Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 46-р тогтоолоор батлагдсан журмын дагуу Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон.

Өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсныг энэхүү журмаар зогсоосон юм. Шинэ журам тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Энэхүү Оюутны хөгжлийн зээлийн журмыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсролын зээлийн сангийн хамт олон зээл олгох бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

Тус сан одоогоор зээл авах хүсэлт гаргасан оюутан залуучуудын зээлийг хурдан шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа гэнэ. Уг сан суралцаж буй их, дээд сургууль дээрээ зээл авахаар хүсэлт гаргасан оюутан залуучуудын мэдээллийг хүлээн авч, хянаж санхүүжилт олгох, улмаар Монголбанкны зээлийн мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Боловсролын зээлийн сангийнхан их, дээд сургуулиудтай хамтран сургалтын төлбөрийн асуудалтай 50 орчим мянган оюутан байна гэсэн судалгааг хийжээ. Төлбөрөө төлөөгүй оюутнуудын ихэнх нь бүтэн биш, хагас жил, нэг улирлын төлбөрөө хийгээгүй байгаа аж.

Тиймээс энэ хичээлийн жилийг дуустал буюу зургадугаар сарыг дуустал төлбөрийн асуудалтай оюутнуудын 30 орчим хувьд нь зээл олгохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ хүрээнд зээл авах оюутнуудын хяналтын тоог батлуулж, тавдугаар сарын 1-ний дотор бүх сургуулиудад хүргүүлэх аж.

Энэ жилийн төсөвт оюутнуудад зээл олгохоор 75 тэрбум төгрөг төсөвт суусан юм байна. Үүнээс эхний ээлжинд зээлийн шаардлага хангасан 33 мянга гаруй оюутанд зээл олгох гэнэ. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахад зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан байх, боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байх,мөн шинээр элсэгч бол ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх, бакалаврын оюутны голч дүн 2.8-аас, магистр, докторантурынх 3.2-оос дээш байх ёстой. Мөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаг бол түлхүү дэмжлэг авна. Барьцаа болон хүүгүй, банкаар дамжихгүй олгогдох тус зээлийн хугацаа 10 жил байх бөгөөд сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргэн төлөх ёстой ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн