Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Свараж манай улс дахь албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Хатагтай Сушма Свараж 66 настай. Сушма Харьяна дахь коллежид суралцаж, Чандхамын Панжаб их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. 1973 онд Энэтхэгийн Дээд шүүхэд өмгөөлөгчөөр бүртгүүлсэн байна. ‘
Оюутан байхдаа тэрээр ерөнхий сайд Индира Гандигийн Засгийн газрын хүчтэй өрсөлдөгч байсан, Хинду шашныг дэмжигч байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ. Мөн тэрээр “Хинди хэлээр хэн сайн ярих вэ” улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлж байжээ. Сушма Свараж 1977 онд Жаната намын гишүүнээр анх удаа ажиллаж, Харьяна мужийн парламентад сонгогджээ. 1977-1979 онд Хөдөлмөр ажил эрхлэлтийн сайд, 1987-1990 онд Боловсрол, хоол хүнс ба иргэний хангамжийн сайдаар ажиллаж байжээ.Дээд шүүхийн шүүгч асан тэрээр 2014 оноос хойш Энэтхэгийн гадаад хэргийн сайдын албыг хашиж, эвслийн Засгийн газарт ажиллаж байна. Мөн Баратияа Жаната намыг удирддаг. Хатагтай Свараж Индира Гандигийн дараах хоёр дахь эмэгтэй, Гадаад хэргийн сайд. АНУ-ын Wall Street сэтгүүл түүнийг Энэтхэгийн хамгийн хайр татсан улс төрчөөр нэрлэсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин