УИХ-ын гишүүн Л.Болд Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож,шалгагдаж байгаа хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны хүрээнд хорих 461-р ангид очиж уулзаад ирсэн талаар тодрууллаа.
-Та хорих 461 дүгээр ангид очоод ирлээ. Ямар зорилгоор очив?
-Ойрын үед олны анхаарлын төвд байгаа Оюутолгойн гэрээний асуудлаар хоригдож, шалгагдаж хүмүүстэй Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд уулзаад ирлээ. Бүгдтэй нь уулзах хүсэлт тавьсан боловч эмнэлэгт хэвтэж байгаа Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах зөвшөөрөл өгсөнгүй. Бусад дөрвөн хүнтэй уулзлаа. Хорих нөхцөл байдал, хүний эрхийн нөхцөл байдал, хэргийн шалгалт, хуулийн хүрээнд хийгдэж байгаа асуудлууд, эрүүл мэндийн байдал гээд хүний эрхийн талаасаа танилцах бүх асуудлуудтай нь танилцлаа.
-Нөхцөл байдал ер нь ямар байна?
-Ер нь энэхүү баривчилгаануудын эргэн тойрон дахь гадаад дотоод нөхцөл байдлуудад сэтгэл зовних асуудал олон байна. Оюутолгойн гэрээний хүрээнд баривчлагдан, шалгагдаж байгаа тэдгээр хүмүүст эрүүл мэндийн тодорхой шалтгаанууд байгаад миний сэтгэл зовниж байна. Дээр нь зүгээр улс төр л хийх гээгүй бол эдгээр хүмүүсийг барьж, хорьж шалгах зайлшгүй шаардлага байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал, Б.Бямбасайханы хувьд 24 хоног хоригдож, шалгагдаж байгаа боловч нэг ч удаа байцаалт аваагүй байна.
Энэ бол нэг ёсны залхаан цээрлүүлэлт. Тэгэхээр бидэнд хүний эрх талаасаа маш их эргэлзээ үүсэж байна л даа. Энэ бүх асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог удирдлагатай болгож, ойрын үед хуралдуулах ёстой. Мэдээж хэрэг хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн аливаа хүн, хэн ч шалгагдах нь нээлттэй. Гэхдээ цаанаа хүний эрх талаасаа ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх үр дагавраа бид олон талаас нь тооцох шаардлагатай гэж бодож байна.
-Хоригдож байгаа нөхцөл байдал ямар байгаа юм бол, ямар хүмүүстэй хоригдож байна?
-Өнөөдрийг хүртэл долоо хоногт нэг удаа ар гэрийнхэнтэйгээ уулзах бололцоо олгож байгаа. Өмнө нь ХЭҮК-ын дарга очиж нөхцөл байдалтай танилцсан. 461 бол урьдчилан хорих төв. Тэнд байгаа 800 гаруй хүнтэй бүгдтэй нь л ижилхэн нөхцөлд байна. Бидэнд муу туршлага бий шүү. Шалгагдаж байгаад эрүүл мэндийн талаар анхаарах ёстой байсаар атал арга хэмжээ авахгүй буруу хандсанаас хүний амь эрсдэж байсан ч тохиолдол бий. Цаашдаа асуудал гаргаад зугтаагаад, мөрдөн байцаалтад саад болоод байхгүй тул бүрэн үнэн мөнийг нь тогтоогоод явчих боломж байгаа гэдгийг л хуулийн байгууллагууд анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
-Б.Бямбасайханы хувьд нэг ч удаа тайлбар аваагүй гэж байна. Бусад гурван хүний хувьд?
-Хоёр нь нэг удаа, нэг нь гурван удаа байцаалт өгсөн нөхцөлтэй л байна.
-Одоо /өчигдөр 18:00 цаг/ ажлын цаг дуусаж байхад та ямар учраас АТГ дээр ирж байна?
-Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас зөвшөөрөл аваад хоригдож байгаа хүмүүстэй уулзсан. Зөрүүлээд надад өөрт бас мэдэгдэл өгсөн л дөө. Их хурал дээр Нээлттэй сонсгол хийж иргэдийн зовлон бэрхшээлийг сонссоныг та бүхэн мэдэж байгаа. Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол хийе гэсэн, зөвшөөрөөгүй. Арга буюу тэр олон иргэдийн өргөдлийг УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээж аваад нээлттэй сонсгол хийсэн.
Түүнийг буруутгасан байдлаар Б.Хурц өргөдөл өгсөн байгаа. Үүний дагуу хэрэг нээх үү, үгүй юу гэдэг асуудлаа шийдэж байгаа байх. Хуулийн байгууллага ямар ч ч асуудлаар хүнийг шалгах эрх нээлттэй. Гэхдээ хуулийн өмнө адилхан байх хэрэгтэй. Б.Хурц гэж хүн намайг аймшигтай хүнд гэмт хэрэгт гүтгээд зургаан cap болж байна. Зургаан cap би шүүхийн үүд сахиж байгаа.
Б.Хурцын гэр орон тодорхой хаяг дээр байдаг, гэтэл шүүхээс хаяг нь тодорхой бус гэж үзээд байгаа. Тэгсэн мөртөө энэ хооронд Б.Хурц Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхэд яг тэр хаягаараа ялчхаад байгаа. Нээлттэй сонсголын асуудалд ч гэсэн энэ хаягаараа л хуулийн байгууллагад хандаж таарна аа даа. Биднээс мэдүүлэг тайлбар аваад шалгаад байдаг. Нөгөө талд нь хаяг нь тодорхой бус гэсэн тайлбартай тэр хүн хэзээ хуулийн өмнө ирж үнэн үгээ хэлэх юм бэ. Надад ч гэсэн хуулийн өмнө тэр хүний талаар ярих юм маш их байна. Тэр бүгдийг би гудамжинд хэвлэл мэдээлэлд ярих учиргүй. Яагаад гэвэл энд Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдах учир. Гэтэл би хуулийн байгууллагад үнэн мөнийг нь тогтоолгох гээд зургаан cap болж байдаг.
Эх сурвалж: “Өглөөний сонин”