Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны хор уршиг, үйлдвэрлэл, жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах тухай мэдээлэл хийлээ.
Монголын зах зээл дээр хуурамч шатахуун худалдаалагдаад олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Нефтийн туслах бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор хуурамч шатахуун үйлдвэрлэх бодисууд орж ирэх болсон. Хоёр жилийн өмнө яригдаж байсан энэ асуудал өдгөө улам газар авах хандлагатай болсон тухай Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал онцолсон. Ингээд холбогдох хүмүүсийн яриаг хүргэе.
“Хуурамч шатахууныг өнцөг булан бүрт шатахуун хэлбэрээр заран борлуулж ашиг олж байна”
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр “Монгол улсын хилээр 2016-аас 2017 онд нийтдээ 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бүтээгдэхүүнийг манай улсын өнцөг булан бүрээр шатахуун хэлбэрээр заран борлуулж ашиг олж байна. Үндэстэн дамнасан корпараци монголын улс төрийн бүлэглэлтэй нийлж ард түмнээ мөлжиж байна.
Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 286 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Гаалийн татвар төлсөн тохиолдолд нэг вагон тутамдаа 12 сая төгрөгийн татвар ноогдуулах байсан. Гэтэл татвар тэглэснээс болоод бид энэ их мөнгийг алдсан. Өнгөрсөн хугацаанд татвар авсан бол 60 тэрбум төгрөгийн татвар улсдаа төлүүлэх боломжтой байж. Бас л алдсан.
“Найруулсан шатахууны хэрэглээ сүүлийн гурван жилийн хугацаанд асар хурдтай өссөн”
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр “”Трафигура” компани дэлхийд 36 салбартай. Нефтийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй компани. Харин зарах борлуулах эрхгүй компани юм. Монголын шатахуун түгээж байгаа компаниудаар зарж байгаа гэх хардлага бидэнд байгаа.
Зарж байгаа гэсэн баримт бидэнд байхгүй. Зарж борлуулж байгаа газар нь Багахангайд байна. Өнөөдөр үүнийг импортлож байгаа 14 компани байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тоо хэмжээ асар хурдтай өссөн. Энэ автомашины апуртурыг үгүй болгодог. Апуртур гэдэг нь дизель автомашины ерөөсөө зүрх гэсэн үг. Дезель түлшний үнийн хувьд 1400-1500 төгрөгийн хооронд худалдаалж байна.
“Өр зээл тавьж авсан автомашинд хуурамч шатахуун хийснээр амархан эвдэрдэг”
Жолооч Ж.Лхагва “ Миний мэдэхээр Багахангайд байдаг “Трафигура” ШТС-т гурван жил хуурамч бинзенийг худалдаалж байна. Найруулсан түлш гээд байгаа энэ бинзен нь их үнэртэй. Өнгөний хувьд саарал. Үүнийг байнга хэрэглэснээр автомашины эдэлгээг маш богино болгодог. Аваад удаагүй байгаа машиндаа дахиад өндөр өртөгтэй засвар хийнэ гэсэн үг. Зарим хүмүүс том даацын тэргийг зээл тавьж авах юм уу байгууллагын тэрэг унадаг. Тэгээд өр зээл тавин байж авсан автомашинд хуурамч шатахуун авч хийхээр маш хурдан элэгддэг. Өөрөөр хэлбэл жолооч машинаа 6 жил ашиглах байлаа гэхэд 1 жил болоод эвдэрчихдэг.