Генералуудын өдөрт Ерөнхийлөгчийн барьсан бэлэг

Монгол Улсын “Генералуудын өдөр” жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тохиодог.Энэ жилийн Генералуудын өдрийг Монголын генералууд дөрвөн нөхрөө эгнээнээсээ хасуулж угтах нь. Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой.

 

 

1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгожээ. Монгол Улсын хэмжээнд  170 гаруй генерал цолтон төрсөн. Өдгөө  90 гаруй нь амьд сэрүүн төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө зүтгэж явна.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байх бүрэн эрхээ хуулиар хасуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга хариуцлага алдсан генералуудын цолыг хурааж эхэллээ. Эхнийх нь бригадын генерал Х.Жекей байлаа. Итгэл даахгүй бол буцаагаад авч болдог гэдгийг генералуудын цолыг хурааснаараа харууллаа. Цолоо хураалгасан дөрвөн генерал ямар буруутай байв.

Монголын харъяатаас гарсан Х.Жекей

Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж бригадын генерал цолыг  хураасан анхны хүн нь Х.Жекей байлаа. Х.Жекей нь Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргаж, хүсэлт хүчин төгөлдөр болсон учир хуулийн дагуу цэргийн дээд цол тэмдгийг хураахаар ёстой болжээ. Түүнийг Казахстан улсын иргэн болж байгаа гэдэг.

Тус улсад төрийн өндөр албан тушаалд очсон тухай мэдээлэл гарч байв. Бригадын генерал цолтой байсан Х.Жекей нь 2000, 2008 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдож байв. Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байжээ. Тэрбээр, Монгол Улсын төрийн нууцтай холбоотой олон зүйлийг мэдэж буй эрхэм. УИХ-аар төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцдэг. Түүнийг УИХ-ын  гишүүн байх үед хаалттай хуралдаан цөөнгүй болсон байж таарна. Мөн хил хамгаалах байгууллагад олон жил ажилласан учраас Монголын хил хамгаалалтын нууцыг  мэдэж байгаа. Ийм л чухал эрхэм Монголын иргэншлээс татгалзаж, генерал цолоо  хураалгаад оджээ.

Онцгой байдлын  салбараас  хөрөнгө  завшсан П.Даш

Хуучнаар ЗХУ-д Цэргийн дунд сургуулийг онц дүнтэй, цэргийн академийг алтан медальтай тѳгссѳн П.Даш алтан мөрдэстэй генерал болтлоо  дэвшсэн юм.

Цэргийн мэргэжлийн сургуулиудыг дүүргэн мэргэжлээрээ ажиллаж, өндөр албан тушаалуудыг  хашиж байлаа. 2000-2002 онд Хилийн цэргийн удирдах газрын дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2002-2004 онд Хил хамгаалах ерѳнхий газрын дэд дарга бѳгѳѳд Хилийн цэргийн штабын дарга, 2004-2007 онд Гамшгаас хамгаалах ерѳнхий газрын даргаар ажиллаж байв.

П.Дашид Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 1995 оны 3 дугаар сарын 17-ны ѳдрийн 52 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат болсон удаатай.

Одоогийнхоор бол УИХ-ын гишүүн юм. ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн өмчийг  завшсан хэрэгт холбогдож 3.6 жилийн хорих ялыг шүүхээс сонссон. Хорих 409 дүгээр ангид худгийн сахиулаар ажиллаж байсан. Шүүхээс түүний таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах, улсад учруулсан 600 гаруй сая төгрөгийг  гаргуулж, ОБЕГ-т олгуулахаар болсон юм.

Долдугаар сарын 1-ний үймээнд буруутгагдсан Ч.Амарболд

“Генерал цолыг дагаж асар их үүрэг, хариуцлага ирдэг” гэж нэгэнтээ ярьсан Ч.Амарболд 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг  зогсоож чадаагүй, хариуцлага алдсан, таван хүний амь нас эрсдэхэд хүргэсэн буруутнаар тодорсон юм.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Шүүхээс Ч.Амарболдод 6.6 жилийн хорих ялж оноож, Өршөөлийн хуульд хамруулснаар 3.6 жилийн ялыг эдлэхээр болж байлаа. Түүнийг  Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутган шүүхээс ялласан юм.

Хошууч генерал цолыг нь бүр мөсөн хураах эсвэл бууруулж бригадын генерал цолтой үлдээх гэдэг тодорхой биш байна. Ерөнхийлөгчийн зарлигт   цэргийн дээд цолыг хураасугай л гэсэн байсан.

 Онгоцны мотор наймаалсан Т.Дашдэлэг

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг. “МИГ-21” онгоцны моторыг БНАСАУ-д 679.8 мянган америк доллараар худалдахыг завдсан хэрэгт холбогдсон.

Түүнийг АТГ шалгаж байгаад Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тэндээсээ прокурорт шилжиж, шүүхээс 3.5 жилийн хорих ял авсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлэн хугацаанаас нь өмнө суллаж байв.

Хойд Солонгост онгоцны мотор худалдсан дуулиан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг хэлэлцэх үед хурцаар яригдаж, Б.Хурц “”Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан” тухай байнгын хорооны хурал дээр хэлж дуулиан тарьж байлаа.

Эдгээр гурван генералын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлигт гэмт хэрэгт холбогдож байсан тухайд дурдсан байдаг юм. Хошууч генералуудын цол буурч бригадын генерал болох уу, нэг мөр хураах уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.

А.Эрдэнэ

Эх сурвалж: Зиндаа. мн

By updown

One thought on “Цолоо хураалгасан дөрвөн генерал ямар хэрэгт холбогдож байв?”
  1. зөв энэ эх захаа алдсан алдар цолонд шунагчидаас цолоо буцаан хураан авч төрийн алдар цолны нэр хүндийг сэргээх хэрэгтэй ганцхан генерал цол ч төрийн шагнал гавьяат цол гээд бүгдийг нь хамруулж атестачлан шалгах хэрэгтэй цолыг нь нэн даруй хураавал зохих казино Энхбаатар сахал Билэгт нараас эхлэх хэргтэй мөн СО-с төрийн шагналыг нь хураа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн