“Титаник” хөлөг онгоцонд ашиглагдаж байсан анхны үдийн зоогны цэс Их Британид болсон дуудлага худалдаанд 140 мянган ам.доллароор зарагджээ. Дуудлага худалдаа Девицес хотын Henry Aldridge & Son дуудлага худалдааны газар болсон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлжээ.
Тус цэс нь “Титаник” хөлөг онгоцны хоёрдугаар офицер Чарльз Лайтхоллерт байсан бөгөөд хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд анхны аялалаа хийхээр Их Британийн Саутгемптон хотоос Нью-Йоркийн зүг хөдлөхөөс өмнө Ч.Лайтхоллерт цэсийг эхнэртээ үлдээж байжээ. Тэрбээр ослоос амь үлдсэн хамгийн настай офицер байсан бөгөөд 1952 онд таалал төгссөн байна. Тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн том хөлөг онгоцны үдийн зоогны үндсэн хоолны цэсэнд үхэр болон тахианы махтай шөл, шарсан тахиа, бууцаатай хурганы мах болон гахайн мах, хачиранд нь вандуй, цэцэгт байцаа болон чанасан төмс, царцмаг, амттаны төрөлд лийр, бялуу мөн кофе багтаж байжээ.