гаалийн талбайн харуул, МХЕГ-ын албан ёсны лацаар 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөөний 03:00 цагт 0000209 дугаарын лацаар лацдан протокол үйлдсэн.
Чингэлгийг лацдахдаа “МЭЭСБУЛ”-ын температур хэмжигчийг хоёр ширхгийг байрлуулсан. Ажлын хэсэг 2014 оны гуравдугаар сарын 1-ний өглөө 10:00 цагт “СВС” компанийн бичиг баримтыг шалгаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй лацыг шалгаж 0000014 дугаарт тэмдэглэлээр чингэлгээ нээлээ. Чингэлгийг нээж хяналтын зорилгоор тавьсан температур хэмжигчээ шалгахад вакцины дотор тавьсан температурын заалт Цельсийн 0.7 градус, чингэлэг дотор тавьсан термометрийн заалт цельсийн 2.9 градус байсан.
Ажлын хэсэг чингэлэг дэх вакцины дөрвөн цэгээс түүвэрлэн нийт 12 ширхэг 4235001 цувралын дугаартай гурван цэнт шүлхийн вакциныг МЭЭСБУЛ, МЭҮГ-т дээжинд авлаа” гэсэн байна. Ингээд хурлын тэмдэглэл дотор хүлээн авахад илэрсэн зөрчлүүдийг бичсэн байсан. Тэгэхээр одоо холбогдох албаныхан малын вакцины талаар албан ёсны тайлбарыг бүрэн баримтын хамт ард түмэнд тайлагнах цаг болсон.
Нөгөөтээгүүр олон жилийн турш ужгирч ирсэн энэ асуудлыг манай хууль хяналтынхан ч хараандаа аваад байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Одоогийн байдлаар ЦЕГ-т н.Хишигжаргал гэх хүнийг малын вакцины асуудлаар онцгойлон шалгаж буй мэдээлэл ирсэн. Иймд бүхэл бүтэн улсын малын удмын санг үгүй хийх аюул тарин байж вакцины наймаа цэцэглүүлсэн хүмүүст хариуцлага тооцох нь цаг хугацааны асуудал болсон ажээ.
Эх сурвалж:
1 comment
Маш ноцтой асуудал шүү. Ганц малын өвчин ч биш хүд хийгээд байгаа вакцин, элдэв эм тарианд ч гэсэн анхаарах цаг болсон. Янз бүрийн ханиад томуу гарлаа гээд олон тэрбумаар үнэлэгдэх вакцин оруулж ирээд бараг хүчээр тарьдаг. Үр дүн гардаггүй. Хэдэн жилийн өмнө 4 тэрбум гаруй төгрөгөөр оруулж ирсэн вакцин хугацаа нь дуусан гэх шалтгаанаар устгалд оруулж байсан баримт бий. Мөнгө угаах олон аргын нэг нь энэ эм тариа вакцин байдаг баримт гадаадын улс орнуудад байдаг. Африкийн ядуу орнуудад ДЭМБын хөрөнгөөр баахан эм вакцин туршдаг, шахдаг жишиг арилаагүй. Манай улс тийм туршилтанд хамрагдах орны тоонд орсныг үгүйсгэх аргагүй. Цагдаа тагнуул анхаарлаа хандуулах нь зүй. Маш аюултай үйлдэл шүү.